Ж.Эрдэнэбат: Урт хугацааны хөнгөлөлттэй зээл рүү өрийн бүтцийг шилжүүлэх боломж хайх ёстой
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат
2014.12.17
Эдийн засаг, Худалдаа

Ж.Эрдэнэбат: Урт хугацааны хөнгөлөлттэй зээл рүү өрийн бүтцийг шилжүүлэх боломж хайх ёстой

УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Та эдийн засаг хүнд үед Сангийн сайдаар томилогдлоо. Эдийн засгийн нөхцөл байдал яг одоо ямар байна вэ?

-Монголын эдийн засаг хүнд байгаа нь ард түмэнд хэдийнэ мэдрэгдчихсэн. Сангийн сайдын албан тушаалд томилогдоод төсвийн нөхцөл байдалтай танилцаж байна. Эдийн засаг хүндэрсэнтэй холбоотойгоор төсвийн байдал хүндэрчихпээ. Эдийн засгийн өсөлт таван хувьдаа хүрч байна уу үгүй юу гэх хэмжээнд байгаа юм. Нэг талдаа эдийн засгийн өсөлт гараад бай гаа гэх хэдий ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад төсвийн ач холбогдол төдий л өөрчлөгдөхгүй.

Эдийн засгийн өөрчлөлт гарч байгаа бол үр өгөөж нэмэгдэнэ. Харамсалтай нь ийм байдал ажиглагдахгүй байгаа тул бодит нөхцөл байдал дээр эдийн засгийн өсөлт алга байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Хэрэв эдийн засаг өсөлттэй байсан бол тодорхой хэмжээнд төсвийн орлогод нөлөөлөх ёстой. Төсвийн орлого нэг их наядаар тасарчихлаа. Үүнээс болж төсвийн зарлага санхүүжилт маш эрсдэлтэй байдалд хүрчихсэн.

Монгол Улсын өр аль хэдийнэ хуулийн босгоо давчихсан. Хуулинд бариулах ямар ч бололцоо байхгүй тул ДНБ-ий хэмжээ өсөхгүй байна. Өмнө эдийн засгийн өсөлт 10- аас дээш хувьтай явж байгаад одоогийн нөхцөл байдалд хүрэхэд ДНБ-ий 40 хувьд хүрнэ гэж тооцсон байх. Гэтэл бодит байдал дээр эдийн засгийн өсөлт тун тааруу байгаа. Нөгөө талдаа өмнөх Засгийн газруудын 20 гаруй жилийн хугацаанд тавьсан өрийг хоёрхон жилийн дотор тавьсан тул энэ нь хүндрэх шалтгаан болж 50 гаруй хувьтай он дамжих төлөвтэй байгаа юм.

-Өрийн таазыг нэмэгдүүлэх хэрэгтэй, хэрэггүй гэсэн зүйлс яригдаад байгаа. Ирэх оны төсөвт уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдэх үү. Эдийн засгийн сэргэлт 2015 онд ямар байх бол. Засгийн газар солигдож намууд хамтарч байгаа тул хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ гээд байна?

-Засгийн газар шинээр байгуулагдсанаар олон улсад улс төрийн нөхцөл байдал тогтворжлоо гэсэн мессэжийг авч байна. Энэ нь нэг үзүүлэлт мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ үзүүлэлттэйгээр бүх зүйл сайн сайхан болчихно гэж хэлэхэд тун хэцүү. Гадаадын хөрөнгө оруулагч байгууллага, санхүүгийн корпорациудтай хамтран ажиллах нөхцөл боломжоо өргөжүүлэх хэрэгтэй.

Түүнчлэн Монгол Улсын талаарх гадны хөрөнгө оруулагчдын сөрөг хандлагуудыг цэгцлэх зайлшгүй шаардлагатай. Улс төрийн нөхцөл тогтвортой болчихлоо гээд гадныхан тэр бүр хөрөнгө оруулаад байхгүй л дээ. Хууль хяналтын байгууллага нь бизнес эрхлэгчидтэйгээ хэрхэн харьцаж байна, улс төр нь тогтвортой байдаг юм уу, үгүй юм уу, хууль эрхзүй, гаалийн орчин нь ямар вэ, тэр бүү хэл уур амьсгал хүртэл хөрөнгө оруулагчдад ямар байна гэдэг нь чухал байдаг. Хөрөнгө оруулагчид өөрсдийн хөрөнгийг тухайн улсад оруулж байгаа тул эрсдэл хүлээхээс болгоомжилдог.

Баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа явуулах, баялаг бүтээх боломжийг нь энэ Засгийн газар бий болгох шаардлагатай.

Эрсдэл хүлээхгүйн тулд банк санхүү, даатгалын орчин ямар байна гээд дээр хэлсэн бүх зүйл дээр судалгаа хийж орж ирнэ. Гадны хөрөнгө оруулагч хөрөнгөө оруулах бүх нөхцөл бололцоог нь бүрдүүлэхийн тулд энэ, олон шаардлагуудаас зөвхөн нэг нь л улс төрийн тогтвортой байдал юм. Тиймээс бусад зүйлсээ зайлшгүй сайжруулан ажиллах ёстой. Үндэсний үйлдвэрлэгчдэд сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт гарахгүй байгаа гол шалтгаан нь тэдний үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотой.

Үндэсний үйлдвэрлэгчид хаалгаа барьсан, үйл ажиллагаагаа зогсоосон байдал сар бүр нэмэгдэж байна. Тиймээс үндэсний үйлдвэрлэгчдээ сэргээн дэмжих, тэднийг санхүүгийн бодлогоор хэрхэн дэмжиж болох вэ гэдэг бодлогыг гаргах ёстой. Нэг талдаа бид гадны хөрөнгө оруулалтыг татаж Монгол руу валютын урсгалыг нэмэгдүүлж, дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжин урамшуулах хэрэгтэй байна. Баялаг бүтээгчдийн үйл ажиллагаа явуулах, баялаг бүтээх боломжийг нь энэ Засгийн газар бий болгох шаардлагатай.

-Төсвийн бодит бус төлөвлөлтүүд орж ирж байна гэсэн шүүмжлэл их гарч байна...

-Бодит төлөвлөлтийг бий болгохын тулд нэг талдаа тэвчиж болох зардлуудаа зайлшгүй тэвчих, хасах хэрэгтэй. Нөгөө талдаа эдийн засгаа сэргээж, баялаг бүтээгчдээ дэмжин төсөвт орох орлогоо нэмэгдүүлнэ. Ингэж хоёр талын арга хэмжээг авахгүй бол нэг талдаа магадгүй эдийн засгаа дэмжиж байна гээд төсвөө хэтэрхий тэлснээс болж төсвийн дэмжлэг нь төлөвлөлтийн алдаанаас болоод байхгүй болж байгаа тохиолдолд эдийн засгаа татаж унагах хэмжээнд очдог.

Тиймээс нэг талдаа орлого талаа барьсан бодлого байж болохгүй. Орлогоо нэмснээрээ зарлагаа өсгөөд байх юм бол төсвийг эрсдэлд хүргэдэг. Төсөвлөсөн зардлаа санхүүжүүлэх бололцоогүй болж байна гэдэг маань өнөөдрийн нөхцөл байдлыг бий болгосон. Тиймээс тэвчиж болох зардлаа бууруулж, орлого нэмэгдүүлэх бүхий л боломжийг бүрдүүлэх хэрэгтэй.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хүмүүс их хүлээж байна. Уг хуулийг хэзээ батлуулах боломжтой вэ?

-Уг хуулийн төсөл өмнө нь нэг орж ирээд буцсан. Ямар хэлбэрээр хэрхэн хуулийг батлах вэ гэдгээс их зүйл хамаарна. Бусад орнуудад ийм байдлаар эдийн засгаа сэргээх, далд эдийн засгаа илрүүлэх нөхцөл бололцоог бүрдүүлэхийн тулд уг хуулийг боловсруулдаг. Энэ нь Монгол Улсад ч гэсэн байдаг.

