Д.Сумъяабазар: Эко хот байгуулахын төлөө бид зүтгэх ёстой
УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазар
2014.09.17
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

Д.Сумъяабазар: Эко хот байгуулахын төлөө бид зүтгэх ёстой

Монгол Ардын Намын Улаанбаатар бүсийн “Бидний шийдэл- Шинэ хот, Хамтдаа шийдье” зөвлөгөөнийг УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын Улаанбаатар бүс хариуцсан нарийн бичгийн дарга Д.Сумъяабазарын санаачлагаар ОУ-ын Найрамдал зусланд зохион байгуулсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай ярилцлаа.

-Энэ удаагийн чуулганаар нийслэл хотыг нүүлгэх тухай голчлон ярилаа. Яг ямар учраас энэ сэдвийг сонгох болов?

Бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангах үүднээс улсын нийслэл газарзүйн төв хэсэгтээ байрлах нь зүйтэй гэдэг байр суурьнаас ийм шийдэлд хүрлээ. Мэдээж үүнд ундны цэвэр усны хүрэлцээ, хөрөнгө мөнгө гээд олон бэрхшээл тулгамдана. Хэзээ ч бүтэхгүй гэдэг өнцгөөс харж дүгнэх хүмүүс ч бий.

Гэхдээ аливаа асуудалд шалтаг тоочих биш асуудлыг шийдвэрлэж зөв алхам хийхийн төлөө зүтгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид хэдий болтол хөрс, агаарын бохирдолд нэрвэгдсэн Улаанбаатар хотдоо амьдрах юм бэ.

Хэрвээ нүүлгэхгүй гэвэл нийслэл хотоо шинэчлэх хэрэгтэй. Тэгж байж л бид эрүүл амьдарна. Нэг ёсондоо орчин үеийн эко хот байгуулахын төлөө бүгдээрээ зүтгэх ёстой.

-Нийслэлийг хаашаа нүүлгэх тухай тодорхой яригдсан зүйл бий юу ?

Төв аймгийн Зуунмод, Өвөрхангай аймгийн Хархорин хот эсвэл Хөшгийн хөндий орчим гэж яригдаж байна. Гэхдээ эцсийн шийдвэр биш шүү.

-Эдийн засаг хүндхэн байгаа ийм нөхцөлд энэ асуудал ярих нь хэр оновчтой вэ ?

Бид шинийг эрэлхийлж ба асуудлыг шийдвэрлэнэ. Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлаас хэр болтол бид бултаж зугтах юм бэ. Хөрөнгө мөнгөний хувьд дэлхийн санхүүгийн байгууллагуудтай хамтарч ажиллавал асуудлаа бүрэн шийдвэрлэх бүрэн боломжтой.

-2016 онд болох УИХ-ын сонгуулд Шинэ хот” хөтөлбөр МАН-ын мөрийн хөтөлбөрт голлох байр эзэлнэ гэж ойлгож болох уу ?

Шинэ хот гэхээр зарим иргэн буруу ойлгож магадгүй. Шинэ хот гэдэг нь нэг талаасаа шинэ нийслэл. Гэхдээ гол санаа нь Улаанбаатар хотоо шинэчлэж, орчин үеийн шаардлагад нийцүүлье гэдэг зүйл. Энэ бол нэг удаагийн сонгуулийн ажил биш. Урт хугацааны буюу 20 жилийн стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлснээр биелэлээ олох зүйл шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