Х.Болорчулуун: Монгол шиг өөрийн газрын тосноосоо 30-хан хувийг нь хүртдэг улс байхгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.11.28
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Х.Болорчулуун: Монгол шиг өөрийн газрын тосноосоо 30-хан хувийг нь хүртдэг улс байхгүй

Монгол Улс шинэ Ерөнхий сайдтай болсноор УИХ-ын гишүүн С.Баярцогтын анх санаачилсан Их эвлэрлийн Засгийн газар байгуулахаар хэдэн өдөр дараалан хуралдсаар байгаа ч одоогоор олигтой үр дүн гараагүй байгаа. УИХ-д суудалтай улстөрийн намууд их, бага, хуучин, шинэ гэлгүй эвлэлдэн нэгдэж байх зуур УИХ-ын бие даагчдын зөвлөл сөрөг хүчин болохоо мэдэгдээд байгаа. Өчигдөр өглөө УИХ-ын нэгдсэн чуулган эхлэхээс өмнө буюу аанай л эрхэм гишүүдийн ирц бүрдэхийг хүлээх зуур эрхэм гишүүн Х.Болорчулуунтай уулзаж тухайлсан нэг сэдвээр ярилцсанаа хүргэж байна. 

-Таны хувьд Дорнодын сонгогчдын итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон гишүүн. Дорнод аймгийн хувьд Монгол Улсад одоогоор тогтоогдсон газрын тосны нөөц баялагийн нэг гол цөм нь болж, түүхийгээр урагш нь зөөсөөр байгаа. Харин сүүлийн үед хоёр хөрштэйгөө худалдааны аливаа төлбөр тооцоог рубль, юаниар хийхээр яригдаж байгаа. Ингэсэн тохиолдолд манай улсын эдийн засагт ямар үр дүн гарах бол?

Ер нь дэлхий нийтээр гадаад худалдааны төлбөр тооцоог ам. доллараар хийсээр ирсэн. Харин сүүлийн үед манай хоёр том хөрш ам. долларын худалдаанаас татгалзах талаар ихээхэн хүч тавьж, эхний алхмуудаа ч хийгээд байгаа. Хамгийн гол нь улстөр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас шалтгаалан ОХУ ам. доллараас илэрхий татгалзаж, ихэнх худалдаагаа рубль, еврогоор хийж эхэллээ.

Монголчуудын хувьд ялангуяа хойшоо чиглэсэн худалдаагаа рублиэр хийхэд ам. долларын ханшийг дагаад рублийн ханш өсдөг байсан. Гэхдээ харьцангуй бага л даа. Нэгэнт л мөнхийн хөрш учир худалдаагаа шулуухан рублиэр хийгээд явчихвал бидэнд хамаагүй амар, хурдан болж, шууд харилцаа тогтоно.

Гэхдээ өнөөдөр Монгол Улсын гадаад худалдааныхаа 70-80 хувийг БНХАУ-тай хийж байгаа тохиолдолд гадаад худалдааг шууд юаниар хийх хэрэгтэй байгаа юм.

Хоёр хөршийн тэргүүнүүдийн айчлалын үеэр энэ талаар тодорхой тохиролцоонд хүрсэн болохоор удахгүй энэ ажил хэрэгжээд явах байх. 

-Ер нь гадаад худалдааны төлбөрийн асуудлыг тухайн жилийн мөнгөний бодлогод тусгаад явдаг юм уу, тусгайлсан дүрэм, журам гаргадаг уу? 

Урьд өмнө шууд рублиэр төлбөр тооцоо хийх тухай ерөөсөө яригдаж байгаагүй юм. Энэ жилээс л газрын тосны бүтээгдэхүүн худалдан авахтай холбогдон энэ асуудал нухацтай яригдаж эхлээд байгаа.

