“Ардын нам ард түмэнтэйгээ хамт” аян Сүхбаатар аймагт үргэлжлэв
МАН-ын­хан “Ардын нам ард тү­мэн­тэйгээ хамт” аяныг эх­лүүлээд байгаа билээ.
2014.10.29
Орон нутгийн хөгжил

“Ардын нам ард түмэнтэйгээ хамт” аян Сүхбаатар аймагт үргэлжлэв

Улс төрийн ууган хү­чин болох МАН-ын­хан “Ардын нам ард тү­мэн­тэйгээ хамт” аяныг эх­лүүлээд байгаа билээ. 21 аймаг, нийс­лэлийн есөн дүүрэг, 360 га­руй сумдад хүрч ажиллах аян өн­­гө­рөгч амралтын өдрүүдэд Сүх­­­баатар аймгийн Баруун-Урт хо­тод боллоо. Тодруулбал, УИХ-ын гишүүн, МАН-ын Зүүн бүс ха­риуц­сан нарийн бичгийн дар­га Б.Бат-Эрдэнээр ахлуулсан ги­­­шүүд Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хот, сумдад нь ху­ваа­­рилагдан ажилласан юм. Сүх­баа­тар аймгийн хувьд бүтээн бай­гуулалт эрчимтэй хийгдэж бай­гаа, хоёр хоногийн дараа нийс­лэл хоттой хатуу хучилттай ав­тозамаар холбогдсон гэдгээ­рээ онцлог. 

Гэсэн ч орон ну­тагт тулгамддаг цалин тэтгэв­рийн нэ­мэгдэл, намаар талцаж ху­вааг­­дах, ахмадуудын нийг­мийн ха­ламж, орон нутгийн бэрх­шээл­тэй асуудал олон байсан юм. УИХ-ын ги­шүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюун­хо­рол, Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин нар бямба гарагт Баруун-Урт хо­тын томоохон худалдааны тө­вүүдээр орж иргэдийн худалдан авах чадвар ямар байгаа мөн жи­жиг дунд үйлдвэрлэл эрхлэгч ир­гэдийн бэрхшээлтэй асуудлыг сонс­сон юм. 

Сүхбаатар аймгийн хувьд худалдаа үйлчилгээний тө­вүүд нь зүүн бүсийн аймгуудын хэрэгцээг хангадаг гэдгээрээ ашиг орлого ихтэйд тооцогддог ч одоо бол ашигтай ажиллаж чадахгүй бай­гаа юм байна. Худалдаа эрх­лэгчид нэг сард багтаж бараа та­таж чадахгүй болсон хэмээн учир­лаж байв. Иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан учраас хоёр сард нэг удаа бараандаа явж чад­вал орлоготой ажиллаж байна гэж тооцож болно. Түүнчлэн түрээсийн төлбөр гэж 150-300 мян­гыг нь өгчихөөр цаана нь амь­жиргаагаа залгуулах мөнгө илүү гарахаа больсон байна. 

Аймаг, сумын төвд ажиллаж амь­дарч бай­гаа иргэдийн ихэн­хи нь ца­лин­гийн зээлтэй, бэлэн мөн­гөөр худалдаа эрхэлж чадахгүй бай­­гаа хэмээлээ. Б.Бат-Эр­дэнэ гишүүн тус худалдааны төвд жи­жиглэнгийн худалдаа эрхэл­дэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн С.Уран­туяатай уулзсан юм. С.Уран­туяа нь группийн мөнгө гэж 208 мянган төгрөг авдаг ч ам бүл олон учраас сарын хоол, түлээ түлш­ний мөнгөд арайхийн хүрдэг аж.

Тиймээс өдөр тутмын хоол хүнс авах мөнгөө жижиглэнгээр бараа дэлгүүрээс зээлээр авч ашиг олдог гэнэ. Нэг бохийг бөөнийх нь үнээр тооцож дэлгүүрээс зээ­лээр авч жижиглэнгээр зарлаа гэ­хэд дундаас нь 100 төгрөг нь унагаж чадна. Өдөр өдрийн ор­лого нь харьцангуй бөгөөд за­римдаа ямар ч мөнгөгүй гэртээ ха­рих ч үе байна. Тэрбээр,10 гаруй жил гар дээрээс жижиг ба­раа борлуулж байгаа бөгөөд анх­лан цүнхэнд хийгээд гадуур явж борлуулдаг байжээ. 

