2013.12.17
Улстөр

С.Бямбацогт: МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн санаачлагыг дэмжиж байна

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн хувьд УИХ-ын болон Засгийн Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөллт оруулсан тохиолдолд хэрэгжиж эхлэх хугацааг нь ердийн журмаар тогтоож өгөх хэрэгтэй гэж үзэж байна. Харин бүлгийн зүгээс Засгийн Газрын зарим гишүүдийг огцруулах шаардлагатайг онцоллоо.

МАН-ын бүлгийн хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон Засгийн Газрын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. Гэхдээ баталсан тохиолдолд хэрэгжих хугацаа нь хэдийд байх вэ гэдэг дээр байр суурийн зөрүүтэй байна.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

Нэгэнт ухаалаг төр лүү шилжих тунхагт гарын үсэг зурсан учраас энэ ажлыг алгуурлах хэрэггүй. Манай бүлгийнхэн хуулийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж эхэлье гэсэн байр суурьтай байна. УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүн байж болдог явдлыг зогсоох хэрэгтэй.

Төсөв санхүү, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн, төсвийн хуулийг зөрчиж байгаа хариуцлагыг сайдууд хүлээх ёстой гэж үзэж байна. Сангийн Сайд Ч.Улаан, Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Н.Батбаярыг огцруулах хэрэгтэйг онцоллоо.

УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт:

Ард иргэдийн амьдрал үнэхээр хүнд байна. Үнэ өсч байна. Энэ бол засгийн газрын үйл ажиллагаатай зайлшгүй холбоотой. Үүний хариуцлагыг эдийн засаг, төсөв хариуцсан сайдууд үүрэх ёстой.

МАН-ын бүлгийн хувьд сүүлийн хоёр жилд хүмүүсийн цалин, тэтгэвэр нэмэгдээгүй, тиймээс 2014 оны нэг сарын нэгнээс нэмэх хэрэгтэй гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүний үүргийг хавсарган гүйцэтгэдэг зарчмыг өөрчлөх нь зөв гэсэн байр сууринаас УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг хандаж байна. Бие даагчдын бүлэг ч үүнтэй санал нэг байна.

 УИХ дахь МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хувьд Ерөнхийлөгчийн өргөн барьсан УИХ-ын тухай болон Засгийн Газрын хуульд өөрчлөлт оруулахыг дэмжиж байна. 

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг:

Эрх мэдлийн тэнцвэртэй холбоотой асуудлыг хөндөлгүйгээр, Үндсэн Хуулийн бидэнд олгож буй эрх зүйн хэм хэмжээний хүрээнд үүнийг хийж болно. Ерөнхий Сайдаас бусад Засгийн Газрын гишүүд УИХ-ын гишүүн байж болохгүй. Хэрэв УИХ-ын гишүүн Засгийн Газрын гишүүн болвол гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэж өгдөг болъё.

ШИНЭ МЭДЭЭ