Тэтгэвэрийн мөнгө нь үр хүүхэд, хань ижилд нь ч үлдэхгүй.
2014.01.17
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

С.Эрдэнэ: Үнэнч хань л “Хамтын тэтгэврийн” үр шимийг хүртэнэ

Өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагийн хэлхээсэнд амьдардаг хэн ч гэсэн өтлөхийн цагт улс эх орондоо ажиллаж хөдөлмөрлөсөн үнэлэмжээр “тэтгэвэр” авч насны эцэс хүртэл амар тайван амьдардаг.

Дэлхийн улс орнуудад ахмадын тэтгэвэр амьдралд нь төдийгүй аялал жуулчлалаар явахад ч хангалттай хүрэлцдэг гэдэг. Харин манай улсын иргэд залуу халуун насаа улс эх орныхоо сайн сайхны төлөө зориулж, үнэнчээр хөдөлмөрлөсөн ч тэтгэвэрт гарахдаа “амь зуулга” төдий хэдэн төгрөг авах болдог.

Ахмадуудын гар дээр очиж байгаа мөнгө нь амьдралд нь хангалттай хүрэлцдэггүй, хос хоёрын нэг нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн бол тэтгэврээ өвлүүлж үлдээх гэсэн асуудал байдаггүй.  Тэтгэвэрийн мөнгө нь үр хүүхэд, хань ижилд нь ч үлдэхгүй. Гэтэл тухайн айл өрхийн тог цахилгаан зэрэг зардал нь хэвээр гарсаар, үлдсэн нэг нь ядруухан амьдрах тавилан тохиодог.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Д.Арвин нарын гишүүд Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг санаачилж, УИХ-д өргөн бариад байгаа юм. Уг хуулийн талаар иргэд маш ихээр сонирхож, анхаарлаа хандуулж байгаа тул гишүүд энэ хуулийн төслийн гол санаа нь юу байв, энэ хуулиар тэтгэврийн хэдэн төгрөгөө үе дамжуулж болох уу зэрэг асуултуудад хариулж, хуулийн төслөө өчигдөр тайлбарласан юм.

Хуулийн төслийг чуулганаар хэлэлцэж эхлээгүй байгаа ч өргөн баригдсан өдрөөсөө эхлэн олны анхаарал татаж эхэлсэн уг хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн, ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэтэй ярилцсанаа хүргэж байна.

-Хамтын тэтгэврийн даатгалын тухай хуулийг өргөн барилаа. Энэ хуулийг яагаад санаачлах болов? Хуулийн зохицуулалтыг хэрхэн хийх вэ?

Хуулийг гаргах болсон гол шалтгаан гэвэл өнөөдрийн Монгол гэр бүлийн үнэ цэнэ, бат бэх байдал алдагдсантай холбоотой.

-Хуулийг гаргах болсон гол шалтгаан гэвэл өнөөдрийн Монгол гэр бүлийн үнэ цэнэ, бат бэх байдал алдагдсантай холбоотой. Мөн өмнө нь  хэдэн үеэрээ, олуулаа нэг гэрт амьдардаг байсан бол ахмад настнууд өнөөдөр бие дааж амьдрах хандлага ихэссэн байна. Үүнээс болж ахмад настнуудын амьдрал, нийгмийн хамгааллын асуудлууд яригдаж байгаа. Тиймээс “Гэр бүлийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор ахмад настны нийгмийн баталгааны асуудлыг анхаарч байна. “Хамтын тэтгэврийн тухай” хуулийг гаргаснаар ахмад настнууд аливаа эрсдэлд орохоос хамгаалах, тайван амьдрах орчинг нь бүрдүүлэх зорилготой.

Мөн гэр бүлийн үнэ цэнэ, баталгаатай байдлыг хангах том хөшүүрэг болно гэсэн үг. Ер нь хорвоогийн жамаар гэр бүлийн хоёрын хэн нэг нь түрүүлж мөнх бусыг үзүүлдэг. Харин үлдсэн нэг нь сэтгэл санааны хямралд орохоос гадна амьдралын, эдийн засгийн байдал нь ч хүндэрдэг. Өнөөгийн ахмадууд бүгд социализмын үед амьдарч байсан. Цалингаас цалингийн хооронд ажиллаж энэ амьдралаа босгож ирсэн тул хуримтлалгүй байдаг. Насаараа ханилсан ханиа алдсан хүний сэтгэл санаа маш хүнд болохоос гадна орлого нь хоёр дахин буурдаг.

Хоёр буурай 360 мянган төгрөгийн орлоготой байлаа гэхэд  нэг нь өнгөрөхөөр 180 мянган төгрөгийн орлоготой болж хүндрэл үүсдэг. Сэтгэл санааны хохирлоос гадна ийм орлоготой үлдсэн хүн яаж амьдрах вэ. Хоол унднаас эхлээд хувцас хэрэглэл, ахуйн хэрэглээ гээд олон зүйл дутагдана. Үүнээс болж тэтгэврийн зээл авч хүүд нь давхар шатаж бүр эцэст нь өөртөө байгаа бүхнээ өгч өрнөөс салаад орох оронгүй үлдэх тохиолдол ч олон байна. Тиймээс тэтгэврийн насны нэг гэр бүлийн хоёрын нэг нь бурхан болоход нөгөөх нь талийгаачийнхаа тэтгэврийг үргэлжлүүлэн авах хуулийн төсөл өргөн барьж байгаа юм.

