Д.Сумъяабазар: Яамны ажилтнууд өрөөндөө тамхи татдаг байдлыг арилгах хэрэгтэй
Д.Сумъяабазар, Байнгын хорооны хуралдаан дээр
2014.06.18
Эрүүл мэнд

Д.Сумъяабазар: Яамны ажилтнууд өрөөндөө тамхи татдаг байдлыг арилгах хэрэгтэй

Өнөөдөр хуралдсан Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат тамхи татах цэг байгуулах болон сургууль цэцэрлэгээс 500 метр газар тамхи татахгүй гэдэг заалт дээр нэмж эмнэлэг, сувилал гэсэн заалт оруулах талаар өөрчлөлт оруулах гэсэн ч гишүүд дэмжээгүй юм. Байнгын хорооны хуралдаан дээр гишүүд асуулт асууж хариулт авсныг хүргэе.

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг:
Энэ хуулийн төслөөр ажлын байрны дотоод орчинд тамхины цэг байгуулах асуудлыг хөнджээ. Иргэд гадаа гарч тамхи татаад сурчихсан. Тамхи татдаг хүмүүс тодорхой хэмжээгээр тамхинаас татгалзаад байна. Тамхи татахыг эсэргүүцэж байгаа хэдэн мянган хүн надад хандаж байна. Ордон дотор тамхи татдаг хэдхэн эрэгтэй гишүүний эрх ашгийг бодож тамхины цэг байгуулах төсвийг батлах уу?

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбатын хариулт: Хуульд оруулж ирэх гээд байгаа нэмэлт, өөрчлөлт нь хэн нэг тамхи татдаг хүний эрх ашгийг хамгаалах тухай асуудал биш хууль өөрөө дархлаагүй болох гээд байгаа тул уг хуулийг хамгаалахад чиглэгдэж байгаа юм. Хуулийн цоорхойгоор зөрчилдөөд байгаа олон асуудал байна, тэдгээрийг шийдэх хэрэгтэй гэсэн санаа.

тамхи татах цэг байгуулах болон сургууль цэцэрлэгээс 500 метр газар тамхи татахгүй гэдэг заалт дээр нэмж эмнэлэг, сувилал гэсэн заалт оруулах талаар өөрчлөлт оруулах гэсэн ч гишүүд дэмжээгүй юм.

Зардлын тухайд, Хог хаягдлын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын төлсөн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сум, дүүргийн төсөвт төвлөрүүлдэг. Энэ төвлөрсөн хөрөнгийг хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, устгах, хог хаягдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжих зориулалтаар зарцуулахаар хуульд заасан байдаг.

Иймд Тамхины хяналтын хуулиар хориглосноос бусад нийтийн эдэлбэр газарт байгуулах тамхи татах цэгийн байршил, төсвийг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэж, зөвшөөрөгдсөн цэг байгуулах зардалд зарцуулж болохоор байгаа юм. Харин аж ахуйн нэгж байгууллагын дотоод орчин дахь тамхи татах цэгийг тухайн байгууллага өөрийн аж ахуун тооцоон дээрээ үндэслэн байгуулах боломжтой.

Энэ хуулийн 21.1-д “Хог хаягдлыг бууруулах, цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах, устгах үйл ажиллагаа эрхэлсэн болон хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сурталчилж, урамшуулал олгоно” гэж заасны дагуу тамхи татах зөвшөөрөгдсөн цэг байгуулсан, тамхины иш хог хаягдлын асуудлаа шийдвэрлэж чадсан иргэн аж ахуйн нэгж байгууллагыг сурталчилж урамшуулал олгох боломж ч мөн байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Миний санаачилсан хуулийг унагачихаад тамхины цэг байгуулах  гэсэн хууль оруулж  ирлээ. АН-ын бүлгийн дарга хууль дээрэмдэгч болоод байна уу?

Д.Эрдэнэбатын хариулт: Би хууль дээрэмдэгч биш. Таныг дэмжиж гарын үсэг зурж байсан. Таны өргөн барьсан хуулийн төсөл нэгэнт унасан тул би УИХ-ын хуралдаан дээр хуулийг дахин өргөн барина гэдгээ хэлж байсан. Тамхины цэг байгуулах гэдэг дээр нь. УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлах эрхээ хэрэгжүүлж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: Өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд тамхи татдаг хүмүүстэй яаж хуулийн дагуу тэмцэх вэ гэдгийг ярилаа. Батлагдсан хууль ихэнх иргэдэд таалагдаж байгаа. Гэхдээ хяналтыг сайжруулах шаардлагатай байгаа юм. Хуулийг хэрэгжүүлэхийн тулд хариуцаж буй яам, тамгын газруудтай хамтран ажиллах хэрэгтэй.  Гэтэл аль нэг яамны ажилтны өрөөнд яваад орохоор өрөөндөө тамхи татаж л байдаг. Хуулийг өөрсдөөсөө эхэлж мөрдөх ёстой. Би өөрөө тамхи татдаггүй. Гэхдээ татдаг хүмүүст тодорхой хэмжээний орон зайг бүрдүүлж, хууль хэрэгжих нөхцөлийг хангаж өгөх шаардлагатай байна. Хууль амьдрал дээр хэрэгжих ёстой гэдэг нь зөв. Иймд энэ хуулийн төслийг дэмжиж байна гэлээ.

Ийнхүү гишүүд үг хэлж, саналаа хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Санал хураалтаар гишүүдийн олонх нь тамхины цэг байгуулахыг дэмжсэнгүй.

ШИНЭ МЭДЭЭ