Д.Сумъяабазар нар "Нарантуул" худалдааны төвд ажиллалаа
"Улаанбаатар” их сургууль болон Нарантуул худалдааны төвд очиж, оюутан залуус, худалдаа эрхлэгчидтэй уулзлаа.
2014.10.22
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Д.Сумъяабазар нар "Нарантуул" худалдааны төвд ажиллалаа

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд, тус намын Удирдах зөвлөл, нийслэлийн намын хорооны удирдлагуудын хамт Баянзүрх дүүрэгт байрлах их, дээд сургуулийн оюутнуудтай уулзаж,  зарим худалдааны төвөөр оржээ. Тэд гурван багт хуваагдан ажилласны нэг нь УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн  нараас бүрдсэн баг байсан юм. Тэд  “Улаанбаатар” их сургууль болон Нарантуул худалдааны төвд очиж, оюутан залуус, худалдаа эрхлэгчидтэй уулзсан юм.  

 Багш оюутнуудтай илэн далангүй ярилцлаа

УИХ-ын гишүүд Улаанбаатар их сургуулийн оюутнуудтай уулзаж, тэдний санал бодлыг сонссон байна. Оюутнуудын зүгээс ээж аавын нь цалин нэмэгддэггүй хэрнээ сургалтын төлбөр өсөөд байдаг, сургалтын төлбөр өсөөд байгаа хэрнээ сургалтын чанарт ахиц гардаггүй гаж тогтолцоо "усан хаван" мэт улам хүрээгээ тэлсээр байгааг эрхэм гишүүдэд “ховлов”. Мөн үнийн өсөлтөд дарлуулж байгаагаа ч нуусангүй. Эрхэм гишүүд болон багш оюутнуудын уулзалт ажил хэрэгч уур амьсгалтай болсныг дурдах нь зүйтэй байх. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Сү.Батболдтой уулзаж, уулзалтын зорилго ач холбогдлыг талаар лавлахад ”МАН-аас ард иргэдтэйгээ уулзах уулзалтыг тогтмол зохион байгуулдаг. Салбар салбарынхантай уулзаж, тэдний санал бодлыг сонсох нь их чухал.

Өнөөдрийн хувьд бидний хэдэн гишүүд  Улаанбаатар их сургуулийн багш, оюутнуудтай уулзлаа. Улс орны хөгжлийн хамгийн том гарц бол өндөр боловсролтой, чадварлаг ард иргэдтэй байх нь хамгийн чухал. Хөгжлийн хамгийн том гарц ч гэж хэлж болно. Тэр ч утгаар би боловсролын салбарт их ач холбогдол өгч ирсэн. Миний тэргүүлж байсан Засгийн газрын үед Хүний хөгжлийн сан байгуулж, ард иргэддээ дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ сургалтын төлбөр, боловсролын стандартыг дээшлүүлэх талаар тодорхой ажлуудыг хийж ирсэн. Энэ бүх ажилд сайн зүйлүүд байсан ч бас анхаармаар зүйл ч байсан байна. Үүнийг дүгнэж ярьсан ажил хэрэгч уулзалт боллоо.

Цаашдаа боловсролын салбараа бид тогтвортой, ойлгомжтой, хөгжлийн ирээдүйг харсан, улс орны хөгжлийн нэгэн адил авч үзэх ёстой юм байна гэдэгтэй багш оюутнуудтай санал нэгдлээ” хэмээн ярьсан юм.

Наймаачдын борлуулалт буурчээ

“Нарантуул” олон улсын худалдааны төвд УИХ-ын гишүүдийг очиход наймаачдын зарим нь “гэнэтийн зочид”-ыг гайхан хүлээн авч байсан бол,  нөгөө хэсэг нь өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлыг УИХ-ын түшээддээ  илэн далангүй ярьж, шийдвэрлэх арга замын талаар лавлаж байв.

“Нарантуул”-ынхны хамгийн их хөндсөн асуудал нь борлуулалт, орлого эрс муудсаныг онцолж байв.   Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ард иргэдийн худалдан авах чадвар маш их буурсан байна. Тэгсэн хэрнээ талбайн түрээсийн төлбөр өндөр байгааг хэлж байлаа. Түүнээс гадна одоо хүйтний улирал эхлэх гэж байгаатай холбоотой ажиллах орчин хүнд байгааг хэлсэн.

Тэд “Бид энэ асуудлыг үе үеийн улстөрч, эрх мэдэлтнүүдэд хэлдэг ч шийдвэрлэлгүй өдийг хүрсэн. Та бүхэн тэдний нэгэн адил энд сайхан зүйл яриад, саарал ордондоо ормогц мартчихдаг шүү гэх шүүмжлэлийг ч хэлээд авна лээ.

ШИНЭ МЭДЭЭ