Намрын ургац хураалтын талаар мэдээлэл сонслоо
2014.10.09
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Намрын ургац хураалтын талаар мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч тогтоолыг төслийг Ойн хуультай хамтад нь хэлэлцэх нь зүйтэй гэсэн Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуны гаргасан горимын саналыг гишүүдийн олонх дэмжсэнээр уг асуудлыг хойшлууллаа.

Үүний дараа Байнгын хорооны хуралдаанаар Намрын ургац хураалтын явц болон Мал аж ахуйн салбарын 2014-2015 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц байдлын талаар хийсэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Б.Цогтгэрэлийн мэдээллийг сонсов.

Мэдээлэлд дурдсанаар, энэ оны ургацын урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн төмс, 121.4 цн хүнсний ногоо хураан авах боломжийг бүрдүүлжээ.

Манай улсын жилийн хэрэгцээт зөөлөн буудайн гурилыг дотооддоо үйлдвэрлэхэд 320.0 мянган тонн улаанбуудай шаардлагатай бөгөөд балансаас дүгнэхэд 2014-2015 оны хэрэгцээт буудайг дотоодын ургацаас хангах боломжтой байгаа аж. 10 дугаар сарын 07-ний байдлаар 72.3 мянган га-г ангилан хадаж, 66.6 мянган га-г цайруулж, 206.3 мянган га-г шууд хурааж нийтдээ 273.4 мянган га-гаас 420.3 мянган тонн үр тариа, үүнээс 402.1 мянган тонн буудай, 12.7 мянган га-гаас 155.0 мянган тонн төмс, 7.4 мянган га-гаас 91.6 мянган тонн хүнсний ногоо тус тус хураан авснаар үр тарианы хураалт 87.9 хувь, төмсний хураалт 95.7 хувь, хүнсний ногооны хураалт 89.7 хувьтай явагдаж байгаа гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тариалангийн бүс нутагт ажиллах явцдаа өгсөн үүрэг, чиглэлийн дагуу тариаланчид, гурил үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй буудайн үнэ, борлуулалтын асуудлаар уулзалт, ярилцлагыг тус яаман дээр зохион байгуулж ТЭДС-ийн авлагад авах 1 тонн буудайн үнийг элеватор нөхцлөөр 550.0 мянган төгрөг байхаар шийдвэрлэсэн байна.

Мөн ТЭДС-гийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Хархорин, Угтаалцайдам салбаруудын нийтдээ 146.0 мянган тоннын багтаамжтай буудай хадгалах элеваторуудын засварын ажлыг бүрэн дуусгаж ариутгал халдваргүйжилтийг хийлгэн өнөөдрийн байдлаар 236 аж ахуйн нэгж, иргэдээс 20.6 мянган тонн буудай хүлээн авсан бөгөөд өнөөдрийн байдлаар шинэ ургацаас нийтдээ 169.9 мянган тонн буудай борлуулагдсан мэдээтэй байгаа гэв.

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зорилгоор Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 04-ны өдөр “Хөдөө аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 241 дүгээр тогтоолыг гарган хэрэгжилтийг хангуулах чиглэлээр ажиллаж байгаа ажээ.

Энэ чиглэлээр нийт 15 аймгийн 46 сумын нутагт Ажлын хэсэг гарч ажиллан салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил, хадлан, ургац хураалтын ажлын явц байдалтай газар дээр нь танилцан иргэд, аж ахуйн нэгж болон орон нутгийн удирдлагаас тавьсан санал, хүсэлтийг судлан тодорхой үүрэг, чиглэл өгч ажиллаж байгаа гэлээ.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлсэн.

Өнөөдрийг хүртэл хөдөө аж ахуйн салбар газар тариалангийн бодлогогүй явж ирсэнд гишүүдийн зүгээс шүүмжлэлтэй хандаж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Монголчууд өөрийн гурилын хэрэгцээг дотооддоо бүрэн хангах бололцоотой байхад яагаад гаднаас улаан буудай оруулж ирэх бодлого барьж байгааг гишүүд тодотгож байсан. Уг асуудалд Үйлдвэр, хөдөө аж ахуйн Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал тайлбар хийсэн ч хариултыг хангалтгүй гэж үзэв. Мөн хивэгний экспортыг зогсоох асуудлын талаар Л.Эрдэнэчимэг гишүүний тавьсан асуултад Х.Золжаргал дарга өгсөн хариултдаа, хивэгний экспортыг зогсоох асуудал Улсын Их Хуралд өөрт нь бий. Энэ асуудлыг Засгийн газар зогсоож чадахгүй. Учир нь экспорт, импортыг зохицуулах эрх нь Улсын Их Хуралд байгаа. Өнөөдрийн байдлаар хивэг ямар ч квотгүй чөлөөт борлуулалтаар худалдаалагдаж байгаа гэсэн хариултыг өгөв.

А.Бакей гишүүн улаан буудай үйлдвэрлэгчид болон нийлүүлэлтийг төрийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Иймд төрийн оролцоо оновчтой байгаа эсэхэд бодлогын дүн шинжилгээг салбарын яам сайн хийж байх шаардлагатай. Харин зардлын бүтцийн шинжилгээ хийх бололцоогүй. Төрөөс газар тариалан эрхлэгчдийг дэмжих бодлого гаргах чиглэлээр Байнгын хорооноос үүрэг чиглэл өгөх хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлэв.

Ингээд Байнгын хорооноос Хүнсний тухай хуулийн хэрэгжилтийг хянах, дүгнэлт гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяраар ахлуулж, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, Б.Бат-Эрдэнэ, Ж.Эрдэнэбат, Л.Эрдэнэчимэг, С.Дэмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