Монгол Улсын гадаад худалдаанд эргэлдэж байгаа валютын 60-70 хувийг зөвхөн газрын тосны бүтээгдэхүүнд зориулдаг. Үүнийг рубль, юаниар шууд хийдэг болчихвол ихээхэн хөрөнгө мөнгө, цаг хугацаа хэмнэх нь ойлгомжтой. 

-Хэрвээ бүх төлбөр тооцоогоо рубль, юаниар хийгээд явчихвал ямар нэгэн эрсдэл үүсэх болов уу. Энд маш их мөнгөний тухай яригдаж байгаа болохоор зайлшгүй анхаарал болгоомжлол, сэрэмжүүлэг байх ёстой болов уу?

Эдийн засгийн талаасаа эрсдэл үүсэх зүйл байхгүй. Харин улстөрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх нь вэ гэдгийг сайн анхаарах ёстой. 

Монгол Улсын гадаад худалдаанд эргэлдэж байгаа валютын 60-70 хувийг зөвхөн газрын тосны бүтээгдэхүүнд зориулдаг. 
Нийт гадаад худалдааны 60-70 хувийг зөвхөн газрын тосны бүтээгдэхүүн эзэлдэг гэлээ. Гэтэл таны сонгогдсон Дорнод аймгаас илэрсэн газрын тосыг Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр урагш нь зөөгөөд олон жил болж байна. Жишээ нь энэ гэрээнд тухайн орон нутагт хувь, хишиг хүртээх тухай заалт бий юу?

Газрын тосны бүтээгдэхүүн хуваах тухай гэрээ Монгол Улсад тун хохиролтой гэрээ болсон юм. Үндсэндээ 20 гаруй жилийн өмнө байгуулсан энэ гэрээг яаралтай өөрчлөх цаг болчихоод байсан юм. Гэтэл өнгөрсөн хаврын чуулганы хаалтын өдөр шөнийн 23:00 цаг хүртэл яаравчлан хуралдаж байгаад Газрын тосны тухай шинэ хуулийг хүч түрээд баталчихсан.

Энэ хуулинд лобби хийж, монголчуудад тун хохиролтой заалт оруулах сонирхолтой гишүүн, бүлэг байсан юм. Тэдний хүч, зүтгэлээр Газрын тосны тухай хууль сайтар шинэчлэгдэж чадаагүй. Яагаад гэвэл Монгол Улс өнөөдөр өөрийн газрын тосноос ердөө л 30 хувийг нь хүртэж байгаа. Харин дэлхий нийтийн жишиг хандлага бол 60-70 хувийг нь эзэн орон хүртдэг бичигдээгүй хуультай. Гэтэл өнөөдөр газрын тосны энэ их баялгаа бид зүгээр л хараад урагш нь ачуулсаар л байна. 

-Дорнодчууд нутаг орноо ашиглуулсны төлбөр зайлшгүй авах ёстой гэж их ярьдаг ч өнөөдрийн хувьд өдөрт урагшаа гарч байгаа вагоныг тоолоод л суухаас өөр юу ч хийж чадахгүй байна гэцгээх юм билээ. Ялангуяа Матад зэрэг сумын байгаль, экологи маш их бохирлогдож байгаа. Энэ талаар та юу бодож явдаг вэ? 

Газрын тос бол зүгээр нэг ашигт малтмалтай адилхан ганц уулын жалгыг ухаад авчихдаг эд биш. Ялангуяа олборлолтын үед хэд хэдэн сумын нутаг дамжаад явчихдаг, тэр хэрээр байгаль экологид ихээхэн хохиролтой үйл ажиллагаа байгаа юм. Маш их газар нутаг, бэлчээрийг талхалж, дахиж мөд сэргэхгүйгээр буртаглаж байгааг Матадад очиж газар дээр нь танилцсан хүн л хамгийн сайн ойлгож, мэдэрнэ.

