Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай улсын их хурлын тогтоол батлагдлаа.
2014.01.20
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Төрийн хувийн хэвшлийн орчинд халдаж болохгүй

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай улсын их хурлын тогтоол батлагдлаа.

Уул уурхайн салбарт баримтлах 10 жилдээ тогтвортой мөрдөгдөх учраас хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ хэмээн хууль тогтоогчид найдаж байгаа.

Нэг асуудлаар хоёр намын бүлэг дараалан завсарлага авсан тохиолдол Монгол төрийн түүхэнд байхгүй. Эсэргүүцэл шүүмжлэл дүүрэн, мэтгэлцээн өөрчлөлт ихтэй төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах тухай улсын их хурлын тогтоол батлагдаж байна. Төр бизнес эрхлэгчидтэй өрсөлдөх биш, хяналт шалгалт зөвшөөрлийн хүрээнд ажиллах зарчим гарснаар уул уурхайн салбарт хөрөнгө оруулах сонирхолтой компанийн тоо өснө гэж найдаж байна.

МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт: Хувийн хэвшлийнхэн өөрийнхөө хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоож, ашиглалтын лиценз авсныг нөөцлөн хадгалах гэсэн агуулгаар хувийн хэвшлийн орчин руу халдаж болохгүй гэж үзэж байна.

Уул уурхайн сайд Д.Ганхуяг: Төрийн зүгээс ямар бодлого баримтлах, ил тод нээлттэй байх, аль болох эрх зүйн орчныг тогтвортой болгох, хөрөнгө оруулагчдыг ангилахгүй өмчийн хэлбэрээр бас ангилахгүй гэдэг гол зарчмууд орсон. Бас төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилж энэ салбарыг хөгжүүлэх бодлогууд орсон. Геологийн салбар бол маш чухал. Аливаа улс орон газрын хэвлийд байгаа ашигт малтмалаа таних, нөөцөө тогтоох, ингэснээр тухайн орны эдийн үнэлгээ үнэлэмж олон улсын холбогдох байгууллагаар сайн гардаг үзүүлэлт байгаа. Боловсруулах үйлдвэрийн хувьд ойлгомжтой болсон.

гишүүн Л.Энх-Амгалан: Манай нийт газар нутгийн 70 орчим хувь нь нөөцөд байгаа. Ямар нэгэн хайгуулын ашигт малтмалын лиценз нь байхгүй гэсэн үг. Тэгэхээр нийт газар нутгийн 70 хувь нөөцөд байгаа учир үлдсэн 30 хувиас дахиад нөөцөлнө гэдэг тохиромжгүй. Уул уурхайн салбар хөгжих хэрэгтэй, бусад салбараа өсгөх ёстой. Дан ганц уул уурхайгаас хараат бус эдийн засгийн салбарууд хөгжсөн улс орон байх ёстой.

гишүүн С.Одонтуяа: Урт нэртэй хууль гарахдаа эргэж үйлчилсэн. Компаниудын үйл ажиллагааг зогсоохдоо оруулсан хөрөнгө оруулалтыг төрөөс нөхөн олговор олгосон тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцална гээд хуульд заасан хэрнээ. Нөхөн олговрыг олгохгүйгээр 1300 гаруй компанийн үйл ажиллагааг зогсоосон. Тэгэхээр 1300 компани шууд дампуурсан гэж хэлж болно.

Байнгын хороо болон ажлын хэсгээс гарсан зарчмын зөрүүтэй саналууд 300 гарч тус бүрээр нь санал хураасны дараа тогтоолын төслөөр нь баталж байгаа. Чамбай хуулийн төсөл болсон хэмээн гишүүд дүгнэж байна. уул уурхайн салбарт баримтлах бодлогоо тодорхой болгохоор сүүлийн гурван парламент хэлэлцээд шийдвэрлэж чадаагүй байсан юм.

ШИНЭ МЭДЭЭ