Гэсэн ч ну­руу нугасны өвчин нь хөдөлсөн уч­раас энэхүү худалдааны төвийн шатан дээр сүүлийн жилүүдэд сууж бохь, жигнэмэг, асаагуур зэрэг жижиглэнгийн бараа зарж ашиг олдог болжээ. Тэрбээр, төр засагт гомдох аргагүй ч тэтгэврийн хэдэн төгрөг нэмэгдүүлэх, ядахдаа хөдөлмөр эрхлэх чадваргүй болсон группийн иргэдээ төр илүү анхаараасай, энэ талаар бодлого гаргаж ажиллаасай хэмээн хүсч явд­гаа Б.Бат-Эрдэнэ гишүүнд учир­лаж, энэ талаар бодлого шийд­вэр гаргаж ажиллаарай хэ­мээн захилаа.

Ам ажил хоёр нь алд дэлэм зөрөв
 
Баруун-Урт хотын худалдаа эрхлэгчидтэй уулзсаны дараа УИХ-ын гишүүд Хөгжимт драмын театрт иргэдтэй уулзсан юм. УИХ-ын зургаан гишүүн аймагт нь ажиллаж байгаа сургаар драмын театрт баруун-уртынхан багтах зайгүй цугласан байв. Төр засгаас гар­гаж байгаа бодлого шийдвэр, УИХ-аар хэлэлцэх хуулийн төс­лүүд, мөн улстөрчдийн хэ­рүүл маргааны сэдэв болсон Оюутол­гой, Засгийн газрын шинэ бүтэц, аймаг орон нутгийн тулгамдсан асуудал болчихоод байгаа түймэр, уурхайг хаасан зэрэг асуудлыг төрийн түшээдээс тодруулж ха­риулт авахыг хүссэн юм. 

Аймаг орон нутагт нь бүтээн байгуулалт хийгдэж байгаа ч зарим талаараа учир дутагдалтай зүйл их байгаа учраас УИХ-ын гишүүд шийдвэр гар­гах төвшинд энэ бүхнийг хэлж өгөхийг хүсч байсан. Мөн Ар­дын намын гишүүд ийн ард ир­гэдийнхээ амьжиргаа, зовлон бэрх­шээлийг сонсч, шат шатанд очиж ажиллаж байгаад талархаж бай­гаагаа нутгийн иргэд хэлж бай­лаа. Зүүн бүс хариуцсан Нарийн бич­гийн дарга Б.Бат-Эрдэнэ уул­залтыг нээж үг хэлсэн юм. 

Тэр­бээр, Сүхбаатар аймагт өнөө жил төс­вийн хөрөнгө оруулалтаар хэ­рэгжих төсөл хөтөлбөр, УИХ-ын бодлого шийдвэрийн хүрээнд хэ­рэгжиж байгаа хуулийн төслүүд бо­лон, сөрөг хүчин олонхийг ямар учраас шүүмжлээд байгаа, үнэ тогтворжуулах хөтөлбөр нэ­рээр үрэн таран хийсэн 3.2 их наяд төгрөгийн асуудлыг онцолж бай­сан юм. Сүхбаатар аймагт өнөө жил 13 барилга обьект төсвийн хөрөнгө оруулалтаар баригдана. Гэсэн ч эдгээр обьектын дөнгөж гурав нь шинээр баригдах, үлдсэн 10 нь өмнөх онуудад царцаасан гэх барилга обьектууд. Тэгэхээр өмнө нь баригдаж байсан барилга дээр хэдхэн төгрөг төсөвлөснөөс өөрөөр бол орон нутагт мөнгө очихгүй гэсэн үг юм. 

Ингэхдээ төсвөө захиран зарцуулах эрх мэдлийг орон нутагт өгснөөр өөрсдөө хариуцлагаас мултрах арга эрж байгаа хэрэг хэмээн Б.Бат-Эрдэнэ гишүүн шүүмжилж бай­лаа. Ирэх оны төсөвт цалин тэт­гэв­рийг нэмэгдүүлэхээр 500 тэрбум төгрөг төсөвлөжээ. Тэг­сэн атлаа цалин тэтгэврийг 2.5 да­хин нэмэгдүүлнэ хэмээн амлаж бай­гаа нь төрийн бодлого зөрж бай­гаа хэрэг гэв. Өөрөөр хэлбэл, 2.5 дахин нэмэгдүүлэхэд энэ мөн­гө хаана нь ч хүрэлцэхгүй бө­гөөд эх үүсвэрийг шийдээгүй ат­лаа худлаа амлалт өгчээ. МАН-ын­хан төр барьж байхдаа эх орны хишиг хэмээн хүн бүхэнд 21 мян­ган төгрөг тарааж байсан.