Нэгэнт Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргана гэчихсэн байгаа тохиолдолд бизнес эрхлэгчдийн дунд хүлээлт үүсэх магадлалтай. Тэгэхээр нэг талдаа уг хуулиа шууд зарлачих хэрэгтэй байгаа юм. Далд эдийн засгаа ил болгосон бол танд хариуцлага тооцохгүй гээд хэлчих хэрэгтэй. Өмнө нь Монгол Улсад энэ чиглэлээр хууль гарч байхад маргаантай асуудал гарсан нь татвар төлөөгүй хүмүүс татвар төлсөн хүмүүсийнхээ дэргэд хохиролтой болчихдог байлаа.

Тиймээс үүнийг ижил түвшинд аваачих ёстой. Магадгүй хувь  хэмжээг нь бууруулж болно. Татварын тань тэдэн хувьд өршөөл үзүүлье гэдэг ч юм уу. Байнга татвараа төлөөд ирсэн хүмүүст нэг сарын татварын хөнгөлөлт үзүүлдэг ч юм уу явах хэрэгтэй байна. Ингэж баялаг бүтээгчдэд хандсан өршөөлийн хууль гарч байгаа бол бүгдийг нь тэгш хамруулахаар тооцох ёстой. Гэхдээ одоогийн хуульд ийм зүйл байхгүй байгаа.

-Зарим гишүүдийн зүгээс 2014 оны төсвийн тодотгол худлаа орж ирсэн. Ирэх оны төсөв ч гэсэн үүнтэй уялдаад шал худлаа болно гэдгийг хэлж байна.Төсвийн тодотголын тал дээр байр сууриа илэрхийлэхгүй юу?

-Би арванхоёрдугаар сарын 10-нд ажлаа авсан. 12- нд төсвийн тодотголоо өргөн барьсан. Энэ асар богино хугацаанд хийгдсэн ажил л даа. Төсвийг бодит байдал руу оруулна гэдэг нь нэг их наяд төгрөгөөр орлого тасарсан байгаатай холбогдуулаад орлогын бодит түвшинд аваачна гэхээр нэг их наядаар хасна гэсэн үг. Нэг их наядаар хасахын тулд зарлагаа нэг их наядаар зайлшгүй бууруулах шаардлагатай.

Арванхоёрдугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс өмнө батлагдсан хуулийнхаа дагуу бүх зардал, зарцуулалтаа гаргаад явчихсан. Өнөөдөр нэг их наядад бариулж хасах зардал Монгол Улсад хөрөнгө оруулалт дээр 490 тэрбумаас өөр зардал байхгүй. Тиймээс орлогын тасалдал, дансны үлдэгдлийг сангууд болон бусад төрийн байгууллагуудын дансанд байсан үлдэгдлийг ашиглах журмаар орлогын тасалдлыг нөхөөд явчихсан.

Энэ бодит байдалд нь аваачих нөхцөл бололцоо хугацааны хувьд алга. Түүнээс биш Эрдэнэбат гэдэг хүн ажил аваад хоёр хоногийн хугацаанд төсөл өргөн барьсан хугацааны асуудал биш. Хоёр хоногт бид бодит байдал руу нь ойртуулахын тулд ажиллах бололцоо байсан уу гэвэл байсан. Санхүүгийн жил дуусахад 10 гаруйхан хоног дутуу байгаа үед бодит байдал руу оруулах боломж байдаггүй байхгүй юу. Үүнийг бүгдээрээ сайн мэдэж байгаа.

Яаж санхүүжүүлсэн байна вэ гэдгээр нь авч үзэх юм бол Монгол Улсын төрийн сан 717 тэрбумын хасах үлдэгдэлтэй байна.

Яаж санхүүжүүлсэн байна вэ гэдгээр нь авч үзэх юм бол Монгол Улсын төрийн сан 717 тэрбумын хасах үлдэгдэлтэй байна. Сандаа мөнгөгүй болохоор бусад хүмүүсийн мөнгийг хэрэглэчихсэн байхгүй юу. Үүгээрээ тасалдлаа нөхчихсөн. Бид хийгдээгүй зарим хөрөнгө оруулалтын ажлуудыг хасаад оруулж ирэх боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ тэрийг хасч орж ирснээрээ төсөв тэрбумаар зарлага нь хасагдаад, тэрбумаар орлого нь буурчихгүй.

