МАН-ын Удирдах зөвлөл Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэжээ
УИХ дахь МАН бүлэг өчигдөр бүтэн өдөржин хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нарын мэдээллийг сонсов.
2014.11.19
Улстөр

МАН-ын Удирдах зөвлөл Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэжээ

УИХ дахь МАН бүлэг өчигдөр бүтэн өдөржин хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд нарын мэдээллийг сонслоо. Тус намын бүлгийн хурал 11.30 цагт эхэлсэн бөгөөд Ч.Сайханбилэг, З.Энхболд нар тус бүлгийн хуралд 17.00 цагт хүртэл суусан юм. Ерөнхий сайдад нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулснаас гадна намын даргынхаа хамт МАН-ын бүлгийн гишүүд болон тус намын Удирдах зөвлөлийн зарим гишүүдийн асуултад хариулжээ. Тэднийг гарсны дараа УИХ дахь МАН- ын бүлэг өргөтгөсөн бүрэлдэхүүнээр 17.40 цаг хүртэл хуралдсан юм. Тус хуралдаанаар ямар нэгэн шийдвэр гаргасан эсэхийг МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос тодрууллаа.

-Танай намын бүлэг ямар нэгэн тодорхой шийдвэр гаргав уу?

АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайдад нэр дэвшигч УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нарыг бүлгийнхээ хуралд урьж мэдээлэл авахын зэрэгцээ асуулт асуулаа. Гэхдээ бүлэг эцсийн шийдвэр гаргахгүй. Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн хоёрт “Олон суудалтай нам Ерөнхий сайдад нэр дэвшигчийг бусад намтайгаа зөвшилцөж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэсэн заалт байдаг.

Үүний дагуу намын эцсийн шийдвэрийг Удирдах зөвлөл хуралдаж гаргах ёстой. Тиймээс эхний ээлжид намын удирдлагууд, мөн бүлгийн гишүүд Ерөнхий сайдад нэр дэвшигч томилогдсон тохиолдолд ямар бодлого хэрэгжүүлэх вэ, ямар байр суурьтай байх вэ гэдэг мэдээллийг авлаа. Өгсөн мэдээллийг нь тодорхой болгохын тулд бүлгийн гишүүд асуулт асууж хариулт авсан.

-МАН-ын Удирдах зөвлөл уржигдар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжих эсэхээр шийдвэр гаргах эрхийг УИХ дахь намын бүлэгтээ өгсөн юм биш үү. Ийм мэдээлэл байсан.

Үгүй. Энэ ташаа мэдээлэл байна. Одоо (өчигдөр орой) үргэлжлүүлээд Удирдах зөвлөл хуралдаад шийдвэрээ гаргана. АН-ын дарга болон Ерөнхий сайдад нэр дэвшигч нарын манай бүлгийн гишүүдийн асуусан асуултад хариулж байгаа байдлаас харахад олон зүйл дээр зөвшилцье, ойлголцъё гэсэн санааг хэлж байна. Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд бидний баримталж байсан байр суурь буруу байжээ гэж байна.

Манай нам 2012 оноос улстөржиж талцахгүйгээр ойлголцож, улс орныхоо хөгжил, ард иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө явъя гэж байсан. Түүнчлэн 2013 онд МАН XVII Их хурлаа хийж Монголын хөгжлийн зорилтын тухай гэсэн бодлогын хөтөлбөр боловсруулсан. Үүнийгээ дагалдуулж тогтоол баталсан.

Тэр тогтоол хоёр заалттай. Нэгдүгээрт, Монгол Улсыг урт, дунд, богино хугацаанд харилцан уялдаатай хөгжүүлэх бодлогын бичиг баримтыг УИХ-аар батлуулах, энэ бодлогын баримт бичгийг аль ч нам, эвсэл гаргасан хэрэгжүүлдэг байх заалт. Хоёр дахь заалт нь тогтвортой, тодорхой бодлоготой болгож, улстөржихгүйгээр ажиллахын тулд бусад намыг үндэсний зөвшилцөлд уриалах заалт байсан.

Өнөөдөр парламентад олон суудалтай нам маань бидэнд хандаж үндэсний зөвшилцөлд хүрье, үүний төлөө хамтарч ажиллая, Сонгуулийн нэгдсэн хууль, Улс төрийн намын тухай, улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулийг баталъя, Үндсэн хуульд өөрчлөлт оруулъя гэж байгаа нь яах аргагүй өмнө нь алдсан байна, алдаагаа засах ёстой гэдгийг ойлгосны илэрхийлэл гэж үзэж байгаа. Гэхдээ ингэж хэлснээрээ МАН Ерөнхий сайдад нэр дэвшигчийг дэмжинэ, Засгийн газар хамтарч ажиллана гэж ярихад эрт байна.

-УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг  парламентад суудалтай намуудтай 3асгийн газрыг эмхлэн байгуулах асуудлаар зөвшилцөх ёстой. Энэ ажлын хэсгээс танай намд зөвшилцөх санал ирсэн үү?

Д.Эрдэнэбат дарга ажлын хэсгээс ямар нэгэн санал ирээгүй байгаа. Энэ асуудал манай бүлгийн хурал дээр яригдсан. Харим АН-ын дарга З.Энхболд Үндсэн хуулийн 33-ын хоёрт заасны дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийн талаар зөвшилцөх саналыг хамгийн түрүүнд манай намд ирүүлсэн гэдгээ хэлсэн.

Хоёрдугаарт нь, ИЗНН-д явуулсан юм билээ. Засгийн газрыг эмхлэх байгуулах асуудлын тухайд Ерөнхий сайд томилогдсоныхоо дараа бүтцээ оруулж ирдэг. Тиймээс ямар бүтэц, бүрэлдэхүүнтэй ажиллаж ямар бодлого хэрэгжүүлэх, энэ бодлогоо хэрэгжүүлэхдээ аль намтай хамтрах вэ гэдгийг дараа нь ярих асуудал гэж бодож байна гэв.

Үүний дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан бөгөөд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжихгүй гэсэн шийдвэрт хүрчээ.

ШИНЭ МЭДЭЭ