С.Бямбацогт: МАН-ын 2016 оны сонгуулийн ялалт бүлэгтэй холбоотой
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.12.12
Улстөр

С.Бямбацогт: МАН-ын 2016 оны сонгуулийн ялалт бүлэгтэй холбоотой

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Бүлгийн даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг сонгосон талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл МАН-ын бүлэг хуралдаж дуусаад сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Мэдээллийг МАН-ын дарга М.Энхболд хийлээ.

М.Энхболд энэ үеэр “УИХ дахь МАН-ын бүлэг 26 гишүүнтэй. Өнөөдрийн хуралдаанд 25 гишүүн хүрэлцэн ирсэн. Бүлгийн даргад С.Бямбацогт болон Ж.Энхбаяр гишүүн нар дэвшиж, 16 гишүүний саналаар С.Бямбацогт  сонгогдлоо.

Харин бүлгийн дэд даргын асуудлыг дараа нь шийдэхээр боллоо. Бүлгийн дарга байсан Н.Энхболд гишүүний хувьд өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн учир ямар нэгэн тайлбар байхгүй. Түүнчлэн энэ удаагийн хурлаар МАН-ын их хурлаас гарсан шийдвэрийн хүрээнд бүлгийн гишүүд орон нутгаар ажилласан тухай ярилцлаа" гэв.

Энэ үеэр МАН-ын бүлгийн шинэ дарга С.Бямбацогттой цөөн хором ярилцлаа.

-МАН-ын бүлгийн шинэ даргаар сонгогдлоо. Цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна?

-Сөрөг хүчний буюу цөөнхийн бүлгийн дарга хийнэ гэдэг бол амар ажил биш. хариуцлагатай, санаачлагатай, идэвх чармайлт гаргаж ажиллах ёстой. Дарга гэхээс илүүтэйгээр зохицуулагч менежер гэж ойлгож байгаа. МАН-ын XXVII Их хурлаас хойш МАН-ын бүлгийн гишүүд 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт ажилласан.

Энэ үеэр бүлгийн гишүүдийг илүү санаачлагатай ажилла гэсэн хүсэлтийг манай намын гишүүд дэмжигчид тавьж байсан. Тийм болохоор бидний өмнө хийх олон ажил байна. Цөөнхийн буюу сөрдөг бүлэг гэхээс илүүтэйгээр бүтээлч бүлэг байлгахын тулд өөрөөс хамаарах бүгдийг хийнэ гэж бодож байна.

-Бүлгийн гишүүдийн зүгээс юу захиж байна?

-Өнөөдөр цөөнхийн бүлэг, бүлэг дээр тулгуурлаж улс төр явагддаг. Тийм учраас МАН-ын 2016 оны сонгуулийн ялалт бүлгийн үйл ажиллагаатай салшгүй холбоотой 26 гишүүнээ манлайлж ажиллах ёстой гэж үзэж байна.

-Үндэсний зөвшилцлийг гаргасан. тэр асуудалд хэр анхаарал хандуулж ажиллах вэ?

Өнөөдөр Монголын төр бодлогогүй байна. Бодлогогүйн харгайгаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн байдал хүндэрсэн. Бодлоготой байж харилцан ойлголцож бодлогоо тогтвортой байлгахгүй, олонх хүч түрсэн байдалтай, цөөнхийн бодлогыг өөрчилсөн байдалтай сүүлийн 20 гаруй жил явж ирсэн. Үүнийг өөрчлөхгүй бол Монгол төр тогтвортой болж, улс орон хөгжихгүй нь гэж үзэн Үндэсний зөвшилцөл гэдэг асуудлыг ярьж байгаа.

-Хууль тогтоох ажиллагаатай холбоотойгоор цаашид нийгэм эдийн засгийн хүрээнд УИХ-ын түвшинд, бодлогын түвшинд Бүлгийн зүгээс ямар тодорхой алхам хийхээр зорьж байна?

-Яг өнөөдрийн түвшинд Засгийн газар, сайд нар сайн ажиллаж чадахгүй байна гэдэг асуудлыг ярьж байна. Тийм учраас цааш цаашдаа Засгийн газартай хариуцлага тооцох асуудлыг их ярина. Өргөн барьж байгаа, хэлэлцэх хуулиуд дээр анхаарах зүйл их бий. Өнөөдөр УИХ, байнгын хороод дээр ирц бүрдэхгүй байна. Тийм болохоор олонх маань олонх шиг ажиллаач ээ. Нэгэнт ард түмний итгэлийг авсан юм бол  итгэлийг дааж ажиллаач ээ гэж хэлмээр байна.

-Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү гэдэг бодлогыг хэр дэмжиж байгаа вэ?

-Дэмжиж байгаа. Өнөөдөр бодлогогүй Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг ерөнхийлөгч хэлж байна. МАН-ын 27 дугаар их хурлаар ч энэ асуудлыг ярьсан. Тийм учраас бид дэмжиж байна. Энэ долоо хоногт Монгол улсын хөгжлийн бодлогын асуудлыг хэлэлцэнэ. Бид уг асуудалд анхаарлаа хандуулж ажиллана.

ШИНЭ МЭДЭЭ