2013.12.16
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Одонтуяа: Бид дэлхийн зах зээл дээр тоглоомын дүрмийн дагуу өрсөлдөх хэрэгтэй

Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэж байна. Ажлын хэсэг олон талын төлөөллийн саналыг авч зохих өөрчлөлтүүдийг хийжээ. Тухайлбал, боловсруулах тал дээр зарим зүйлийг өөрчилсөн байна.

Ашигт малтмалыг олборлох нь зөв, гэхдээ олборлолтын явцад орон нутгийн ард иргэдийн эрх ашгийг бодолцох хэрэгтэй гэсэн санааг дээрх баримт бичигт тусгасан байна. Энэ нь олон улсын хэлээр ярьдаг болно гэсэн үг юм.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Бид дэлхийн зах зээл дээр өрсөлдөхдөө ямар тоглоомын дүрмээр тоглох вэ гэдэг их чухал. Ингэхдээ бид олон улстай нэг хэлээр ярьж, шаардлагатай бүх стандартуудыг мөрдөх хэрэгтэй.

Төрөөс баримтлах эрдэс баялгийн бодлого бусад жижиг хуулиудтайгаа уялдах ёстой. Гэхдээ цаасан дээрээ уялдуулж амьдралд дээр эсрэгээр хийхвий гэсэн болгоомжлол их байгааг хэлэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Эрдэс баялгийн салбарын төрийн тууштай, цэгцтэй бодлого  1990-иэд оноос хойш алдагдсан юм. Ялангуяа 1996 онд “Ашигт малтмалын тухай хууль” гаргаснаар газар нутгийнхаа ихэнхийг лизенц нэртэй цаасаар сольчихсон билээ.

Баялгийг түүхийгээр нь зарахаас илүүтэй боловсруулалт хийж зарвал ашигтай байдаг. Үүнийг эрдэс баялгийн салбарт баримтлах төрийн бодлогод тусгах юм байна.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа:

Боловсруулалтын тал дээр тусгай бүлгийг дээрх баримт бичигт тусгаж өглөө. Боловсруулах үйлдвэрлэлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ. Мөн төрөөс хүнд болон хөнгөн үйлдвэр хөгжүүлэх бодлогыг тусгаж уул уурхайн бүтээгдэхүүний заалтуудтайгаа сайн уялдуулж өгөхийг зорьж байна.

Зэс, төмөр зэргийг 100 хувь боловсруулвал өнөөдрийн ашиг 2-4 дахин нэмэгдэх боломжтой. Оюу-Толгой ашиглалтад орвол зэсийн баяжмал нэмэгдэнэ. Мөн төмрийн зах зээл ч муугүй өргөжиж байгаа билээ. Түүнээс гадна түүхий хүдэр борлуулахаас илүүтэй ган болгоод зарвал улс оронд өгөөжтэй байна гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж байна.

ШИНЭ МЭДЭЭ