С.Бямбацогт: ЭЗ хямарсныг хүлээн зөвшөөрлөө
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.11.21
Улстөр

С.Бямбацогт: ЭЗ хямарсныг хүлээн зөвшөөрлөө

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.

Тэрээр Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ өмнө нь МАН илэрхийлж байсныг дахин тодотгоод энэ асуудлыг чуулганаар хэлэлцэхэд МАН-ын бүлгийн гишүүд оролцоогүй шалтгааныг тайлбарлав. Тэрээр "Хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан Н.Алтанхуяг алдаатай бодлого явуулж эдийн засаг, ард иргэдийн амьдралыг доройтуулсан.

Үүнд нь УИХ хариуцлага тооцож огцруулсан. Нэр дэвшигч Ч.Сайханбилэг нь хямралт байдлыг бий болгосны улмаас огцорсон Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан учраас бид дэмжээгүй.

Ийм хүн улс орныг хямралаас гаргаж чадахгүй гэж бид үзсэн. Тиймээс УИХ-д олон суудалтай нам, тус намтай хамтран ажиллаж байгаа нам, эвсэл өөрсдөө асуудлаа шийдэж, ачаагаа үүрч, хариуцлагаа хүлээх ёстой гэдэг үүднээс чуулганы хуралдаанд оролцоогүй" гэв. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Цаашдаа Ардын нам төрийн үйл ажиллагаанд яаж оролцох вэ?

-УИХ-ын үйл ажиллагаанд манай намын бүлэг идэвхтэй оролцож байгаа. Хамгийн сүүлд эрх баригч нам Ерөнхий сайдын асуудлыг бүтэн 14 хоног ярьж төсвөө ч  хэлэлцэх сөхөөгүй байх үед МАН санаачлага гаргаж улс орны 2015 оны төсвийг цаг хугацаанд нь батлуулсан. Бид улс орон, ард түмнийхээ төлөө цаашдаа идэвх санаачлагатай ажиллах болно.

-Шинэ Ерөнхий сайдын тухайд ямар бодолтой байна вэ?

-Сая чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайдаар томилогдсон Ч.Сайханбилэг хямралыг даван туулахын төлөө ажиллана гэдгээ хэлж, улс орон хямралтай байгааг хүлээн зөвшөөрлөө. Өмнө нь энэ хүмүүс Ардын нам л дандаа бүхнийг харлуулах юм гэдэг байсан. Харин Ч.Сайханбилэг хямралаас гаргахын тулд бүх анхаарлаа чиглүүлнэ гэж хэлсэн нь алдаагаа хүлээн зөвшөөрсний илэрхийлэл юм.

-Ерөнхий сайдыг томилох чуулганы хуралдаанд Ардын нам оролцсонгүй. Засгийн газарт Ардын нам хамтрахгүй гэж ойлгож болох уу?

-УИХ-д олон суудалтай нам ачаагаа үүрээд явах ёстой. Асуудлыг өөрсдөө бий болгосон, өөрсдөө шийдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.

-Сайдад нэр дэвшигчдийн асуудлыг шийдэх үед танай бүлэг чуулганы хуралдаанд оролцох уу?

-Хэнийг нэр дэвшүүлэхээс шалтгаалж тухайн үед асуудлыг ярьж байж шийднэ. Бид зөв бодлогыг дэмжиж, буруу бодлогыг шүүмжилж ажилладаг. Шинэ Засгийн газрын зөв бодлогыг дэмжинэ. Харин өмнөх шигээ буруу бодлого явуулбал хариуцлагын асуудал дахиад яригдана.

 

ШИНЭ МЭДЭЭ