Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд, Ажлын албаны зөвлөх М.Оюунчимэг нар байлцав
2014.08.20
Улстөр

Японы парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол нар Япон улсын парламентын доод танхимын гишүүн Сонода Хироюки, Хаяаши Мото, Никай Хидэтоши болон албаны бусад хүмүүсийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт зочид төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай морилохыг хүсээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцож буйдаа талархаж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр, манай улс мөнхийн хоёр том хөрштэй. Гурав дахь том хөрш бол Япон улс. Бид олон жилийн сайн түншийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Хүнд хэцүү үед үргэлж тусалж дэмжиж, хандив тусламж өгч донор болж ирсэнд талархалтай байдаг.

Цаашид ч Япон улстай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бид анхааран ажиллана гэлээ.

Цаашид ч Япон улстай харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхэд бид анхааран ажиллана гэлээ.

Мөн тэрээр "Богино хугацаанд эдийн засгаа сэргээн хөгжүүлэх нь монголчууд бидний хувьд нэн тэргүүний асуудал болоод байна. Үүнд Японы туршлага, дэмжлэг чухал байна.

Ялангуяа Японы хувийн хэвшлийнхэн Монголд хөрөнгө оруулах боломжийг бий болгоход эрхэм парламентын гишүүдийн дэмжлэг чухал" байгааг онцолсон юм. Ингэхдээ тус улсын санхүүжилтээр Дархан-Уул аймагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийн төсөл удаашралтай явагдаж байгааг хэлээд энэ тал дээр анхаарал хандуулахыг хүслээ.

МАН-ын бүлгийн даргын байр суурьтай Японы парламентын төлөөлөгчид санал нэгтэй байгаагаа илэрхийлээд эдийн засаг хүндрэлтэй үед нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортоо нэмэгдүүлэх чиглэлд анхаарах ёстой гэлээ.

Японы парламентын доод танхимын гишүүн Сонода Хироюки хэлэхдээ, манай хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид ч улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Мөн Монгол Улсын өнөөгийн хөгжилд улс төрийн ууган хүчин МАН-ын гүйцэтгэх үүрэг, хариуцлага чухал гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол, Монгол Улс эдийн засгийн хүндрэлтэй байгаа үед та бүхэн айлчилж байна. Тиймээс танай орны эдийн засгаа тогтвортой авч явдаг арвин туршлага бидэнд чухал. Бидний хөгжүүлж чадахгүй байгаа зарим асуудал дээр та бүхний дэмжлэг, зөвлөмж хэрэгтэй байна гэв. Мөн парламентын гишүүдээ иргэд нь шууд сонгодог Японы сонгуулийн тогтолцооны туршлагаас судлах хүсэлтэй байгаагаа энэ үеэр уламжлав.

Манай оронд айлчилж байгаа Японы парламентын гишүүд маргааш Дархан-Уул аймагт очиж үйлдвэрлэлийн бүсийг хэрхэн сэргээн хөгжүүлэх, мэргэжилтнүүдийг бэлтгэх, давтан сургах зэрэг асуудлаар газар дээр нь очиж судлах гэж байгаагаа МАН-ын бүлгийн удирдлагуудад хэллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга Ш.Раднаасэд, Ажлын албаны зөвлөх М.Оюунчимэг нар байлцав.

ШИНЭ МЭДЭЭ