С.Бямбацогт: АН итгэл эвдлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.12.22
Улстөр

С.Бямбацогт: АН итгэл эвдлээ

АН-ынхан засагт хамтрахдаа өгсөн амлалтаасаа буцаж байгаа талаар МАН-ынхан мэдэгдэх болсон. Үүнтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар мэдээлэл хийлээ.

С.Бямбацогт "Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тавьсан саналыг МАН Бага хурлаараа хэлэлцэж засагт хамтрах шийдвэр гаргасан. Бид албан тушаал бодож Засгийн газарт хамтраагүй. Бид тулгамдсан асуудлыг шийдье, улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавья, эдийн засгийн уналтыг зогсооё, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлье гэдэг үүднээс Засгийн газарт хамтарсан.

Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, ард олны амьдрал хүнд байна. Тиймээс манай нам ачааны хүндийг хуваалцаж үүрье, хариуцлагыг ч мөн хуваалцъя гэдэг үүднээс засагт хамтарсан. Харамсалтай нь Засгийн газрын хуралдаанаар дэд сайд нарыг томилохдоо намуудын тохиролцооноос буцсан. Зөвшилцөл ёсоор МАН-д долоон дэд сайд, АН, ИЗНН-д нийлээд тав, "Шударга ёс" эвсэлд гурван дэд сайдын суудал хуваарилна гэж тохирсон. Бид анхнаасаа Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг цомхон, төрийн албыг чадварлаг байлгах шаардлага тавьж байсан.

15 дэд сайдыг 17 болгон нэмэгдүүлэх данхайсан бүтцийг оруулж ирсэн

Хамтарсан Засгийн газрыг 19 сайдтай байлгах эрх баригч намын шаардлагыг арга буюу хүлээн авсан. Гэвч дахиад л 15 дэд сайдыг 17 болгон нэмэгдүүлэх данхайсан бүтцийг оруулж ирсэн. Мөн дөрвөн яамны төрийн нарийн бичгийн даргыг асуудал эрхэлсэн сайдтай нь зөвшилцөхгүйгээр "хулгай"-гаар, нууцаар томилсон явдал нь итгэлцэл, зөвшилцөл, ойлголцлын үндсэн дээр хамтран ажиллах явдлыг үгүйсгэж байна.

Итгэлцэл, ойлголцол байхгүй бол цаашид хамтарч ажиллахад хүнд. Иймээс Ерөнхий сайдыг бүлгийн хуралдаанд дуудаж, энэ асуудлаар тайлбар сонсч, гаргасан алдаагаа эргэж харж засахыг шаардсан.

ШИНЭ МЭДЭЭ