Чүлтэм

Батсүх

Албан тушаал
Шинжлэх Ухааны Академийн Технологийн Инкубатор Төвийн захирал
Мэргэжил
Физикийн ухааны магистр
Салбар
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Туршлага
23 жил
Хөвсгөл далайг бохирдохоос хамгаалахад шинжлэх ухааны технологийн оролцоо
Шинжлэх Ухааны Академийн Технологийн Инкубатор Төвийн захирал
2014.11.19
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

Хөвсгөл далайг бохирдохоос хамгаалахад шинжлэх ухааны технологийн оролцоо

Хөвсгөл нуурын сав газар нь ховор, ховордож буй ан амьтан, жигүүртэн шувууд, ургамлаар баялаг, үзэсгэлэнтэй нутаг учраас түүнийг хамгаалах, аялал жуулчлал хөгжүүлэх, судалгаа шинжилгээ явуулахад зориулж 1992 онд тусгай хамгаалалтад авч, 1995 онд Тусгай хамгаалалттай газар нутаг(ТХГН)-ийн тухай хуульд нийцүүлэн Байгалийн цогцолборт газар(БЦГ)-ын ангилалд оруулсан. Цэнгэг ус, үзэсгэлэнт байгаль, онгон дагшин уул нуруудаараа гайхагдсан энэ нуур одоогоос долоон сая орчим жилийн өмнө үүсчээ. Мөрөнгөөс хойш 101, Улаанбаатараас 870 орчим километрт оршдог. Усны нөөцөөрөө Азид хоёрдугаарт, дэлхийд 14-т ордог, усны тунгалагшил, цэнгэг байдлаараа дэлхийд гуравдугаарт бичигдсэн. Үзэсгэлэнт далай ээжийн эргийн урт 414 км, өргөн нь 34-36 километр, гүн нь 262 метр бөгөөд далайн төвшнөөс дээш 1645 метр өндөрт оршдог. Түүнчлэн Сибирийн хадран, зэвэг зэрэг 12 зүйл загас амьдардаг. Хөвсгөл нуурт 46 гол горхи цутгах бөгөөд дэлхийн цэнгэг усны нэг хувийг эзэлдэг. Түүнээс Эгийн гол эх авч Сэлэнгэ мөрөнгөөр дамжин дэлхийн цэнгэг усны тавны нэгийг агуулдаг Байгаль нуурт цутгадаг болохоор Хөвсгөл нуурыг хамгаалах нь Байгаль нуурыг хамгаалахтай зайлшгүй холбоотой учраас Монгол орны төдийгүй олон улсын ач холбогдолтой юм.

Байгалийн өвөрмөц шинж, гоо үзэсгэлэн бүрдсэн энэ нуурын хамгийн гайхамшиг нь түүний цэнгэг ус юм. Эрдэс, давс, органик бодисгүй, уулын горхиных шиг тунгалаг устай нуурын хэдэн арван метрийн гүн дэх загас, чулуу хүртэл ил харагдах нь үнэхээр гайхалтай. Амьд бүхний эх ус билээ. Гэтэл дэлхийн хүмүүсийн тэн хагас нь уух усаар гачигдаж, усны нөөц бохирдох төдийгүй бүр хордох аюулд орж буй талаар мэдээллийн ямар ч сувгаар үзэж болно. Иймээс усны төлөө тэмцэл бол амьдралын төлөө тэмцэл юм. Энэ утгаар нь авч үзвэл Хөвсгөл нуурыг хамгаалах асуудал нэн онцгой билээ.

Гэтэл бид улс орондоо байтугай дэлхийд ховорхон цэнгэг усны эрдэнийн бумба болсон цор ганцхан нуураа дотор, гаднаас нь өөрсдөө хайр найргүй бохирдуулж байна. 1990-ээд оноос хойш Хөвсгөл нуурын цэнгэг ус, түүний хүрээлэн байгаа үзэсгэлэнт газар, зэрлэг ан амьтад, ургамлыг түшиглэсэн жуулчны баазууд байгуулах зөвшөөрлийг, тухайн газрын экологийн онцлог, даац, зам харилцаа, явуулах үйл ажиллагааны цар хүрээ, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийн үнэлгээг бодитойгоор хийлгүй нэг дор, нуурын эрэгт хэт ойрхон, эмх замбараагүй олгосноор тэдний өдөр тутмын үйл ажиллагаанаас гарах ахуйн хог хаягдал, хүний физиологийн ялгадас, хоол ундны үлдэгдэл, бохир ус зэрэг нь цас, борооны усаар дамжин хөрсөнд нэвчиж нуурт орсноор нуурын усыг бохирдуулах гол шалтгаан болж байна.