Ялангуяа тухайн нутаг орны мал, ан амьтанд туйлын сөргөөр нөлөөлж байгаа. Сүүлийн үед цагаан зээр эрс хорогдож байгаа нь тэнд явагдаж байгаа газрын тосны үйл ажиллагаатай салшгүй холбоотой. Хуучин мөрдөгдөж байсан газрын тосны гэрээгээр газрын тос олборлохтой холбогдон Монголд гаргаж байгаа нийт зардлын 10 хувийг гадны эзэд нь захиргааны зардал нэрээр авдаг байсан. Гэтэл нутгийнхаа баялагийг төнхүүлж байгаа Дорнодчууд ганц хувийн ч татвар, орлого авч чадахгүй байгаа.

Газрын тосноос орж ирж байгаа бүх орлогыг шууд дээш нь татаж байна. Энэ хуваарилалт дэндүү шударга бус байгаа юм. Манай Дорнод аймгийн Баянхошуу боомтоор “Петрочайна Дачин Тамсаг” компанийн газрын тос тээвэрлэж байгаа аварга том машинуудын цувааг харсан хүн ямар их баялаг урагшаа урсаж байгааг бага ч гэсэн ойлгох болно.

Түүнээс гадна Матад суманд олборлолт явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компани аюулгүй байдлыг сахидаггүй, хайхардаггүйгээс олон удаа осол гарч газар нутаг, ард иргэдэд ч аюул учруулж байсан. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд “Петрочайна Дачин Тамсаг” компанийн нэг машин дэлбэрснээс болж хажууд нь байсан 10 машин шатаж, тэр хавьдаа бөөн бохирдол үүсгэж байсан. 

Хамгийн их хэлмэгдэн хохирч байгаа тухайн нутаг орны иргэд хоосон үлдэж байхад татвараар цугларсан орлогыг нь энд хэдхэн олигархи, цагаан захтай луйварчид хуваагаад хулгайлж идээд сууцгааж байна. Сая татварынхан ямар будлиан дэгдээснийг хүмүүс мэдэж л байгаа. Энэ мэтчилэн яриад байвал дуусахгүй. 

-Газрын тосны тухай хуулийг өнгөрсөн долдугаар сарын1-нд баталснаас хойш энэ салбарт ямар ахиц дэвшил гарав. Өмнө нь та энэ хуулийн төслийн ахлагчаар ажиллаж байсан байх аа. Хөрөнгө оруулалт нэмэгдсэн үү?

Энэ батлагдсан хуулийн түрүүчийн хуулийн төслийг миний бие ахалж байсан юм. Харамсалтай нь тэр хуулийн төсөл УИХ дээр очоод 32:32 тэнцээд батлагдаж чадалгүй уначихсан юм. Харин дараа нь наадмын өмнө, УИХ-ын чуулган өндөрлөх өдөр хүмүүсийн анхаарал сарнисан үед оруулж ирээд бараг хулгайн аргаар хүч түрээд батлуулчихсан. Яах вэ, энэ хууль батлагдснаар газрын тосны салбарт хөрөнгө оруулагчид нэмэгдэх хандлагатай байгаа л гэж ярьдаг юм билээ. 

Одоогоор эрлийн ажлын гэрээ байгуулах хорин хэдэн хүсэлт ирсэн дуулдсан. Үүний 80 орчим хувь нь уламжлалт бус газрын тосны салбарт хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм билээ. Газрын тосны салбарт хөрөнгө оруулахад өндөр эрсдэлтэйд тооцогддог. Гэхдээ энэ зэргийн санал ирж байгаа нь газрын тосны салбарт эрх зүйн орчин нь ялангуяа гадны хөрөнгө оруулагчдад тун таатай нөхцөл бүрдүүлснээр тайлбарлаж болно. 

-Нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэж олон жил ярьлаа. Ингэтлээ удааширч байгаагийн шалтгаан нь юу вэ?

