Уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгоно
УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар /2014.11.27/ Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
2014.11.28
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгоно

УИХ-ын чуулганы өчигдөрийн хуралдаанаар  /2014.11.27/ Соёлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. 

Соёл, спорт, аялал жуулчлалын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунгэрэл хууль санаачлагчийн илтгэлдээ, соёлын өрсөлдөөн дунд аль нэг соёлын дарангуйлалд өртөхгүй байх, өөрийн уламжлалт зан заншил, соёлоо хамгаалах, соёлын давтагдашгүй байдал, онцлогийг хадгалан даяаршихын тулд Монголынтүүх, үндэсний соёл, зан заншил, ахуйг харуулсан радио, телевизийн нэвтрүүлэг, хөтөлбөрийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. 

Телевиз, радио болон кабелийн сувгаар дамжуулагдаж буй уран сайхны нэвтрүүлгийн агуулгын зохистой харилцааг бий болгох, хэрэглэгчийг үндэсний эрх ашиг, соёл, хэл, зан заншил, хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, Монгол Улсад бүтээсэн бүтээлээр хангах, үндэсний соёл, зан заншлыг хөхиүлэн дэмжих шаардлагыг харгалзан Соёлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2 зүйл бүхий хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар үндэсний соёлыг хамгаалах хэрэгцээ өсч, үндэсний уран бүтээлчдийн эрэлт сайжирч, ажлын байр нэмэгдэнэ гэж салбарын яам үзэж байгаа аж.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн  С.Бямбацогт асуулт асууж тодруулав.

С.Бямбацогт: Улстөржсөн, түүх гуйвуулсан, тархи угаасан нэвтрүүлгээс хэрхэн сэргийлэх, хамгаалах вэ?

Хууль учир дутагдалтай орж ирсэн санагдаж байна. Төсөлд уран сайхны хөтөлбөрт нэвтрүүлэг гэж  уран сайхны кино, теле жүжиг, телевизийн олон ангит кино, хөгжөөнт хөтөлбөр, тоглолт, баримтат болон хүүхэлдэйн кино, нэвтрүүлгийг хэлнэ. Эдгээрт тодорхой хязгаарлалт, шалгуур тавих уу. Үүний цаана улстөржих, түүхийг гуйвуулах, бүдгэрүүлэх, тархи угаах нэвтрүүлэг хийгээд эхэлвэл монгол хүн хийсэн юм чинь монгол нэвтрүүлэг гэж үзэх үү? Мөн үндэсний нэвтрүүлэг, кино гэж зохиолч, найруулагч, продусерийн аль нэг нь Монгол улсын иргэн байвал үүнийг монгол контент, өв гэж үзэх юм уу. Улстөржсөн, түүх гуйвуулсан, тархи угаасан нэвтрүүлгээс хэрхэн сэргийлэх, хамгаалах вэ?

МОНРТВ нийт нэвтрүүлгийн 60 аас доошгүй хувь нь хүүхдийн, 70 аас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байх ёстой гэж байна. Одоо контет байхгүй ийм үед ирэх оны нэгнээс энэ хууль хэрэгжиж чадах уу? Мөн 5 тэрбум төгрөгийн асуудал бий. Үүнийг ямар шалгуураар олгох вэ?

Ц.Оюунгэрэл сайд. Ер нь ингэж квот тавьснаар асуудлыг амжилттай шийдэж зохицуулсан бусад орны туршлага байдаг.

Нэвтрүүлгийн агуулгад төрийн зүгээс оролцохгүй, харин үзэгчдээр үнэлүүлэх замаар чанарыг сайжруулж, өрсөлдөөнөөр шийдүүлэхийг зорьж байгаа. Уран бүтээлчдийн өргөдөл, хүсэлтийг Соёл, урлагийг хөгжүүлэх санд ирэх оны 2 дугаар сарын 26-ыг хүртэл битүүмжлэн хүлээн авахаар төлөвлөж байна. Төслүүдийг телевиз, радио, кино гэсэн чиглэлээр хүлээн авч шалгаруулах ажлын хэсэг гаргаж ажиллуулах юм. Гол нь оюуны өмчийн ямар нэг зөрчилгүй байх шаардлагыг хангасан байх ёстой гэдгийг хэллээ.

Хуулийн төсөлтэй холбогдон гишүүд санал хэллээ.

Г.Баярсайхан: Телевизүүдийн унд нь авлигалын уралдаан зарлаж яах гээд байгаа юм  бэ?

Монгол агуу өв соёл, уламжлалыг үр хүүхдээ өвлүүлэх нь нэн чухал зүйл. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэхдээ улстөрчид авилгалаас ангид, эх орныхоо төлөө цохилох зүрхтэй байх ёстой. Энд 5 тэрбум төгрөгийн асуудал ярьж байна. Төрийн оролцоо хувийн хэвшилд орох хязгаарлах ёстой. Монголын нийгэмд өөрөө өөрсдийгөө авч явж байгаа хувийн телевизүүд бий. Эдгээр рүү төр оролцож, дунд нь авлигалын уралдаан зарлаж яах гээд байгаа юм  бэ?

Д.Батцогт. Хуулийг 5 тэрбум төгрөгтэй холбоод унагах гэж байгаа бол буруу шүү 

Өнөөдөр нийгэмд дандаа гадны кинонууд гарч байна, гадны соёлыг довтолгоо орж ирж байна гэсэн бухимдал байна. Үүнийг цэгцлэх шаардлага байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа. Хуульд мэдээж алдаа оноо бий байх. Би энэ хүрээнд Монголын телевизүүдийн холбооны удирдлагуудтай уулзсан. Ямар нэгэн байдлаар УИХ анхаараад, хэлэлцээд явах хэрэгтэй. Энд хааж боох гэж байгаа зүйл байхгүй. Байнгын хороо энэ талаар томоохон хэлэлцүүлэг өрнүүлье. Үүнийг тэр 5 тэрбум төгрөгтэй холбоод унагах гэж байгаа бол буруу шүү 

Хуралдаанд оролцсон 57 гишүүний 31 нь буюу 54.4 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэг бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