Д.Сумьяабазар: Боловсролын салбарын ажилтнуудын асуудал шүүгч нарынхаас дутахгүй ач холбогдолтой
УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар
2013.12.13
Улстөр

Д.Сумьяабазар: Боловсролын салбарын ажилтнуудын асуудал шүүгч нарынхаас дутахгүй ач холбогдолтой

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар БШУ-ны сайд Л.Гантөмөрт асуулга тавьсан юм.

УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар хэлэхдээ “Сайдын мэдэгдсэнээр бол урьд жилүүдэд хийгдээгүй хуримтлагдсан ажлуудыг хийж байна, ингэхдээ урьд хийдэггүй байсан иж бүрэн шинжлэх ухаанч судалгаа хийж ажиллаж байгаа талаараа хариултад дурьдсан байна.

Миний судлаж мэдсэнээр бол 2012 онд зөвхөн СХД-т л гэхэд 1 сургууль, 4 шинэ цэцэрлэг, 4 цэцэрлэгийн өргөтгөл хийгдэж байсан байна. Гэтэл 2013 онд тус дүүрэгт урьд эхлүүлсэн байсан 2 сургуулийг ашиглалтад оруулсан төдий л ажил зохион байгуулагджээ. Урьд жилүүдийн алдаа мадаг гэж өнгөрсөн рүүгээ бурууг чихэн суух биш, залуу хүний эрч хүчээр шуурхай ажиллаж нэг ангид  35-61 хүүхэд сууж хичээлэж байгаа өнөөгийн байдлыг яаралтай өөрчлөх хэрэгтэй байна.

1,8 их наяд төгрөгөөр байшин барилга барьснаар л энэ асуудлыг шийднэ гэсэн судалгааны дүнгээр ам таглан алгуурлалгүйгээр хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллах, зарим сургуулиудын туршлагын дагуу ачаалал бага сургуульд зарим хүүхдүүдийг шилжүүлэн суралцуулах зэрэг тохирсон шийдлийг олж, түүнийгээ шуурхай шийдвэрлэн ажиллах нь таны өнөөдрийн үүрэг гэдгийг ухамсарлан ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр хүүхдийн дүрэмт хувцасын талаар “Би асуулгадаа дурьдсан. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжин 100% эх орны бүтээгдэхүүнээр хангана гэсэн санааг. Гэтэл олон тэрбумын зээлийг энэ чиглэлд өгсөн боловч урьдчилан тооцоолоогүйгээс даавуугаа эх орондоо үйлдвэрлэж чадаагүй. Ингэхээр энэ нь урьд гадны даавуугаар эндээ оёдлын үйлдвэрүүдийн хийдэг байснаас зарчмын ялгаагүй болчихож байна. Би нэг юманд их гайхаад байгаа юм. Боловсрол, шинжлэх ухааны яамны мэдээлэлд дурьдсанчлан ямар гээч “шинжлэх ухаанч” судалгаа нь хүүхдийн дүрэмт хувцасны үнийг 60000-120000 төгрөгөөр тогтоож, ард иргэд түүнийг нь бүгд авна гэсэн дүгнэлт гаргадаг байна.

 Ер нь сайд маань захын хорооллын хэдэн сургуульд сайдын хувиар очиж ажиллаж, нөхцөл байдалд дүгнэлт хийсэн бол. Үнэндээ 1 дүгээр ангид хүүхдээ анх оруулж байгаа эцэг эхчүүд яах ч аргагүй бэлгэдлийг бодож хүүхэддээ авч өгсөн. Гэхдээ энэ хувцас нь үнэтэй шигээ чанартай байж чадаагүй. Урьд хэдийгээр даавуу нь гадаадынх боловч дотоодод хийсэн хувцсыг 20000-50000 төгрөгөөр авч өмсдөг байсан.

Энэ талаар маш их гомдол саналыг иргэдээс ирүүлж  байна. Ноосон хувцастай 40 гаран хүүхэд нэг ангид сууж байна гээд төсөөл дөө. Олуулаа ноосон хувцастай сууж хөөрснөөс хүүхдүүдийн хамраас цус гарах нь их байгаа гэж зарим сурагчид, багш нар хэлж байна. Хавар, намрын халуун өдрүүдэд ноосон өмд өмсөөд явах нь яаж ч бодсон зохимжгүй. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрүүл мэндэд дээрх 2 асуудал сөргөөр нөлөөлөөд эхэлсэн байна.

2014 оны төсвөөс харахад дээрх байдал засрахгүй дахин давтагдах нь нэгэнт тодорхой байна. Цаашдын хэдэн жил сургуулийн танхимын асуудал бүрэн шийдэгдэхгүй нь тодорхой. Нөхцөл байдалдаа тохируулан гарц олж асуудлыг шийдэх хэрэгтэй гэж би үзэж байна.Эдгээр асуудлуудад төрийн байгууллагын эрх мэдлийн хэт төвлөрөл ихээр нөлөөлсөн гэж үзэж байна.

Ялангуяа нийслэлийн боловсролын газар мэдэж шийдэхгүй юм байхгүй болсон. Дүүргийн  сургуулийн захирлыг нийслэлээс шууд томилдог, багшийн сонгон шалгаруулалтыг нийслэл дээр хийдэг, удирдах ажилтны ажлын үр дүнг мөн нийслэл дээр тооцдог. Гэтэл дүүрэгт  тулгарсан асуудлын мөн чанарыг  нийслэл мэдэх, шуурхай шийд гаргах боломж байхгүйгээс хугацаа алддаг. Ийм гаж тогтолцоогоор бид удаан явж болохгүй.

Энэ асуудлыг хуулийн хүрээнд эрх шилжүүлэх замаар шийдэх боломж бололцоо байгаа гэж үзэж байна. Эцэст нь хэлэхэд шүүгч нарын цалинг онцгойлон авч үзэж нэмэгдүүлэхээр шийдвэр гарсан, би бодохдоо боловсрол, эрүүл мэндийн  салбарын ажилтнуудын асуудал шүүгч нарынхаас дутахгүй ач холбогдолтой гэж бодож байна. Энэ салбарын ажилтнуудын цалин, нийгмийн асуудалд онцгой анхаарах цаг болсон гэдгийг хэлмээр байна” гэсэн юм.   

ШИНЭ МЭДЭЭ

Үнэн үү? 2013.12.20