Нефть боловсруулах үйлдвэр байгуулна гэж 10 гаруй жилийн турш ярьж байгаа нь үнэн. Яагаад өнөөг хүртэл бүтэхгүй байна вэ гэхээр юун түрүүнд түүхий тосны найдвартай эх үүсвэртэй байх ёстой л доо. Олборлож байгаа тос нь боловсруулах үйлдвэр ярих хэмжээнд хүрсэн байх шаардлагатай.

Харин сүүлийн үед боловсруулах үйлдвэр байгуулах хэмжээнд олборлогдож байгаа л гээд байна. Энэ салбарын мэргэжилтнүүдийн яриагаар бол ойрын хоёр, гурван жилд найдвартай эх үүсвэртэй болно гэсэн шүү. 

Газрын тосны талаарх судалгаа, дүгнэлтээс үзэхэд 2017 он гэхэд жилдээ нэг сая 500-600 мянган тонн газрын тос олборлох боломжтой болох юм гэсэн.
-Дарханд байгуулах үйлдвэр ер нь юу болсон юм бол?

Дарханд газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах тухай хааяа нэг яригддаг л юм билээ. Тэр ч байтугай өмнөх Засгийн газрын Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байсныг мэднэ. Дарханд боловсруулах үйлдвэр байгуулахтай холбоотойгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс өнгөрсөн дөрөвдүгээр сард зөвлөмж ч гаргасан байдаг.

Энэ нь өөрийн оронд олборлож байгаа тосон дээр суурилсан боловсруулах үйлдвэр байгуулах тухай зөвлөмж гэсэн. Дарханы боловсруулах үйлдвэрийн тухайд гаднаас импортоор оруулж ирэх тосон дээр суурилсан тооцоо судалгаатай байсан. Тиймээс уг асуудлыг эргэж харах нь ойлгомжтой л доо. 

-Уг нь төлөвлөгөө ёсоор өнгөрсөн хавар үйл ажиллагаа нь эхлэх ёстой байсан байх аа?

Тийм төлөвлөгөө байсан юм билээ. Хойшилсон шалтгаан нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан учраас дахиж судлах шаардлагатай гэж үзсэн байх. Хамгийн гол нь багагүй мөнгөний асуудал яригдах учиртай л даа.

Газрын тосны талаарх судалгаа, дүгнэлтээс үзэхэд 2017 он гэхэд жилдээ нэг сая 500-600 мянган тонн газрын тос олборлох боломжтой болох юм гэсэн. Энэ үед монголчууд бид өөрсдөө түүхий газрын тосоо нэрж бүтээгдэхүүн гаргах тухай ярьж болох байх л даа. 

-Нийт хэчнээн талбайд газрын тосны нөөц тогтоогдсон юм бол?

Яг нарийн тоог сайн мэдэхгүй байна. Миний дуулснаар газрын тосны хайгуулын 30 талбайн зөвхөн гурав, дөрөвт нь нөөц тогтоогдсон гэсэн. Нөөцийн хэмжээ нь 330 гаруй сая тонн буюу үүнээс 40 гаруй сая тонн нь ашиглалтын баталгаат нөөц гэнэ лээ. Сүүлийн жилүүдэд манай улс газрын тос олборлогч орон боллоо. Энэ жил гэхэд улсын төсөвт 200 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байгаа гэсэн. 

-Газрын тосны тусгай зөвшөөрөл аль газруудад олгогдсон юм бол? 

Манай Дорнодод нэг, Дорноговь аймгийн Зүүнбаянд дөрөв, Чойрт гурав, Дарханд хоёр тусгай зөвшөөрөл олгосон юм билээ. Зүүнбаянд хоёр сая орчим тонн ашиглалтын баталгаат нөөц байгааг тогтоосон гэсэн. Нэг жилд 50-60 мянган тонныг олборлож, экспортолж байгаа юм билээ. Үүн дээр суурилсан бага оврын боловсруулах үйлдвэр байгуулах тухай тооцоо судалгааг хийж байгаа дуулдсан.

ШИНЭ МЭДЭЭ