Б.Саранчимэг: Дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэнд Монголчууд аялна
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг
2014.10.21
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Б.Саранчимэг: Дэлхийн хэмжээний цэнгэлдэх хүрээлэнд Монголчууд аялна

Манай улс 2020 он гэхэд дэлхийн хэмжээний цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор төлөвлөн ажиллаж байгаа билээ. Энэхүү их ажлын явцын талаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгтэй ярилцлаа.

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн энэ газар өмнө нь хогийн ургамлаар дүүрэн тоосжилт ихтэй байсан. Гэтэл одоо хүн бүхэн зорьдог цэцэрлэгт хүрээлэн болжээ?

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь анх 2009 онд нийслэлийн ИТХ-ын тогтоол, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргын захирамжаар анх байгуулагдаж байсан түүхтэй. Энэ бол маш том төсөл. Бид шинжлэх ухааны үүднээс хөрсийг судалж мод тарих боломжтой юу гэдгээс ажлаа эхлүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл, хөрсний, техник, эдийн засгийн үнэлгээ, байгаль орчны судалгааг хийлгэсний үндсэн дээр ажлаа эхлүүлсэн.

Цэцэрлэгт хүрээлэнгийн 975 га-аас 180-ынх нь хөрс мод ургахад хамгийн тохиромжтой. Харин үүнээс бусад газар нь тааруухан. Тиймээс “Нэмэлт бордоо хэрэглэж мод ургуулна” гэсэн судалгаа гарсан. Одоо хүрээлэнг арчилж тордсоны үндсэн дээр 22 төрлийн мод тарьж байна. Таны түрүүнд дурьдсанчлан цэцэрлэгт хүрээлэнгийн газарт анх хогийн ургамал дүүрэн, шороо тоос бужигнадаг байсан бол өнөөдөр иргэдийн хөл тасрахгүй, сайхан хүрээлэн боллоо.

-Бид“Мод тарих үндэсний өдөр”-тэй болсон. Хүмүүс ч сэтгэл хангалуун байгаа. Энэ нь та бүхний ажилд нэг талаараа тус болж байгаа болов уу?

Тийм ээ, маш зөв санаачилга. Ганц бидний ажилд гэлтгүй хотод маань эрүүл орчин бүрдэхэд иргэдийн оролцоо чухал үүрэгтэй. Мөн модыг анхнаасаа л зөв, стандартын дагуу суулгаж байж ургалт сайжирна. Үүнээс гадна нэг анхаарах зүйл нь бойжуулах газраас сайн суулгац авах тухай асуудал юм. Бид мэргэжлийн10 гаруй аж ахуйн нэгжтэй хамтарч ажиллаж байна.

-Одоо хүрээлэнд хэчнээн мод, бут, сөөг тариад байна вэ. Мод тарих ажил төлөвлөгөөний дагуу явж байгаа биз дээ?

Бүх ажил төлөвлөлтийн дагуу явагдана. Нийслэлийн ИТХ-аар анх 180 га газрын ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Үүнээс одоогийн байдлаар 30 га газрын зураг төлөв лөгөө хийгд сэн. Хэн нэгэн нь дураараа хаа хамаагүй газар мод тарих болон өөр бусад ажил явагдана гэж байхгүй.

Одоогийн байдлаар 110 мянга гаруй модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тариад байна. Энэ нь нийслэлийн ногоон байгууламжийн 23 хувийг эзэлж байна гэсэн тооцоо гарсан. Модны ургалт 90 гаруй хувьтай байгаа. Мөн 35 га газар ашиглалтад орсон. Мод тарьж ургуулах аж лыг хүүхэд төрүүлж, өсгөхтэй адилт гадаг. Өөрөөр хэлбэл, асар их арчилгаа тордолгоо хийснээр мод ургаж байна гэсэн үг.

Өнөөдөр манайд анхны гэсэн тодотголтой олон зүйл бий болсон. Жишээлбэл, 40 м радиустай усан оргилуур, томоохон төглүүд, 5,2 км дугуйн зам, явган хүний замтай болсон. Мөн 300 автомашины зогсоолтой болсон ч энэ нь багадаж байна.

-2020 он гэхэд бид дэлхийд нэгдүгээрт орох цэцэрлэгт хүрээлэнтэй болно гэсэн зорилт тавьсан. Одоогоор энэ ажлын хэдэн хувийг нугалаад байна вэ?

Анх манай байгууллага 27 ажилтантай байсан бол өнөөдөр 100 гарчээ. Тэд маань хүнд нөхцөлд ажилладаг. Халуунд халж, хүйтэнд хөрч байгаа ч энэ цэцэрлэгт хүрээлэнг бий болгохын төлөө чин сэтгэлээсээ зүтгэж байна. Гэхдээ тэдний хийх ажил их байдаг ч авдаг цалин хангалтгүй. Нэг хүнд таван га газар ногддог. Ер нь ТЭЗҮ гэдэг нь энэ ажилд хэдэн төгрөг зарцуулах вэ, төсөл хэзээ дуусч, ашигтай ажиллах бол гэдэг судалгаа юм.

Судалгааны дагуу хөрөнгө нь тусгагдаад явбал ажил дуусна. Энэ жилийн тухайд тохижилтын ажилд зарцуулах хөрөнгөний гурван хувь нь буюу нэг тэрбум 900 сая төгрөг тавигдсан. Энэ төсөл маань10 жил үргэлжлэх ёстой. Тийм болохоор хөрөнгө мөнгөний асуудал үүсэхгүй бол ажил дуусахад асуудалгүй. Ингэснээр дэлхийн хамгийн том цэцэрлэгт хүрээлэнд монголчууд аялна гэсэн үг юм.

