“Аварга”дээд сургуулийн аварга тодорчээ
Барилдаанд аймгийн арслан Б.Гончигтавхай түрүүллээ.
2014.11.13
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

“Аварга”дээд сургуулийн аварга тодорчээ

Эрүүл биед саруул ухаан орших сургаалийг дээдэлсэн, дэлхийн чиг хандлага, эх орны эрэлт хэрэгцээнд нийцсэн, хөрвөх мэргэжилтэй, бие даан амьдрах чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилготой "Аварга” дээд сургуулийн үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан боллоо.

Энэхүү барилдааныг үзэж сонирхохоор тус сургуулийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, УИХ- ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Аварга" дээд сургуулийн захирал Г.Сүхбат, Японы Эрүүл мэнд спортын их сургуулийн багш, доктор, профессор Рикидо Томикава, МҮБХ-ны нарийн бичгийн дарга Б.Цогтбаатар, менежер С.Гантөр нарын хүмүүс хүрэлцэн ирсэн байна.

Жил бүр уламжлагдан болсоор ирсэн сургуулийн аварга шалгаруулах барилдаанд өнөө жил аймгийн арслан Б.Гончигтавхай, аймгийн начин Д.Аззаяа, Д.Бейбит, Ш.Төрмөнх нараар магнайлуулсан аймаг, сумын цолтой болон залуу 256 бөх барилдлаа.

Улмаар сургуулийн аварга бөхөөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Б.Гончигтавхай тодорч, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын харьяат, аймгийн начин Д.Аззаяа үзүүрлэв.

Харин шөвгийн дөрөвт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын харьяат, аймгийн начин Д.Бейбит, Дорнод аймгийн Баян-Уул сумын харьяат, аймгийн начин Г.Төрмөнх нар үлдсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