С.Бямбацогт: 2015 оны төсвийг санал нэгтэй баталж чадлаа
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.11.14
Улстөр

С.Бямбацогт: 2015 оны төсвийг санал нэгтэй баталж чадлаа

2015 оны төсвийг хуулийн хугацаанд нь баталсантай холбогдуулан УИХ-ын дарга З.Энхболд парламент дахь бүлгүүдийн дарга, Төсвийн байнгын хорооны дарга нартай хамт ямар төсөв болсон талаар мэдээлэл хийлээ.

Төсвийн төсөлд тусгасан зардлыг 100 гаруй тэрбумаар бууруулж баталсан түүх УИХ-д байгаагүй. Энэ жил онцгой жил учраас ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Засаг даргын орлогч, зөвлөх, агентлагийн дэд дарга гэх мэт илүүдсэн орон тоог 1000-аар бууруулсан, шаардлагагүй зарим байгууллагын орон тоог танасан төсөв баталлаа гэж УИХ-ын дарга онцолсон. Үүний дараа намын бүлгийн дарга нар мэдээлэл хийсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт улс орны нийгэм, эдийн засаг,  улс төрийн нөхцөл байдал амаргүй хүнд байгаа үед ирэх онд Монгол Улс гэдэг их айл хэр орлого, зарлагатай байх вэ, ард иргэдийн амьдрал ямархуу байх вэ гэдгийг илтгэх 2015 оны төсвийг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд, гишүүд хамтарч ажилласны үр дүнд хугацаанд нь баталсныг онцолсон юм.

Тэрбээр Засгийн газар  аравдугаар сарын 1-нд 2015 оны төсвийг өргөн барьснаас хойш  УИХ дахь МАН-ын бүлэг энэ асуудлаар найман удаа хуралджээ. Ингэхдээ 2015 оны төсвийг үнэн зөв, бодитой, хэмнэлттэй байх, эдийн засгийн хямралыг сөрсөн мөнгөний бодлоготой уялдуулах, ард иргэдийн амьдрал, бизнес эрхлэгчдэд дарамт учруулахгүй байх зарчмыг баримталж асуудалд хандсан гэв.

2011 онд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2015 оны төсвийн төсөлд 19 дахин их буюу 708 тэрбум төгрөгийг төсөвлөж оруулж ирсэн



Тэрээр Засгийн газар Монгол Улсын түүхэнд байгаагүй хариуцлагагүй, замбараагүй, хууль зөрчсөн төсөв өргөн барьсныг ч дурдаж, энэхүү алдаа дутагдлыг арилгах чиглэлээр ажилласнаа тодотгосон юм. 2015 оны төсвийн төслийг Засгийн газар өргөн барихдаа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн үндсэн есөн шалгуур үзүүлэлтийн дөрвийг нь хангаагүй аж.

Мөн Хөгжлийн банк нь Төсвийн тухай хууль болон Хөгжлийн банкны тухай хуулийг зөрчиж "Чингис" бондыг УИХ-ын хяналтаас гадуур, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг зөрчин зарцуулж ирсэн. Төсвийн орлого өнгөрсөн жил нэг их наяд төгрөгөөр тасарч байсан бол энэ онд 800 тэрбумаар тасарсан. Төсвийн алдагдлаа бодитой тооцоогүйгээс эхлээд энэ мэт олон алдаа дутагдалтай төсөв өргөн барьсан гэж хэллээ.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт "Засгийн газар ард иргэдээс авах татварыг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгжүүдийг шалгах, хүү торгуулийг нэмэх саналыг төсвийн төсөлд тусгаж оруулж ирсэн. Хамгийн ноцтой асуудал бол төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 онд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2015 оны төсвийн төсөлд 19 дахин их буюу 708 тэрбум төгрөгийг төсөвлөж оруулж ирсэн.

Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг хямралтай үед төсвийн зардлыг аль болох бууруулах, аж ахуйн нэгж, ард иргэдээс ирэх онд дөрвөн төрлийн татвар шинээр авахаар оруулж ирснийг зогсоож чадсан. Мөн өрийн босгыг нэмэгдүүлэхгүй байх, гаднаас зээл авахгүй байх шаардлагыг тавьсан. Төсвийн урсгал зардал, бүтэц, орон тоо өөрчлөгдсөнөөс гарах хэмнэлтээр цалин тэтгэврийг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурь баримталсан.

Царцаагдсан, санхүүжилт нь зогссон объектуудыг УИХ-ын гишүүд санал нэгдэж ирэх онд дуусгахаар болсон. Харамсалтай нь улс орны эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж шинээр хөрөнгө оруулалтын ажил бага хийгдэхээр болж байна. Үүнтэй эвлэрэхээс өөр аргагүй. Ирэх онд бүсээ чангалсан жил болох ёстой.

Ирэх онд бүсээ чангалсан жил болох ёстой

Цаашдаа эдийн засгийн хямралыг даван туулах, хүнд үед аж ахуйн нэгжүүдээ дэмжих, ард иргэдийнхээ амьжиргааг муутгахгүй байх чиглэлд УИХ анхаарал тавих ёстой. Эдгээр асуудал төсөв болон, төсвийг дагалдаж гарсан тогтоолуудад тусгагдсан. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн төсөв дээр нам, эвслийн бүлэг, гишүүд хариуцлагатай хандаж, хямралыг даван туулах, ард иргэд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлээр хамтран ажиллаж 2015 оны төсвийг санал нэгтэй баталж чадлаа гэж МАН-ын бүлэг дүгнэж байгаа" гэлээ.

 

 

 

ШИНЭ МЭДЭЭ