-Өнөөдөр энэ хүрээлэнд нэн түрүүнд хийх ажил юу байна вэ?

Мэдээж, шаардлагатай зүйл их бий. Хамгаалалтгүйгээс болж цэцэрлэгт хүрээлэнд тарьсан модыг хугалах, гишгэхээс гадна эргэн тойрны тохижилт хогийн савыг эвдэлж, сүйтгэж байна. Энэ нь нэг талаараа иргэдийн экологийн боловсрол дутмаг байгааг харуулахаас гадна аливаа зүйлийг хайрлаж хамгаалах сэт гэлгүй хүмүүсийн ухамсаргүй байдлаас болдог.

Өөрсдийн гараар бий болгосон зүйлээ өөрсдөө үгүй хийх гээд байна. Тиймээс үүнийг хамгаалах асуудал тулгамддаг. Энд нэг зүйлийг хэлэхэд хүмүүс байгаль, эх дэлхийн төлөө, дэлхийн дулаарлын эсрэг цөөхөн ажил хийж чаддаг. Үүний нэг нь л мод тарих юм. Тийм учраас иргэд маань энэ цэцэрлэгт хүрээлэнд ирэхдээ нэг, нэгэндээ шаардлага тавьж, цагийг зөв боловсон өнгөрүүлээсэй гэж хүсдэг.

Иргэдийн хувьд мод тарьчихаад явахаа бодохоос биш эргэн ирж модоо арчилдаг нь тун ховор. Тийм болохоор бидний энэ их ажлыг сүйтгэх бус дэмжиж ажиллаасай.

Одоогийн байдлаар 110 мянга гаруй модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тариад байна.
-Модыг хариуцах эзэнгүй, хэн дуртай нь сүйтгэж байна гэж ойлгож болох уу. Ер нь манайд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын уялдаа холбоо хэр байдаг юм бэ?

Үүнийг нэгдсэн удирдлагатай болгох ёстой. БОНХЯ, ИТХ-ын Байгаль орчин, экологийн хороо, Байгаль хамгаалах газрын ажлын уялдаа холбоо сул байгаагаас мод эзгүйрэх, сүйтгэх үзэгдэл байсаар байна. Тийм учраас энэ ажлын төлөөх хамтын ажиллагааг сайжруулах зайлшгүй шаардлагатай.

Үүнээс гадна экологийн боловсрол гэдэг зүйлийг хүүхдүүдэд багаас нь суулгаж өгөх ёстой. Нэг жишээ хэлэхэд, Германд дайн болж байхад нэг цэрэг мод тайрах гэж байгаад буудуулсан түүх байдаг. Үүний нэгэн адил бид ногоон байгууламжийг хайрлан хамгаалах сэтгэхүй, боловсролыг хүүхдэд багаас нь олгох ёстой.

Миний хувьд ч гэсэн үүнд анхаарч ажиллаж байна. Энэ дагуу хоёр жилийн судалгааны үндсэн дээр “Ногоон ном”-ыг эрхлэн гаргалаа.

-Та нийслэлийн Байгаль орчин, экологийн хороог тэргүүлдэг. Тэр хүрээндээ ямар ажилд анхаарал хандуулж байна вэ. Экологийн талаар нийслэлд тулгамдсан асуудал маш их байгаа?

Экологи гэдэг нь маш том ойлголт. Хөрс, ус, агаар, ногоон байгууламжийн асуудлыг цогцоор нь авч үздэг. Тэр дундаа нийслэлийн экологийн доройтол гамшгийн хэмжээнд хүрсэн гэхэд нэг их буруудахгүй болов уу. Гэтэл төр засаг маань эдгээр харилцан хамааралтай хүчин зүйлсийг салгаж үзэж, арга хэмжээ авч байгаа нь төдийлөн үр дүнд хүрдэггүй.

Мөн энэ асуудалд зарцуулах хөрөнгө мөнгийг төсөв ач холбогдолтой нь харьцуулахад далайд дусал гэдэгтэй адил байна. Гэхдээ бид бага багаар ажлаа гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн жил хотын Ногоон байгууламжийн мастер төлөвлөгөө боловсруулах санал оруулж дэмжигдсэн.

-“Ногоон ном”-оор дамжуулж та нийгэмд ямар зүйлийг хэлэхийг хүссэн бэ?
Экологи гэдэг нь маш том ойлголт. 

Өвөг дээдэс маань бидэнд байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж ирсэн асар арвин өв уламжлалыг өвлүүлсэн. Тиймээс түүний учир шалтгааныг хойч үедээ бага ч гэсэн таниулахыг зорилоо. Нөгөө талаас эдийн засаг хөгжихийн хэрээр ногоон байгууламж, экологийн тэнцвэргүй байдал үүсээд буйг хөндсөн.

Байгаль тэнцвэрт байдлаа алдаж бай гаагаа цунами, хар салхи, үерийн их усаар илэрхийлдэг юм байна. Тиймээс улс орон эдийн засгийн хөгжлийг тэргүүнд тавихаас илүү байгаль, эх дэлхийн тэнц вэртэй байдалд уялдуулж эдийн засгаа хөгжүүлдэг болох хэрэгтэй.

ШИНЭ МЭДЭЭ