-Хамтын тэтгэвэр авах тодорхой шалгуур нь юу байгаа вэ?

-Гэр бүл болсноос хойш 10 буюу түүнээс дээш жил нэг гэрт амьдарсан, гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч иргэн байх ёстой юм. Өөрөөр хэлбэл доод тал нь 10 жилийн хугацаанд нэг хаягт хамт амьдарсан, дундаасаа үр хүүхэдтэй “жинхэнэ” гэр бүл байна. Харин хамт амьдарч, үр хүүхэдтэй болсон ч албан ёоор гэрлэлтээ батлуулаагүй бол энэ хуульд хамаарахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн эхнэр нөхөр хоёулаа тэтгэвэрт гартлаа 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байх учиртай.

-Хуулийн төсөлд 20-иос дээш насны зөрүүтэй бол хамтын тэтгэвэр олгохгүй гэсэн байна. Энэ заалтыг тайлбарлавал?

 -Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш бидний бодоогүй олон хэрэг гарах болсон. Жишээ нь тухайн өндөр настныг төөрөгдүүлж байгаад гэр бүл болж, нас барахаар тэтгэврийг нь авахаар шунахай зан гаргах нэгэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв ийм тохиолдол гарвал тэр хүн 30-40 жил тэтгэвэр аваад явна гэсэн үг. Гэтэл амьдралынх нь жинхэнэ хань ижил байж чадсан уу гэвэл үгүй. Мөн гэрлэлтээ батлуулсан ч хамт амьдардаггүй хүмүүс энэ хуульд хамаарахгүй.

-Хувь тогтоож өгөх үү, хэзээ хүртэл авах боломжтой вэ?

-50, 70, 100 хувь гэсэн гурван дүнг санал болгож байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж байгаад хэдэн хувь гэдгийг тогтооно. Тэтгэврийн санд хүндрэл үүсэхгүй гэж үзвэл 100 хувиар тогтоох юм. Хүндрэлтэй бол 50 хувь гэх жишээтэй байгаа. Одоогийн нөхцөл байдлыг харахад хууль энэ ондоо багтан батлагдаж чадвал 100 хувиар олгох боломжтой. Хугацааны хувьд үлдсэн эхнэр, нөхөр хорвоогийн мөнх бусыг үзүүлтлээ авна. Ханийгаа өнгөрснөөс хойш хэдэн жил амьдарна тэр хугацаанд авна гэсэн үг.

Ер нь ард иргэдээс маш их гомдол ирж байна. Аав, ээж, хань ижил маань насаараа улсад ажилласан. Гэтэл 60 настай тэтгэвэрт гараад 61 настай өөд болчихлоо, авах ёстой тэтгэврийг нь хэн авах вэ гэдэг. Өнөөгийн хуулиар тухайн тэтгэврийн хуримтлал шууд хаагдаад нийгмийн даатгалын орлого болдог. Тэгэхээр тэтгэврийг гэр бүлийнхэнд нь өвлүүлдэг систем рүү оруулах эхний ажил энэ юм. Мөн цаашдаа тэтгэврийн олон зохицуулалтыг хийнэ.

-Хамтын тэтгэвэр хэрэгжиж эхэлбэл Нийгмийн даатгалын сангаас гарах санхүүжилт нэмэгдэж, хүндрэл үүсэхгүй юу. Энэ тал дээр судалгаа хийсэн үү?

Бид бүх талын эрсдэлийг нарийн тооцож үзсэн. Хүн амын дундаж насжилт 2030 он хүртэл одоогийнхоос нэг их зөрүүтэй байхгүй.

-Бид бүх талын эрсдэлийг нарийн тооцож үзсэн. Хүн амын дундаж насжилт 2030 он хүртэл одоогийнхоос нэг их зөрүүтэй байхгүй. Өөрөөр хэлбэл нийт хүн амын дунд хөдөлмөрийн насныхны эзлэх хувь хамгийн өндөр түвшинд байна гэсэн үг. Тэгэхээр 2030 он хүртэл тэтгэврийн насны хүн амын тоо огцом өсөхгүй. Хоёрдугаарт одоо тэтгэвэр аваад явж байгаа хүн ертөнцийн мөнх бусыг үзүүлээгүй бол тэтгэврээ үргэлжлүүлээд авч л байх байсан.

