С.Бямбацогт: Батлаагүй хуулиа хэрэгжүүлэх гэж оролдлоо
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2013.12.20
Улстөр

С.Бямбацогт: Батлаагүй хуулиа хэрэгжүүлэх гэж оролдлоо

Чуулганы нэгдсэн хуралдаан завсарласны дараа МАН- ын бүлгийн дарга С.Бямбацогт, гишүүн Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийж завсарлага авах болсон шалтгаанаа тайлбарлалаа.

С.Бямбацогт гишүүн “Ашиглаж эхэлсэн тоног төхөөрөмж нь алдаатай байлаа. Мөн хуулиа баталчихаад үүнийгээ ашиглах ёстой. Жилийн өмнө хэдэн гишүүн нийлээд хурууны хээгээр ирц бүртгэдэг, санал хураадаг болох хуулийн төсөл өргөн барьсан. Түүнийг хэлэлцээгүй байж гуравхан хоногийн өмнө өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэж байгаа нь шударга бус байна. Тиймээс хоёр хоногийн завсарлага авлаа.

Олонх МАН-ын бүлэг төрийн ажлыг гацаалаа гэж буруугаа чихэх байх. Энэ бол гацааж байгаа хэрэг биш. Нэгдүгээрт, тоног төхөөрөмжөө шалгаж найдвартай ажилладаг болгох, хоёрдугаарт, хууль зөрчиж биш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах, гуравдугаарт, УИХ- ын гишүүдийг ялгаварлан гадуурхдаг биш эрх тэгш, эрх үүргээ биелүүлэх боломж бололцоогоор хангая гэдэг үүднээс бид завсарлага авсан" гэлээ. Д.Лүндээжанцан гишүүн “Зарим нь хурууны хээгээр бүртгэх явдал будилснаас болоод завсарлага авч улстөржиж байна гэх байх.

Энэ бол жижиг асуудал биш парламентын ардчилал, парламентат ёс алдагдлаа. Уг нь зөвшилцлийн ардчилал руу явах ёстой. Гэтэл энэ парламентад зөвшилцөл алга. Сайд нарыг огцруулах асуудал тавихаар биднийг Засгийн газарт орох гэж санаархаж байна гэх юм. Тийм санаа бидэнд байхгүй. Гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэдэг болох нь зөв. Гэхдээ хурууны,хээгээр зөвхөн бүртгүүлдэг байх биш, саналаа ч хурууны хээгээрээ егдөг байх ёстой.

Одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд нь хурууны хээгээр саналаа өгөх заалт алга.

Ингэж байж хүний өмнөөс кноп дардаг явдал арилна. Одоо хэлэлцэж байгаа хуулийн төсөлд нь хурууны хээгээр саналаа өгөх заалт алга. Зөвхөн бүртгүүлэх юм байна. Мөн эрт ирсэн нь хамгийн эхэнд асуулт асууж, үг хэлдэг болох юм байна. Энэ ч учир дутагдалтай. Сүүлд үг хэлэх шаардлага гардаг. Тэр тохиолдолд яах вэ. Хамгийн сүүлд ирэх ёстой болж байна уу" гэлээ. Ц.Нямдорж гишүүн “Төсөв, Мөнгөний бодлого баталснаас хойш УИХ амралтын байдалд шилжлээ.

Сайд нар нь чуулганы үйл ажиллагаанд оролцохоо болилоо. Үүний цаана УИХ-ын хямрал явагдаад байна. Хуулиа батлаагүй хэрнээ хурууны хээгээр бүртгэдэг системээ ашиглах гэж оролдлоо. УИХ-ыг нэгтгэх, зөвшилцөх ажлыг УИХ-ын дарга хийх ёстой. Гэтэл УИХ-ын дарга нь АН-ын бүлгийн дарга шиг ажиллаад байгаа учраас парламент дахь зөвшилцөл алга болж, хямрал явагдаад байна.

УИХ хяналт тавих үүргээ умартаж Засгийн газрын хүссэнээр ажилладаг боллоо. Сайд нарт хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэх гэхээр УИХ-ын дарга нь хуульгүйгээр гишүүдийг хурууны хээгээр нь бүртгэх гэж будилууллаа. Болохгүй, бүтэхгүй байгаа бүхний эхлэл УИХ-д байна. Тиймээс УИХ тарах ёстой. Би УИХ-ын даргаар ажиллаж байхдаа аль болох эв зүйг нь олж, зохицуулж ирсэн. Одоо энэ УИХ гэр бүлээр бол сэтгэл нь хоёр тийшээ явчихсан эхнэр, нөхөр шиг л байна" гэв.

-Хоёр сайдыг огцруулахгүйгээр аваад үлдэх нь бараг ойлгомжтой байна. Та нарын ярьж, шаардаж байгаа бүхэн ажил хэрэг болохгүй байгаа энэ үед өөр улс төрийн алхам хийх үү. Тухайлбал, УИХ-ыг тараах санал гаргах гэх мэт.

С.БЯМБАЦОГТ: -Өнөөдрийн энэ маягаар байгаад байх юм бол дараагийн алхмыг хийж болно.

-Танай бүлгийг завсарлага авсны дараа УИХ-ын дарга “Сайд нарын асуудлыг хэлэлцэх хугацаа завсарлагын хугацаатай зэрэгцээд дууслаа” гэсэн. Тэгэхээр завсарлагынхаа хугацааг богиносгох уу?

Ц.Нямдорж: -Сайд нарын асуудлыг өргөн барьснаас нь хойш долоо хоногийн дотор хэлэлцэж эхлэх хэрэгтэй. Түүнээс биш долоо хоногийн дотор хэлэлцэж дуусна гэсэн үг биш.

•Тэгэхээр УИХ-ын дарга хуулийг буруу тайлбарласан болж таарч байна уу?

-Тийм л болж таарлаа.

ШИНЭ МЭДЭЭ