Хөвсгөл дэх аялал жуулчлалын хөгжлийн сөрөг тал

Аялал жуулчлал бол манай улсын валютын орлогын багагүй хэсгийг бүрдүүлдэг салбар учир сүүлийн үед эрчимтэй хөгжиж буй. Тэр ч утгаараа Хөвсгөл нуурын зүүн, баруун эрэг дагуу 70-80 километр үргэлжлэх газар нутагт өнөөдрийн байдлаар 50-60 жуулчны бааз, 24 гэр буудал, 22 отог ажиллаж байна. Эдгээр жуулчны баазуудын  анхдагч нь бараг 15 жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд ирж байгаа жуулчдын тоог 2001 оныхтой харьцуулахад гадаадынх 3,4, дотоодынх 4,0 дахин нэмэгдсэн. Үүнээс нуурыг зорин очих дотоод гадаадын жуулчдын тоо жилд тогтмол 6000-8000-ын хооронд хэлбэлздэг байна. Нийслэлээс Хөвсгөл нуур луу 780 километр явах замд цайны газрын гадна байрлах модон жорлонг эс тооцвол зам дагуу зориулалтын нийтийн бие засах газар, жорлон тааралдах нь ховор, бид бүхэн ч энэ байдалдаа дасан зохицсон мэт бууж суухдаа зам дагуу хаа тааралдсан газраа бие засдаг, харин гадны оронд 80-100 км тутамд зориулалтын нийтийн бие засах газар байдаг.

Энд дурдахгүй өнгөрч болохгүй өөр нэг асуудал бол жуулчны баазуудын ёроол нь цоорхой бохир ус хуримтлуулах ёмкостууд юм.

Сүүлийн үед Хөвсгөл нуурын эрэг дагуу үйл ажиллагаа явуулж байгаа жуулчны баазуудад тавих хараа хяналт суларснаас нуурын усыг бохирдуулах үндсэн нөхцөл бүрдэж байна. Дээр дурьдсанчлан 60-аад жуулчны бааз үйл ажиллагаа явуулж байгаа ба өөрөөр хэлбэл, бохир ус хуримтлуулах 60-аад ёмкост, жорлон хөрсийг бохирдуулах эх үүсвэр болж байна гэсэн үг. Иймээс хувь хүн, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчид төр засгийн байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран нуурыг бохирдлоос хамгаалах ажилд идэвхтэй оролцох үүрэгтэй болов уу.

Жуулчны баазууд өөрсдөө ариун цэвэр, эрүүл ахуй, байгаль орчны тухай хууль, дүрэм, журмыг сахин биелүүлж, үйлчлүүлэгчдэд орчныг бохирдуулахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн байхын зэрэгцээ тэдэнд санамж, анхааруулга өгч, журмыг танилцуулж, хяналт тавьж байх ёстой байтал мөнгийг нь авсан л бол боллоо гэсэн байдлаар тоомжиргүй хандаж байгаа нь дэндүү хариуцлагагүй асуудал юм.

