УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд завсарлага авлаа
2013.12.20
Улстөр

УИХ дахь МАН-ын бүлэг хоёр өдрийн завсарлага авлаа

УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг системийг өнөөдрийн хуралдаанаас эхлэн ашиглах болсон нь асуудалд гишүүд өөр өөр байр сууринаас хандав.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаагүй байхад гишүүдийг хурууны хээгээр бүртгэх нь хуульд нийцэхгүй байна гэсэн байр сууринаас хандсан.

Харин УИХ-ын дарга З.Энхболд, хуралдаан даргалагч хуралдааныг товлосон цагт эхлүүлж дэгийн дагуу зохион байгуулах эрх, үүрэгтэй хэмээн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг гэдгийг гишүүдэд сануулсан.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт хурууны хээгээр ирц бүртгэхэд зарим нэг асуудал гарсан учир техникийн асуудлыг шийдтэл хуралдааныг хойшлуулья гэсэн санал гаргасан бол УИХ-ын гишүүн Р.Гончигдорж гишүүд гар өргөөд санал хураалтыг явуулчихья гэсэн горимын саналыг гаргасан.

МАН-ынхан чуулганыг орхив

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, хэрэв гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг болж байгаа бол Байнгын хорооны ирцийг ч ийм журмаар бүрдүүлэх хэрэгтэй хэмээж байлаа. УИХ-ын гишүүн А.Бакей, гишүүд сайд огцруулах асуудал ярих болохоор танхим дүүрэн цуглаад улс орны амин чухал асуудал хэлэлцэх гэж байхад хуралдаа ирдэггүй.

Эсвэл өөрийнхөө өмнөөс хүнээр бүртгүүлээд, саналаа өгүүлж хууль тогтоох ажиллагаанд хариуцлагагүй ханддаг. Энэ зуршлыг өөрчлөх гэж, сонгогчдыг төлөөлж буйгаа ухамсарлан хуралдаа биеэрээ ирж, идэвхтэй оролцдог байгаасай гэсэндээ хуулийн төслийг санаачиллаа. Үүнийг улстөржүүлэх хэрэггүй гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг болгох гэж буйг зөв ажил гэж хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлээд, гэхдээ хурууны хээгээр зөвхөн бүртгүүлдэг байх биш, саналаа ч хурууны хээгээрээ өгдөг байх ёстой гэсэн байр суурьтай байлаа. Ингэж байж хүний өмнөөс кноп дардаг явдал арилна хэмээсэн.

ШИНЭ МЭДЭЭ