Д.Сумъяабазар: Засгийн газар бүхий л шатандаа алдаа гаргаж байгаа
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар
2013.12.16
Улстөр

Д.Сумъяабазар: Засгийн газар бүхий л шатандаа алдаа гаргаж байгаа

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазартай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-Та Боловсрол, шинжлэх ухааны сайдад ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурах нөхцөл бололцоог сайжруулах болон сурагчийн дүрэмт хувцасны талаар асуулга тавьсан. Яамны зүгээс тавьсан асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-2013 онд сурагчдын дүрэмт хувцасны талаар хийсэн ажил үндсэндээ ард иргэдийг бухимдуулсан. Энэ нь нийслэл төдийгүй орон даяар хүчтэй яригдаж байгаа асуудал. Саяхан Улаанбаатар хотын 152 хороодоор явж, ард иргэдийн санаа бодлыг сонсоход сурагчийн дүрэмт хувцас, хэчээлийн орон байр, сургалтын чанар, хүртээмжийн асуудлыг нэлээд хөндсөн.

Үүн дээр төр засаг ач холбогдолтой хандаж, цаашид сурагчдын боловсролын асуудалд анхаарал хандуулахгүй бол тулгамдсан, түгжигдсэн байдал руу орж мэдэхээр байдал харагдаж байлаа. Энэ асуулгад тавигдсан зүйл нийгэмд тулгамдаж байгаа учир хариуцаж байгаа салбарын сайд, төр засгийн удирдлагуудад ард иргэдийн санаа бодлыг УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд тавьсан.

Асуулгаас эцэст нь УИХ-ын гишүүд, салбарын сайд, бүх шатны удирдлагууд нийлж боловсролын салбар дээр анхаарлаа хүчтэй хандуулахгүй бол болохгүй нь гэдэг дүр зураг харагдаж байна. Төсөв мөнгөнд уягдаад цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг хойш тавьж, зөвхөн төсөвт сууснаар асуудлыг шийднэ гэж хойрго хандаж болохгүй. Цаашлаад бид бүх л нөөц бололцоогоо хандуулж, гадны эх үүсвэрийг оруулж ирэх ямар боломж байна гэдэгт хүчээ нэгтгэж ажиллаж байж хүүхдийн сурах стандартыг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн бодолтой байна.

-2014 оны улсын төсөвт өрийн хэмжээг ДНБ-ий 60 хувиас хэтрүүлж болохгүй гэдгийг танай намын бүлгээс гаргасан. Энэ дагуу 40 хувиар батласан ч зээл авах нөхцөл хумигдсан нь сургууль, цэцэрлэг барьж чадахгүй гэдэг зүйл тавьж байна?

-Улсын өрийн асуудалд гадны эх үүсвэрээр хийж буй зүйл орохгүй байгаа. Тэнгэрийн чинээ хүн аягын чинээ хуульд захирагдана гэж үг байдаг. Тэгэхээр бид хуулиа батлачихаад мөрдөх хэрэгтэй. Улс оронд эмх, замбараа гэж нэг зүйл байх ёстой. Хуулийн гүйцэтгэл дээр хэрхэн хандах вэ гэдэг чухал. Гэхдээ ДНБ-д эзлэх өрийн хэмжээ 40 хувиас хэтрэхгүй гэдэг хууль батласан учир яах аргагүй хуульдаа захирагдаж, авсан зээлээ ямар салбарт хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх вэ гэдэг байгаа. Тэгэхээр хаа хаанаа хариуцлага гэдэг зүйлийг анхаарч, олон салбарын үйл ажиллагааг дээшүүлэх хэрэгтэй байгаа юм.

-Сурагчийн дүрэмт хувцсыг нийлүүлэхдээ бодлого нь буруу, хуулиа алдаатай хэрэгжүүлж байна гэдгийг гишүүд хэлж байгаа. Та үүн дээр ямар бодолтой байна вэ?

-Засгийн газрын зүгээс үнэ тогтоох үйл явц дээр хяналт тавьж чадахгүй байгаа нь ойлгомжгүй зүйл. Засаг үнэ тогтоох үйл ажиллагаанд зохицуулалт хийсэн гэдгээр ард иргэд хүүхдэдээ тэрхүү хувцсыг авч өгч байгаа. Харин сурагчийн дүрэмт хувцсыг нийлүүлэхдээ үндэсний үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг зөв.

Миний хувьд ч үүнийг 100 хувь дэмжиж байгаа. Гэхдээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжихдээ төр засаг нь салбарынхаа яамдуудтай уялдсан нэгдсэн бодлого гарахгүй бол олон зүйл дээр ойлгомжгүй байгаа нь энэ асуулга дээр гарч байлаа. Тэгэхээр үүн дээр цаашдаа бодолтой хандахгүй бол болохгүй. Ялангуяа ард иргэдийн дунд өргөн хүрээгээр харамч байгаа сурагчийн дүрэмт хувцасны талаар нэлээд сайн анхаарах хэрэгтэй.

-Дүрэмт хувцасны талаар алдаатай бодлого явуулж байхад цаана нь хариуцлагын асуудлыг хаацайлаад байгаа зүйл бий?

-Хариуцлагыг гүйцэтгэх засаглал дээр сайн ярих ёстой. Ялангуяа энэ Засгийн газар бүхий л шатандаа алдаа гаргаж байгаа. Алдаа гаргасан сайд нартаа хариуцлага тооцож чадахгүй болохоор энэ улс юу болох юм. Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй гэж үг бий. Үүнийг бодох хэрэгтэй.

-Хяналтыг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийг баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэх байсан. Гэтэл хэлэлцээгүй нь ямар учиртай юм бол?

-Хяналт, шалгалт гэдэг нь олон талаас шалтгаална. Харин энэ журмын төслийг ирц хүрээгүй гэдэг шалгаанаар завсарлага авч байх шиг байна. Ер нь бүх л шатны хяналт, шалтгалттай холбоотой гол эх хууль энэ учир нэлээд нухацтай хандах хэрэгтэй. Хөнгөн байдлаар энэ хуульд хандаж болохгүй л байх.

-Ярилцсанд баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ

Үнэн үү? 2013.12.20