Энд дурдахгүй өнгөрч болохгүй өөр нэг асуудал бол жуулчны баазуудын ёроол нь цоорхой бохир ус хуримтлуулах ёмкостууд юм. Ялангуяа нуурын эрэг орчмын жуулчны баазууд нь бохир ус тээвэрлэх техник хэрэгсэл байхгүй, машинтай нэг нь зөөвөрлөхөд хол, хүндрэлтэй байдаг зэргээс шалтгаалан бохир ус хуримтлуулах ёмкостийн ёроолыг зориуд цоорхой байлгаж, нуурын ойр орчмын хөрсөнд бохир усаа шингээж байгаа нь бохирдлыг үүсгэх эх үүсвэр болж байна. Иймэрхүү байдлаар байгаль орчин, түүний баялагтай зүй бусаар харьцдаг байдлыг зогсоох хэрэгтэй. Жуулчны баазуудын ариун цэврийн байгууламжийг үзэхэд 3-5тоннын ёмкост газарт булж, түүнд ялгадас бүхий ахуйн бохир усыг хуримтлуулж, машинаар соруулж, зөөдөг гэж тайлбарлаж байвч зарим нь бохир усаа хөрс рүү шүүрүүлээд байвал дэлхий өргөн уудам юм чинь шингээчих байлгүй дээ гэсэн байр сууринаас хандах хүмүүс ч байх юм.

Бие засах газар, бохир усны цооногийг “Ахуйн бохир усны цооногийг доторлох ашиглах журам” –ын дагуу баазын захын обьектоос 20, гол, нуурын эргээс 30 метрээс ойргүй зайд байгуулах ба бусад төрлийн цэвэрлэх байгууламжтай байна гэж жуулчны баазын эрүүл ахуйн шаардлагад зааж байгаа боловч хэрэгжилтэнд хяналт тавихгүй байгаа нь харагдана. Хөвсгөл нуурыг тойрсон жуулчны баазуудад ойр орших цэвэрлэх байгууламж нь Хатгалаас баруун урагш 20 километр зайд байрлах учир Жанхайн давааны ард байрлах жуулчны баазуудад бохир ус тээвэрлэхэд хол, ирж очиход нийтдээ 130-150 километр зам туулдаг, тээвэрлэх давтамж олон учраас эдийн засгийн хувьд зардал ихтэй, түүнчлэн цаг агаарын таагүй нөхцөлд зам хаагдаж бохир ус тээвэрлэхэд хүндрэлтэй, цаашлаад  осолд орох эрсдэлтэй байдаг. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан бохирын цооног халих, цэвэрлэх байгууламжийн ачаалал ихтэй үед бохир ус хүлээн авах боломжгүйн улмаас байгальд ил задгай бохир усаа асган байгаль орчныг бохирдуулж байна. Улмаар байгалийн өөрөө цэвэрших чанар алдагдаж, байгаль орчныг бохирдуулах эх үүсвэр болж байна хэмээн нутгийн иргэд ярьж байна.

Цаашид энэ хэвээр байвал Хөвсгөл нуурын ус цэвэр тунгалаг байж, загас жараахай нь үлдэх болов уу?

Гэвч өнөөдрийг хүртэл бохирын асуудлаа стандартын дагуу шийдээгүй, ийм хүсэл эрмэлзэл байхгүйгээс  жорлонгоос гарсан бохир нь Хөвсгөл нуур луу цутган, эрэг дагуух хэсгийг бохирдуулдаг байна. Үүнд  Хөвсгөл нуурын Тусгай хамгаалалтын газар хяналт тавин ажилладаг. Намар болгон л дээрх баазуудыг хаасан хэмээн мэдэгддэг аж. Гэвч хавар болохоор үйл ажиллагаагаа бахь байдгаараа үргэлжлүүлдэг.

2007 онд мэргэжилтнүүдийн хийсэн судалгааны дүнгээс үзэхэд Хөвсгөл нуурын эрэг орчим байрласан жуулчны баазуудын хөрс бохирдолттой ангилалд хамрагдаж, ус хэрэглэгчийн түвшинд нянгаар бохирдсоныг албаныхан тогтоожээ. Хүний хир, ялгадас, химийн элдэв бодисоор бохирдсон ус, гүний усанд нэвтэрвэл нуурыг бохирдуулаад зогсохгүй түүнээс усны хэрэгцээгээ хангагч амьд организм хордох нь ойлгомжтой. Хамгийн наад зах нь холер, гэдэсний савханцар, суулга, шар өвчний эх үүсвэр болохоос гадна бохирдсон уснаас шалтгаалан элдэв тууралт, харшил бий болдог ажээ.

