"Бүтээн байгуулалтын цаг уулзалт" өнөөдөр Төрийн ордонд боллоо
2013.12.23
Улстөр

Оюутолгой 692 мянган тонн баяжмал үйлдвэрлэнэ

Долоо хоног бүрийн даваа гаригт зарлагддаг "Бүтээн байгуулалтын цаг уулзалт" өнөөдөр Төрийн ордонд болж Оюутолгой төслийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг холбогдох албаны хүмүүсээс мэдээлэл сонслоо.

"Эрдэнэс Оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболдын мэдээллээр "Оюутолгой" ХХК нь баяжуулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар энэ сарын 18-ний байдлаар 252.2 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэжээ. Үйлдвэрлэсэн баяжмалынхаа 70.2 мянган тонныг БНХАУ-ын Ганц модны боомтын Хуафанг гаалийн баталгаат агуулахад тээвэрлэж хүргүүлснээс хайлуулах үйлдвэрүүд 16.9 мянган тонн зэсийн баяжмалыг татан авсан мэдээтэй байгаа аж.

Ирэх оны хувьд 692.3 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэнэ гэсэн тооцоо гаргажээ. Дээрх хэмжээний зэсийн баяжмал үйлдвэрлэж импортолж чадсан нөхцөлд эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлэх боломжтойг "Эрдэнэс оюутолгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал онцоллоо.

"Оюутолгой"ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хоёр долоо хоногийн өмнө хуралдсан. Уг хуралдаанаар тус компанийн 2014 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон төсвийг баталжээ. Ингэхдээ хөрөнгө оруулалтын зардлыг 1.283 сая ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2.653 сая ам.доллар байхаар тооцсон аж.

Оюутолгой төслийн үйл ажиллагаанд энэ сарын 1-ний байдлаар 2587 монгол ажилчин, 285 гадаад мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд ажил үйлчилгээ гүйцэтгэж буй гэрээлэгч компаниудын ажилтнуудыг оролцуулбал нийт 7743 ажиллагсад байгаа. Нийт ажиллагчдын 93.3 хувь нь буюу 7222 нь Монгол ажилчид юм байна.

Оюутолгой төслийг эрчим хүчээр хангахын тулд Тавантолгойн цахилгаан станц төсөл дээр Эрчим хүчний яам, төслийг хэрэгжүүлэгч нэгж, бусад холбогдох байгууллагуудтай хамтарч төслийг боловсруулах, хөрөнгө оруулагчийг татан оролцуулах үйл ажиллагаанд хамтран ажиллаж байгаа аж. Мөн "Оюутолгой" ХХК нь Ханбогд сумын Засаг даргын Тамгын газартай хамтран ажиллах хүрээнд сумын төвд 5 км хатуу хучилттай авто замыг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн байгуулжээ.

Үүнээс гадна "Оюутолгой" ХХК-ийн зүгээс өөрийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын төв рүү 45 км урттай 35 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцын хамт барьж байгуулан өөрийн импортолж буй эрчим хүчинд холбосноор Ханбогд сум байнгын эрчим хүчтэй болсон тухай холбогдох албаныхан онцоллоо.

ШИНЭ МЭДЭЭ