Заавал тэгж оруулж ирж байхаар байгаа боломжиндоо тааруулаад санхүүжилтээ хийх гээд оролдоод үзье гэсэн. Хөрөнгө оруулагчид санхүүжилт гаргахгүй байгаагаас улбаалан ирэх оны төсөв дээр маш том ачаалал ирдэг. Нөгөө талдаа аж ахуй нэгжүүд банкнаас зээл авсан бол хүүгийн дарамтад ордог юм. Төр хувийн хэвшил аль алинд нь дарамт үүсээд байдаг тул дарамтыг нэг талд нь гаргая гэж байгаа юм.

-Яаж?

-Ингэхийн тулд Засгийн газар 2014 оны төсвийн тухай хуулиараа бонд гаргах тодорхой орон зай бий. 1.4 их наядтай он дамжих ёстой хуулийг бид баталсан. Ингээд явах бололцоо бий. Хувийн хэвшил дээр үүсээд буй дарамтыг байхгүй болгож, төр ачааллаа өр хэлбэрээр аваад явах бодлого барих хэрэгтэй байх. Бид 2015 оны төсвийн тодотголыг боловсруулж байна. Төсвийн  тодотгол боловсруулж байхдаа 2016 он руу шилжих төсвийн хөрөнгө оруулалтын дарамт тодорхой хэмжээнд буурах магадлалтай. Ийм л зорилгын үүднээс ямар нэгэн хөдөлгөөн хийлгүйгээр бүтэцтэй холбоотой Засгийн газрын өрийн бичиг хэлбэрээр гаргасан өрийн бичгийн төлбөрийг төлөх төсвийн тодотголыг хийсэн.

-Сангийн яам бонд гаргах гээд байгаа юм уу?

-Монгол Улсын дотоод бондын өр 2.4 их наяд болчихсон. Хуулиндаа бол Засгийн газрын дотоод бондын шилжих үлдэгдэл 1.4 их наяд байхаар хуульчилсан. Энэ хуулинд нийцүүлэн бонд гаргах бололцоо байгаа. Хуулиндаа нийцүүлэн бонд гаргах бодолтой байгаа. Ингэхээр өрийн босгын асуудлыг ярьж эхэлдэг.

Тэртэй тэргүй Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиараа 40 хувь байна гэсэн өрийн босго бий. Өнөөдрийн байдлаар 52 хувь болох гэж байна. Ингээд төсвийн тухай хуулиа зөрччихсөн. Тэгэхээр бид цаашид өрийн бодлого дээрээ чанарын асуудлыг ярих ёстой. Хөнгөлөлттэй зээл рүү аль болох өрийг шилжүүлэхгүй бол богино, дунд хугацааны арилжааны зээлүүд төсөв дээр нэг талдаа үндсэн төлбөрийн, хүүгийн дарамт учруулж байгаа юм. Энэ дарамтаас салахын тулд урт хугацааны хөнгөлөлттэй зээл рүү өрийн бүтцийг шилжүүлэх боломжийг хайх ёстой.

Засгийн газрын хуралдаанаар яам, агентлагуудын албан хаагчдын тоог 15 хувиар цөөлөхөөр болжээ. Одоо ажилгүйчүүдийн эгнээ тэлэгдэх юм биш биз ?

Аль болох хүнд чиглэсэн бодлогуудаа буурууулахыг зорьж байгаа. Гэсэн ч нөхцөл байдал өөрөө хүнд байгаа тул ямар нэгэн байдлаар бүх юмаа чирч явсаар улсаараа дампуурах уу, наана нь бодлогын арга хэмжээ авч байгаад асуудлаа шийдвэрлэх үү гэдэг сонголт бидний өмнө тулгараад байна. Тиймээс иргэдэд өгч буй янз бүрийн халамжийн бодлогуудаа цэгцлэх ёстой.

-Цэгцэлнэ гэхээр иргэдийн халамжийг өгөхөө болино гэсэн үг үү?