Цаашид энэ хэвээр байвал Хөвсгөл нуурын ус цэвэр тунгалаг байж, загас жараахай нь үлдэх болов уу? Монгол хүн бүрийн сайн мэддэг, сэтгэл зүрхээрээ бахархан, хайрладаг нуурыг гэхэд л иймэрхүү маягаар бохирдуулж байна. Дээрхи асуудлууд нь жуулчны баазуудын хувьд байгаль орчин, экологи, эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаасаа зайлшгүй шийдвэрлэх асуудлуудын нэг болжээ.

Ялангуяа жуулчны баазуудыг шинээр байгуулах явцад бохирын системийн бүтэн байдлыг хянах, байгаль орчин бохирдуулах эрсдэл гарахаас урьдчилан сэргийлэх, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, ариун цэврийн байгууламжаар хангах замаар усны эх үүсвэрийг хамгаалах, зохицуулах механизмыг бүрдүүлэх хэрэгтэй байна. Улмаар жуулчны баазуудын үйлчилгээг экологид ээлтэй болгох, усны зохисгүй хэрэглээг зохицуулах, хэтийн зорилгодоо усны цэвэршүүлэлт, дахин ашиглах систем, байгаль орчинд сөрөг нөлөөгүй технологийг нэвтрүүлэх нь  чухал билээ.

Бохирдлыг бууруулах арга зам 

Хот суурингийн ахуйн бохир усыг анх хөрсийг ашиглан шүүрүүлж цэвэрлэж байсан бол өдгөө механик, биологийн аргуудад үндэслэн хэдэн зуун төрлийн байгууламж, тоног төхөөрөмжийг боловсруулан түүнийг тусад нь болон бусад механик, физик, химийн аргуудтай хослуулан амжилттай хэрэглэж байна. Ахуйн болон үйлдвэрийн бохир усыг зайлуулж цэвэрлэх орчин үеийн техник, технологийн хөгжил нь хүрээлэн буй орчинг бохирдлоос хамгаалах чухал арга хэмжээ юм. Бохир усыг цэвэршүүлэн дахин ашиглах асуудал ойрын ирээдүйн шийдвэрлэх асуудал болоод буй өнөө үед хөгжилтэй орнуудын төрөл бүрийн туршлага /Япон, Солонгос, Канад/ арга технологийг манайд авч хэрэгжүүлмээр байгаа юм. Тухайлбал Япончууд сүүлийн үед бохир усыг биологийн аргаар микробиологийн дэвшилтэт технологийн бүтээгдэхүүн ашиглан задалж, исэлдүүлэх замаар цэвэршүүлэх болсон. Энэхүү технологи нь химийн бус гаралтай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, хэрэглэхэд хялбар, эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдэг нь дэлхийн олон оронд тогтоогдсон байдаг.

Уг микробиологийн дэвшилтэт технологийг нутагшуулах, бүтээгдэхүүн  үйлдвэрлэх,  туршилт судалгааны ажлуудыг ШУА-ийн Технологийн Инкубатор төвийн эрдэмтэн судлаачид тодорхой үе шаттайгаар өргөн цар хүрээтэйгээр гүйцэтгэн, үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоон, цуврал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Үүнийг бид “Ашигтай бичил биетний технологи” гэж нэрлэж буй. Үүнд агуулагдах ашигтай бичил биетнүүд нь органик нэгдлийг задлах, исэлдүүлэх, хоргүйжүүлэх, ариутгах үйлчлэлтэй, ингэснээр  байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангана. Үүнээс үзвэл, ашигласан усаа зардал багатай, байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар цэвэршүүлээд усалгаа, угаалга, цэвэрлэгээ хийх зэргээр дахин ашиглах боломж бид бүхэнд байна.

Бид энэхүү дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнээ аялал жуулчлалын салбарт нэвтрүүлэх зорилгоор 2014 онд “Жуулчны баазуудын экологийг сайжруулах технологи” сэдэвт сургалт хэлэлцүүлгийг ССАЖЯ-ны харъяа Аялал жуулчлалын үндэсний төв, БОНХЯ-ны харъяа Туул голын сав газрын захиргаатай хамтран аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдэд  удаа дараа зохион байгууллаа. Цуврал уулзалт, хэлэлцүүлгийг Хөвсгөл нуур, Тэрхийн цагаан нуур, Горхи-Тэрэлж, Туул голын сав газарт байрлах жуулчны баазууд дээр очиж зохион байгуулсан бөгөөд Хөвсгөлөөс оролцсон төлөөллүүд бохир усыг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр цэвэршүүлэх, татан зайлуулах асуудал тулгамдаж байгааг илэрхийлж эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах санал гаргасан юм.

