С.Бямбацогт БНХАУ-ын элчин сайдтай уулзалт хийлээ
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2014.07.31
Гадаад харилцаа

С.Бямбацогт БНХАУ-ын элчин сайдтай уулзалт хийлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт төрийн ордонд албаны уулзалтуудыг хийж байна. Тэрээр өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ван Шяолуныг хүлээн авч уулзлаа.

С.Бямбацогт нь Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн даргын сонгуульт ажилтан юм байна.

Уг уулзалтад Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн дэд дарга, MCS группын дэд ерөнхийлөгч Н.Энхтүвшин, "Барс" группын захирал Ч.Амарбаатар нар оролцлоо.

Уулзалтаар Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн хүрээнд БНХАУ-ын дарга Ши Жинпин манай улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан хоёр улсын хоорондох бизнесийн асуудлыг ярилцлаа.

БНХАУ-ын дарга Монгол Улсад 11 жилийн дараа айлчлах нь түүхэн ач холбогдолтой, хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бизнес эрхлэгчид ихээхэн ач холбогдол өгч байгааг Монгол-Хятадын бизнесийн зөвлөлийн даргын хувьд С.Бямбацогт онцлов.

Мөн айлчлалыг үр дүнтэй болгох, улс орондоо хэрэгтэй шийдвэрүүд гаргуулах талаар УИХ дахь МАН-ын бүлэг анхааран дэмжиж ажиллахаа дурдав.

БНХАУ-ын дарга Ши Жинпиний айлчлалын хүрээнд 30 гаруй баримт бичигт гарын үсэг зурахаар талууд бэлтгэж байгаа аж. Эдгээрийн 50 гаруй хувь нь худалдаа, эдийн засгийн баримт бичигүүд байгааг энэ үеэр талууд ярилцлаа.

Монгол-Хятадын бизнесийн зөвлөлд хоёр улстай худалдаа хийдэг бүхий л салбарын бизнес эрхлэгчид багтдаг байна. Тиймээс айлчлалын хүрээнд яригдах асуудлын талаар зарим саналуудыг оруулахаар тохиролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