С.Бямбацогт: Эрх баригчид гөжүүд зангаа татахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг тавина
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2013.12.20
Улстөр

С.Бямбацогт: Эрх баригчид гөжүүд зангаа татахгүй бол УИХ-ыг тараах асуудлыг тавина

УИХ-ын нэгдсэн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүдийн ирцийг хурууны хээгээр бүртгэх ажлыг хийх үеэр техникийн саатал гарсан нь маргаан дагуулсан юм.

Ялангуяа 10 эмэгтэй гишүүнийг 17, тийм гэхээр үгүй гэж бүртгэх зэрэг олон зөрчил гарсан. Тиймээс хурууны хээгээр ирцээ бүртгүүлэх асуудлыг хуулиар зохицуулсны дараа хэрэгжүүлэх ёстой гэсэн байр суурийг УИХ- ын гишүүд илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хоёр хоногийн хугацаатай завсарлага авлаа. Энэ талаар МАН-ын бүлэг мэдээлэл хийсэн юм. Ингээд бүлгийн дарга С.Бямбацогтын байр суурийг хүргэе.

-Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Яагаад завсарлага авав?

-Тийм ээ, уг нь өчигдрийн байнгын хорооны хуралдаан дээр хоёр сайдын асуудлаар тодорхой ярилцсан.т Гэвч өнөөдөр нэгдсэн чуулган дээр гишүүд хурууны хээгээр ирц бүрдүүлж эхлэх үед нэлээд алдаатай ажилласныг та бүхэн анзаарсан байх. УИХ-ын гишүүд «yes» гэсэн кноп дарахад «nо» гэх тохиолдол гарлаа. Гишүүдийг эрэгтэй, эмэгтэйгээр ялгаж бүртгэх гэхээр УИХ маань 17 эмэгтэй гишүүнтэй болчих юм.

Ийм байдлаар бидний өнөөдрөөс ашиглаж эхлэх гэж байгаа тоног төхөөрөмж нь олон алдаа гаргалаа. Энэ тоног төхөөрөмжийг хууль баталж хэрэгжүүлэх ёстой. Хууль батлаагүй байхад асуудлыг хүчээр шийдэх гэж оролдож байгаа нь хууль зөрчиж байгаа гэсэн үг. Мордохын хазгай гэгчээр анхаасаа хууль бус замаар яваад яах билээ. Ийм учраас МАН-ын бүлэг хоёр хоногийн хугацаатай завсарлага авлаа.

-Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа асуудал их олон жил үргэлжиж байна. Үүнийг хурууны хээргээр бүтгэснээр шийдэж болох юм биш үү?

-Хурууны хээгээр ирц бүрдүүлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд одоогоос жилийн өмнө УИХ-д өргөн барьсан. Жилийн өмнө өргөн барьсан хуулийг хэлэлцэхгүй хэрнээ гурав хоногийн өмнө Д.Эрдэнэбат, А.Бакей, Н.Батцэрэг нарын гишүүдийн өргөн барьсан хуулийг хэлэлцээд явж байгаа нь УИХ гишүүддээ ялгавартай, тэгш бус хандаж байгаагийн илэрхийлэл.

Бид МАН-ын бүлгийн гишүүд нэг байнгын хороонд, эрх баригч намын гишүүд гурван байнгын хороонд харьяалагддагийг өөрчлүүлэх гэж удаан хугацаанд ярьж байгаа ч шийдэгдэхгүй байна. Ер нь хууль зөрчих, хүч түрэх асуудал газар авсан. Бид төрийн ажлыг гацаагаагүй, бурууг нь шүүмжилж, зөвийг нь дэмжээд ажиллаж байгаа.

-Харин эрх баригч намын тухайд танай бүлгийг сайн сөрөг хүч байна аа гэж ам гарчихаад ачир дээрээ шинэчлэлийн Засгийн газрын хийж буй бүх ажлыг харлуулж байна. Бүр хамгийн сайн ажиллаж байгаа хоёр сайдыг маань огцруулах асуудал оруулж ирлээ гэх мэт тайлбарыг өгч байгаа?

Тэгвэл эхлээд хариуцлагын асуудлыг ярих, хуулиа биелүүлдэг байх, зөвшилцөж ойлголцдог байх ёстой.