-Хэлбэрийг нь арай өөрчилж болно. Бүр өгөхгүй байх ч тохиолдол бий. Нэгэнт мөнгөгүй байж бид худлаа хоосон мөнгө өгнө гэж төлөвлөж болохгүй. Үүнтэй холбоотой орон тооны цомхотголын асуудал байна 2012 онд 160 мянган төрийн албан хаагч байсан бол өнөөдөр 180 мянга болсон. Тиймээс эхний ээлжинд яамдын орон тоог 15 хувиар цомхотгоно гэсэн байдлаар өчигдөр (уржигдар) Засгийн газрын хуралдаан дээр шийдвэрлэсэн.

2015 оны төсвийн тодотголыг оруулж ирэхдээ 10, 15, 20 хувийг цомхотгох уу гэдгээ тогтоно. Үүнийг шийдэхээс өөр арга байхгүй. Тэгэхгүйгээр бүх хүмүүсээ данхайсан бүтцээр чирээд яваад байвал эдийн засгийн нөхцөл байдал, төсөв санхүү даахаа болино. Магадгүй Грекийн маш том хямрал шиг тийм хямрал руу аваачиж мэднэ.

Ийм хямрал руу очихгүйн тулд бид шаардлагатай бүхий л арга хэмжээгээ авна. Бид аль болох орлого зарлагынхаа балансыг барихын тулд цомхотгоно гэхээсээ илүүтэйгээр тэвчиж болох зардлаа хасъя гэж бодож байгаа. Монгол Улсын төсвийн 30 гаруй хувь нь цалинд зарцуулагддаг. Ингээд бодохоор долоон их наядын 2.1 их наяд нь цалинд явчихаж байна гэсэн үг. Ямар том бүтэц ажиллаж байна вэ гэдэг нь харагдаж байгаа биз.

2015 оны улсын төсөв 13 яамтайгаар батлагдсан. Гэтэл шинэ Засгийн газар томилогдсоноор яамдын тоо нэмэгдсэн. Одоо яаж төсвийг хуваарилна гэсэн үг вэ?

-Засгийн газрын бүтэц  өөрчлөгдсөн тул 2015 оны төсөвт тодотгол хийхгүй бол 2015 оны нэгдүгээр сарын 1 -нээс санхүүжилтийн асуудал хүндэрчихнэ. Тиймээс оны төсөвт бүтэцтэй уялдуулан зайлшгүй тодотгол хийх ёстой болж байгаа юм. Эдийн засаг хүндэрчихсэн энэ цаг үед нэмж орлого төвлөрүүлнэ гэдэг маш хүнд асуудал. Ирэх онд бид зөв бодлого, төлөвлөлт гаргаж байж эдийн засгийн сэргэлтийн эхний мэдрэмж оноос мэдрэгдэнэ. Түүнээс биш шууд ирэх онд эдийн засаг сэргэнэ гэдэг маш хүнд л дээ.

-2015 оны төсвийг батлахдаа иргэдийн цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхийн тулд 500 тэрбум төгрөгийг төсөвт суулгасан. Арай энэ мөнгө зарцуулагдахаа больж байгаа юм биш биз?

-Аль зардлаа хэрхэн тэвчих вэ гэдгээ Засгийн газар дээр ярьж байгаад тодорхой болсны дараа төсвийн тодотголыг өргөн барих байх.

-Өнгөрөгч баасан гаригт Олон улсын валютын сангийнхан уулзсан. Түүнээс хойш хэд хэдэн удаа гадныхантай уулзчихлаа. Эдийн засгийн талаар ямар яриа хөөрөө өрнөсөн юм бэ?

-Гадны санхүүжүүлэгч байгууллагуудтай уулзлаа. Бидний хэлж байгаа дүгнэлттэй санал нэг байгаа. Тэд ч гэсэн өөрсдөө судалгааны байгууллагууд тул нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг судалсан байна лээ. Цаашид хамтран ажиллах талаар Засгийн газар дээр ярьж байгаад шийдвэрт хүрвэл хамтран ажиллахад бэлэн байна.

ШИНЭ МЭДЭЭ