Тэр мөн­гө жирийн ядарсан өрхийн нэг сарын гурил, будааг хангаж чад­даг байлаа. Харамсалтай нь Шинэч­лэлийн Засгийн газар ха­ламж хавтгайрлаа гэж үзээд энэ мөнгийг өгөхөө больж, эсрэ­гээ­рээ хэдхэн монополь аж ахуйн нэг­жид 3.2 их наяд төгрөгийг ямар ч ашиггүй цацжээ. Халам­жийг хавтгайруулах бус зорил­тот бүлэгтээ энэ мөнгийг өгч, иргэдийнхээ амьдралд бо­дит дэмж­лэг болох талаар учир ду­таг­далтай ажилласан хэ­мээн сө­­рөг хүчний гишүүд үзсэн уч­раас Ерөнхий сайдад хариуц­лага тооцох, төсөв, санхүүг ха­риуцлагатай хүнд атгуулах гэж сүүлийн саруудад улс төрийн эсэр­гүүцэл, тэмцэл өрнүүлж бай­гаа гэдгийг ч энэ үеэр хэлж бай­лаа. Сүхбаатарчууд харин төрийн бод­логын талаар өөр бодолтой явдаг аж. Тэд улс төрийн хүчирхэг хоёр нам эвсч, ард түмнийхээ эрх ашгийн төлөө хамтарч ажил­лах ёстой гэж үзжээ. 

Тийм­дээ ч МАН-ын гишүүдэд энэ үгээ учирлаж байсан бөгөөд эв нэгдэл хамгаас чухал, тэр дун­даа монгол төрийн ирээдүй, зал­гамж халаа болсон энэ хоёр нам эвсч ажиллахад буруудахгүй гэ­сэн юм. МАН-ын гишүүдтэй уул­зах уулзалтад Аймгийн Засаг дарга Ж.Батсуурь оролцсон нь уул­залтыг маш үр дүнтэй болгов. Учир нь аймгийнхаа Засаг дар­гад бэрхшээлтэй асуудлаа тэр бүр хэлээд байдаггүй иргэд энэ уулзалтын далимд орон нут­гийн бэрхшээлтэй асуудал, За­саг даргын хариуцлагагүй үйлд­лээс болж зарим сумдууд өнөө­дөр хөлдөх аюулд ороод бай­гаа талаар шүүмжлэл хэлж, ги­шүүдийн өмнө Засаг даргаасаа ам­лалт үүрэг авч байв. 

Сүхбаатар айм­гийн ихэнх сумдад түймэр гарч байгаа. Гэтэл аймгийн удирд­лагууд энэ талаар ямар нэг арга хэмжээ авахгүй байгаа бө­гөөд нутгийн хэдэн залуус ямар ч хамгаалах хэрэгсэл, гал унт­раах багаж зэвсэггүй галтай тэм­цэж байгаа нь орон нутгийн удирд­лагын хариуцлагагүй байдал гэд­гийг ч иргэд хэлж байв. Мөн ам ажил хоёр нь алд дэлэм зөр­дөг жишээ олныг дурьдаж байв. Тухайлбал, Эрдэнэцагаан су­мын төлөөлж аймгийн ИТХ-д сон­гогдсон н.Төмөрчулуун Эр­дэ­н­э­цагаан суманд тулгамдсан бэрх­шээлтэй асуудлыг аймгийн За­саг дарга, УИХ-ын гишүүдэд учир­лав. Эрдэнэцагаан сум айм­гийн төвөөсөө нэлээд алс­лагд­сан сум. 

Гэсэн ч хүн ам их­тэй ойролцоогоор 7000 хүн ам­тай. Гэтэл энэ сумын нүүрсээ ав­даг ганц уурхайг хаачихжээ. Хөрс хуулалтаа хийгээгүй гэх шалт­гаанаар хаачихсан учраас өнөөд­рийг хүртэл иргэд нь түлэх нүүрс­гүй маргааш цас орлоо гэ­хэд хөлдөхөд бэлэн байгаа аж. Харин аймгийн Засаг дарга “Эр­дэнэцагаанд ямар ч асуудал байх­гүй. Хаанаас нүүрсээ авдаг тэн­дээсээ нүүрсээ авна” гэсэн ха­риулт өгөв. Цаашлаад тус су­манд уран олборлохоор болсон зэ­рэг зөрчил маргаантай асуудал бай­гаа учраас Зүүн бүс хариуцсан На­рийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ тус сумыг зорьж иргэдтэй нь уул­заж, газар дээр нөхцөл байдал ямар байгааг харахаар аймгийн тө­вөөс бямба гарагийн оройхон хө­дөллөө. 

