УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2014.05.14
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Д.Сумъяабазар: Энд угаас цаг хугацаа хэрэгтэй

“Мо Эн Ко” ХК-ий хувьцааг Монголын төр авахаар яригдаж эхэллээ. Улсын зардлаар хайгуулын ажил хийгдсэн ч хувьд шилжсэн Хөшөөтийн орд Гонгконгийн биржид бүртгэлтэй компанийх учир энэ нь олон улсад таагүй мэдээлэл болох юм. Гэвч Уул уурхайн сайд Д.Ганхуяг Хөшөөтийн ордыг эзэмшигч “Мо Эн Ко” ХК-д шаардлага хүргүүлсэн байна.

Засгийн газрын шийдвэрээр Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн ордыг Монгол улсын стратегийн ордод оруулах ажлыг Уул уурхайн яаман дээр байгуулсан. Гэвч Гонгконгийн хөрөнгийн биржэд хувьцаагаа гаргасан олон нийтийн өмчит компани болох “Мо Эн Ко” ХК-д шууд халдаж болохгүй байна. Хэдий төрийн зардлаар хайгуулын ажил хийгдсэн ч 100 хувь хувийн өмчит болгож хувиргасан Хөшөөтийн ордыг эзэмшигч тус компани 34-51 хувиа Засгийн газарт алдвал олон улсын хөрөнгийн зах зээл, бизнесийн төвүүдэд Монголын төрийн  хууль бус үйлдлийг илчилнэ хэмээн тулгажээ. Монголын биш Лондонгийн хөрөнгийн биржээс мөнгө босгон ХК байгуулсан тул төр ч үйл ажиллагаанд нь шууд оролцох эрхгүй болж байна.

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар: “Мянга хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлаад энэнийхээ дагуу орж ирнэ гэсэн горьдлого тээгээд байх шиг байгаа юм. Энд угаас цаг хугацаа хэрэгтэй. Нөхдүүд  Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг сайжрахыг хүлээгээд ч гэдэг юм уу, хууль эрх зүйн орчныг сайжруулах зэрэг  арай өөр, таатай нөхцлийг бүрдүүлнэ гээд хараад суухгүй. Алдагдал хүлээхгүйн тулд өөрийн босгосон хөрөнгө оруулалтаа Монгол шиг олон улс орнууд руу ижил  түвшний салбарууддаа оруулаад явна.”

Хөшөөтийн уурхайгаас 2011 онд 300 мянган тонн, 2012 онд 700 мянган тонн нүүрс олборлож нийтдээ 1 сая орчим тонн нүүрсийг экспортолжээ

Хөшөөтийн нүүрсний ордыг олон янзаар тайлбарладаг. 87,5 сая, 200-360 сая, 2,4 тэрбум тоннын нөөцтэй зэрэг өөр өөр мэдээллүүд бий. Хөшөөтийг 2,4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй хэмээн “Мо Эн Ко” ХК Гонгконгийн хөрөнгийн бирж дээр мэдээлж олон улсын валютын зах зээл дээрээс мөнгө босгосон бол манай эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 87,5 сая тонноор үнэлжээ.

Хөшөөтийн уурхайгаас 2011 онд 300 мянган тонн, 2012 онд 700 мянган тонн нүүрс олборлож нийтдээ 1 сая орчим тонн нүүрсийг экспортолсон гэж уулын ажлын тайландаа дурдаж ашигт малтмалын газар дурдсан байдаг бол 2013 онд үйл ажиллагаагаа зогсоожээ. Одоо Засгийн газар Гонгконгод бүртгэлтэй олон нийтийн компаний эрхийг авах эсэхийг л харах үлдэж байна. Хөшөөтөөс гадна 30 ордыг төр мэдэлдээ авахаар яригдаж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