-Өнөөдөр ухаалаг төрийг бий болгоно гээд хаа сайгүй ярьцгааж байна. Тэгвэл эхлээд хариуцлагын асуудлыг ярих, хуулиа биелүүлдэг байх, зөвшилцөж ойлголцдог байх ёстой. Эрх баригчид сөрөг хүчин бүх зүйлийг муу муухай харагдуулахын төлөө ажил¬лаж байна гээд байгаа. Бодит байдал дээр үгүй юм.

Бид ард түмнийнхээ итгэлийг даагаад сонгогдсон улс. Энэ төрийн өмнө ха¬риуцлага хүлээх үүрэгтэй. Тиймээс алдаа дутагдлыг нь засах, хариуцлагатай санаачлагатай байя гэж үзэж байгаа. Энэ үүднээсээ МАН-ын бүлэг сөрдөг биш, бүтээлч бүлэг байна гэдгээ хэлсэн.

-УИХ-ыг тараах тухай асуудлыг тавих талаар МАН-ын зарим гишүүд хөндөж байна. Энэ талаар?

-Шууд УИХ-ыг тараах гэхээсээ өмнө хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлэх, харилцан ойлголцдог болох, аливаа асуудлыг хууль журмынх нь дагуу явдаг болохын төлөө ажиллана.

Хариуцлага хүлээх ёстой хүмүүсээр нь хүлээлгэнэ. Хэрвээ бидний энэ саналыг хүлээж авалгүйгээр олонхоороо хүч түрсэн, бие биедээ найр тавьсан байдлаар хандвал УИХ-ыг тараах асуудлыг хуулийн дагуу тавих болно.

-МАН-ын зүгээс эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ. Тиймээс Засгийн газрын тэргүүнийг, Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулъя. Хамгийн сүүлд Эдийн засгийн хөгжлийн сайд, Сангийн сайд хоёрыг огцоруулах санал орууллаа. Юу ч өөрчлөгдөхгүй байна. Тиймээс танай намын зүгээс дараагийн арга хэмжээг авах цаг нь болжээ гэж ойлгож байна?

-Монгол Улс ардчилсан парламенттай болоод 24 жилийн нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд ийм хариуцлагагүй байдал үүсч байгаагүй гэдгийг олон нийт харж байгаа байх. Одоо парламентын гишүүд хариуцлагыг өөрсдөөсөө хариуцлага асуух хэрэгтэй гэдгийг манай бүлгийн зарим гишүүд илэрхийлж байгаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хариуц¬лагын асуудлыг ярьж эхэлсэн. Бодит байдал дээр иргэдийн цалин хөлс, олж буй орлого нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд идэгдчихээд байгаа. Инфляцийг найман хувьд барина гээд хууль гаргасан. Гэтэл өнөөдөр 12 хувьд хүрч байна шүү дээ. Ард түмний амьдрал улам хүндэрсээр байна.

Харамсалтай нь эрх баригчид том толгой гаргаж, чихгүй юм шиг олонхоороо түрээ барьсаар өнөөдрийг хүрлээ. Биднийг дөрөвдүгээр сард Засгийн газартай хариуцлага тооцъё гэхэд хамгаалаад л үлдсэн. Дараа нь наймдугаар сард төсвийн орлого тасарч байна, аж ахуйн нэгжүүд хүнд байдалд орох нь гээд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулах санал оруулсан ч авч хэлэлцээгүй.

Есдүгээр сард хариуцлагагүй ажиллаж буй сайдуудтайгаа хариуцлага тооцооч гэхэд мөн л хариуцлага тооцоогүй. Тэгээд энэ хариуцлага хүлээлгэдэг тогтолцоог бий болгох үүднээс Ерөнхийлөгчийн санаачлагаар «Том төрөөс Ухаалаг төр лүү» гэсэн үндэсний чуулганыг зохион байгууллаа.

Мөн М.Амаржаргал гишүүн УИХ, Засгийн газар нь хариуцлага хүлээдэггүй юм бол би хариуцлага хүлээе гээд УИХ-ын гишүүнийнхээ бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ өгсөн ч олонх маань «Та хариуцалага хүлээх шаардлагагүй» гээд аваад үлдчихэж байгаа юм.

Дараа нь бид хоёр сайдыг огцрох асуудлыг оруулахад байнгын хорооны хурал дээр мөн л олоноороо түрээ барьж авч үлдэхээр шийдвэрлэсэн. Эрх баригчид энэ мэт гөжүүд зангаа арилгахгүй юм бол УИХ-ыг тараах асуудлыг тавина. Улстөрийн дараагийн нүүдлийг хийнэ.

ШИНЭ МЭДЭЭ