Тиймээс ШУА-ийн Технологийн Инкубатор төвөөс санаачлан, ССАЖЯ-ны харъяа Аялал жуулчлалын үндэсний төв, Хөвсгөл аймгийн аялал жуулчлалын холбоо, дотоод, гадаадын салбарын эрдэмтэдтэй  хамтран Хөвсгөл нуурыг тойрон байрлах Тойлогт, Алаг цар жуулчны баазууд дээр “Ахуйн бохир усыг микробиологийн дэвшилтэт технологиор цэвэршүүлэх” туршилт судалгааны ажлыг эрчимтэй эхлүүлэн ажиллаж байна. Туршилт судалгаанд зориулан Хөвсгөл нуурын баруун талд байрладаг “Тойлогт” жуулчны бааз дээр бага оврын цэвэрлэх байгууламж, нуурын зүүн талд байрладаг “Алаг цар” жуулчны бааз дээр бохир ус цэвэршүүлэх гурван шатлалтай байгууламжийн загваруудыг шинээр байгуулан туршилт судалгаагаа явуулж байна. Хамтарсан туршилт судалгааны ажлуудыг өнгөрсөн зуны туршид хийсэн бөгөөд эхний шатны үр дүнгүүдээр ахуйн бохир ус цэвэршиж байгаа нь мэргэжлийн лабораториудын шинжилгээгээр батлагдан гарч байна.  Мөн туршилтын хугацаанд нуурыг тойрсон бусад жуулчны бааз, гэр баазуудад хэрэглэхэд хялбар, байгаль орчинд ээлтэй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тогтоосон дэвшилтэт технологийн био бэлдмэлийг хэрэглүүлсэн бөгөөд цаашид уг бүтээгдэхүүнийг хэрэглээ болгохыг хүсэж байгаагаа аялал жуулчлалын бизнес эрхлэгчид илэрхийлсэн билээ.

 Дээрх дэвшилтэт технологийн бүтээгдэхүүнийг аялал жуулчлалын салбарт  нэвтрүүлснээр   Монгол орны онгон дагшин байгалийн үзэсгэлэнт газрууд, цэнгэг гол мөрөн,  нууруудын бохирдлоос хамгаалах бүрэн боломжтойг манай эрдэмтэн судлаачид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр батлаад байна. Нөгөө талаар  химийн бус микробиологийн дэвшилтэт  технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн жуулчны баазын үйлчилгээг экологид ээлтэй болгосноор өнөөгийн эко аялал жуулчлалын үзэл баримтлалд нийцсэн,  жуулчдын аялах, амрах тав тухтай орчинг бүрдүүлэн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж нэмэгдэх юм.

Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт 60, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт 150, Тэрхийн цагаан нуур орчимд 10 гаруй жуулчны бааз цэнгэг уст нуур, цэвэр усны эх үүсвэр болох газруудад байрлаж үйл ажиллагаа явуулж байна.

Аялал жуулчлалаас  шалтгаалан нуур, голуудын ус, хөрсний бохирдол ихэсч  байгаль  орчинд олон  сөрөг үр дагавар учруулж  буйг төр засаг, салбарын удирдлагууд  анхааралдаа авч цаашид аялал жуулчлалын салбарыг тогтвортой хөгжүүлэх,  бохирдлыг бууруулах, хамгаалах  туршилт судалгааны ажлуудыг эрдэмтэн судлаачидтай хамтран гүйцэтгэх, байгаль орчинд ээлтэй  дэвшилтэт техник, технологийг  нэвтрүүлэх зэрэг   тулгамдсан асуудлуудад анхаарлаа хандуулж,   шийдвэрлэх цаг нь болжээ.