Ингэж тооцож байгаа. Тэгэхээр ахмад настан нас барлаа гэхэд гэр бүлийн хүн нь амьд байх хугацаандаа хань ижлийнхээ авах байсан тэтгэврийг авна гэсэн үг. Ахмад настнуудынхаа амьдрах хугацаанд нь нийгмийн баталгааг нь хангах, ямар нэгэн эрсдэлд оруулахгүй байлгах зорилготой энэ хуулийг санаачилсан. Эдийн засгийн хувьд бол нэг их хүндрэл үүсгэхгүй.

-Хууль батлагдсанаас өмнө нас барсан хүмүүс нөхөн авах боломжтой юу?

-Энэ асуудалд хуулийн зохицуулалт хийнэ. Тэдэн оноос хойших гэдэг ч юм уу. Тэгэхгүй бол үүнийг ярьж, хэлэлцэж байхад өөд болчихсон хүмүүсийн ар гэрийнхэнд  хохиролтой болно. Бид бүх талын эрсдэлийг тооцож үзсэн. Тэр хүн амьд байсан бол энэ мөнгийг авах л байсан шүү дээ. Ахмад настныг амьдрах хугацаанд нь ямар нэгэн эрсдэлд оруулахгүй байлгах, ядуурлаас сэргийлсэн хууль.

Гишүүд тэтгэврийн насыг наашуулна гэж яриад байгаа. Энэ нь буруу юм. Олон улсын жишгээс харахад ч тэр аль ч улс оронд тэтгэврийн насыг наашлуулдаггүй. Харин ч эсрэгээрээ уртасгаж, ахмад настнуудаа хөдөлмөр эрхлэх боломжийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хөгжлөө дагаад тэтгэврийн насыг нэмэгдүүлэх учиртай юм. Ахмадуудыг тэтгэвэрт гарлаа гээд орхиж болохгүй.

-УИХ дахь МАН-ын бүлэг малчдын тэтгэврийн насыг наашлуулах талаар ярьж эхэлсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Монголчуудын дундаж наслалт 67-68 орчим байгаа. “Хүн амын хөгжлийн цогц бодлогын баримт бичиг”-т тусгаснаар 2024 он гэхэд монгол хүний дундаж наслалтыг 75 болгоно гэж зорьж байгаа. Ингэхийн тулд нийгэм эдийн засаг, ахуй орчны маш олон нөхцөл байдлыг өөрчлөх шаардлагатай. Ер нь хөгжиж буй орнуудын жишгээс харахад тэтгэврийн насыг бууруулдаггүй. Яагаад гэвэл хөгжлөө дагаад хүн амын дундаж наслалт нэмэгдэж байдаг юм.

Тэгэхээр өнөөдөр манай дундаж наслалт хэт өндөр болоогүй байхад л ахмад настны хөдөлмөр эрхлэлт, нийгмийн бодлого сөхөгдөөд эхэлсэн. Өмнө нь тэтгэвэрт гарлаа гээд л орхидог байсан бол одоо тэгж болохгүй болсон. Насан туршийн боловсрол олгох, хөдөлмөр эрхлэх боломжийг хангах гээд олон шаардлага байна. Тийм учраас тэтгэврийн насыг наашлуулах нь сайн зүйл биш.

Харин малчдын ажилласан хугацааг арай илүү уртаар тооцож байх зэрэг зохицуулалт хийхээр ярьж байгаа. Учир нь цаг наргүй ажиллаж байгаа учир нэг жилийг нь 1 жил 6 сараар тооцох гэх мэтээр илүү өөрт нь шаардлагатай, бодит тусламжийг үзүүлэх талаар зохицуулалт хийнэ.

-Суурь тэтгэвэртэй болох талаар мөн ярьж байсан. Энэ талаар тодруулбал?

-Одоо УИХ-аар Баялгийн сангийн тухай хууль хэлцэж эхлэх гэж байна. Үүнтэй холбогдуулж манай яамнаас Тэтгэврийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа. Өнөөдрийн нэг шатлалтай Тэтгэврийн даатгалын хуулийн дагуу одоогийн тэтгэвэр авч буй иргэдийн амьжиргааны наад захын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа. Тиймээс энэ хуульд өөрчлөлт оруулж, гурван шатлалтай тэтгэврийн тогтолцоо руу шилжихээр зорьж байгаа юм.

Нэгдүгээрт суурь тэтгэвэртэй байна, хоёрдугаарт одоогийн тэтгэврээ хадгална, гуравдугаарт нэмэлт тэтгэврийн сантай болно. Энэ сан нь өмчийн олон нийтийн оролцоотой байх юм. Суурь тэтгэвэр гэдгийг тайлбарлавал, тэтгэвэрт гарсан хэнд ч нас хүйс, ажилласан жил харгалзахгүйгээр тэгш суурь тэтгэвэр олгоно.

Жишээ нь 50 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгоод, дээр нь одоогийн тэтгэврийг нэмж өгөх юм. Бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсвөл суурь тэтгэвэр дагаад өснө. Нэг үгээр хэлбэл тэтгэвэр авагчдыг аливаа үнийн хөөрөгдөл, хэлбэлзлээс хамгаална гэсэн үг.

ШИНЭ МЭДЭЭ