Эрдэнэцагаанчууд хөлдөх нь, М.Зоригт гишүүн ээ 

Эрдэнэцагаан сум аймгийн тө­вөөсөө 220 км алс. Сумын тө­вөөс 70 км яваад Бичигт олон ул­сын боомт байдаг учраас бу­сад сумдаас илүүтэй хөгжих бо­ломжтой сум. Харамсалтай нь тэд тө­рийн бодлогоос гээгдсэн гэж хэлж болно. Намрын өдрүүдэд гар­сан түймэр тус сумын нутаг дэвс­гэрийг ч дамжсан бөгөөд хойд, урд талаараа түймэрт газар нутаг нь шатжээ. Харин сумын төвийн иргэд өнөөдөр хөлдөж ч мэдэхээр нөхцөл байдалд байна. Аймгийн За­саг дарга танхим дүүрэн цуг­ласан иргэдийн өмнөөс харж зог­сч байгаад Эрдэнэцагаанд асуу­дал байхгүй хэмээн хэлсэн ч орон нутгийн иргэд нэг нь ч гад­наа нүүрс буулгаж амжаагүй. 

Нөхцөл байдал газар дээрээ айм­гийн Засаг даргын хэлснээс тэс өөр байсан бөгөөд намар хөрзөн та­таж чадаагүй, маргааш цас ор­вол сургууль цэцэрлэг эмнэлэг гээд бүгд л хөлдөж мэдэх аюултай байгаа гэв. Тус сумын нүүрсээ татдаг уурхайг хөрсөө хуулаагүй гэх шалтгаанаар хаачихсан бөгөөд өөр ямар гарц байгааг шийдэж өгөөгүй хэмээлээ. Аймгийн Засаг дарга, тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн М.Зоригтод зов­лон бэрхшээлээ удаа дараа ярьж хэл­сэн ч удахгүй шийднэ гэсэн ха­риулт өгсөөр өнөөдрийг хүрчээ. УИХ өнгөрөгч долоо хоногт Хөө­төөс-Бичигтийн боомт хүртэл на­рийн царигтай төмөр зам барих шийд­вэр гаргасан. 

Энэ төмөр за­мын Эрдэнэцагаан сумаар дам­жуулан тавих боломж байгаа, тө­мөр зам дагаад сум орон нутагт хөг­жих боломж байгааг удаа да­раа ярьсан ч мөн л ярилцаж бай­на гэж тайлбар тавьсаар өнөөд­рийг хүрч, эцэст нь тус су­маас бүүр холуур тавигдахаар бол­жээ. “Андын илч” уурхайгаас нүүрс татаж чадахгүй, Бадмаараг уур­хайгаас мөн л нүүрс авч болохгүй. Нүх­тийн уурхай байгаа ч нүүрс ирэхгүй, тээвэрлэлтийн зардал зэрэг түм буман шалтгааны ул­маас Эрдэнэцагаан сумын 7000 ир­гэн, түүнчлэн Бичигт боомт дээр ажиллаж амьдарч буй иргэд цас битгий ороосой хэмээн зал­бирч, улс төрийн шоу хийж на­мын даргаа огцруулах талаар ярьж яваа эрхэм гишүүн нь хэзээ тойр­гийн сонгогчдоо санах бол хэмээн харуулдаж сууна. 

Эр­дэнэцагаан сум, цаашлаад Мон­гол Улсын хөгжлийн гарц хэ­мээн нэр­лэж байгаа Бичигт Олон ул­сын боомтод жинхэнэ эмгэнэл нүүр­лэжээ. Олон улсын боомт дээр лаа барин амьдарч, эмч байх­гүй улмаас өвдөх эрхгүй, сард авдаг цалингийнхаа сургийг сүү­лийн хэдэн сард сонсоогүй, хоёр ор­логч, нэг даргынхаа барааг сүү­лийн хэдэн сар хараагүй суугаа тэдний талаар дараагийн дугаартаа хөндөх болно. Төрийн бод­­логоос гээгдсэн эдгээр ир­гэ­дийн талаар та дараагийн ду­гаараас уншаарай.

ШИНЭ МЭДЭЭ