УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.12.09
Улстөр

С.Бямбацогт: Хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох шаардлагатай

Eagle телевизийн “Бадарчин Жаргалмаа” нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор  УИХ-ын гишүүн С.Бямбацогт оролцлоо.

“Монгол улсын боловсронгуй болгох тухай тогтоол”-ын төслийг өргөн барьсны учир юу вэ?

Төр маань нэг л бодлогогүй яваад байна. Урт, дунд, богино хугацааны гэсэн төрийн бодлоготой байж түүнийгээ салбар болгонтой, бүс нутаг бүртэй уялдуулан хөгжүүлэх хэрэгтэй. 2008 оны “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг эс тооцвол сүүлийн 20 жилд Монгол улсад тийм бодлогын бичиг баримт бараг байсангүй. Социализмын үед бол таван жилийн төлөвлөгөө гэдгээр явдаг байлаа.

90-иэд оноос хойш бид ханатлаа улс төржлөө, бас гадныхны заавар зөвлөгөөг ч дагаж үзлээ. Гэсэн хэдий ч амжилт олсонгүй, ард түмний амьдрал хүнд хэвээр байсаар. Учир нь төрийн бодлого тогтвортой байж чадахгүй хэтэрхий савладаг. Тиймээс хөгжлийн тодорхой загвар бодлоготой болъё гэсэн үүднээс “Монгол улсын хөгжил бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох тухай УИХ-ын тогтоол”-ын төслийг нэр бүхий гишүүд УИХ-д өргөн барьсан юм.

2021 оныг хүртэл баталсан “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг өөрчлөх нь өөр нэгэн тогтворгүй байдлыг үүсгэхгүй гэж үү?

Өөрчлөх болсон нэг дэх шалтгаан бол тэр энэ бодлогын бичиг баримтыг батлах үеийн нийгэм эдийн засгийн байдал, бидний төсөөлөл өөр байсанд оршино. Хоёрдугаарт, “Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого”-ыг 1 дүгээр сард баталж, 6 сард нь сонгууль болж, 9 сард хамтарсан Засгийн газар байгуулахдаа дээрх бодлогын бичиг баримтад суурилсан дунд хугацааны бодлогоо бид тодорхойлж чадаагүй.

Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэж “үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн ч үр дүнгээ өгөөгүй.

Хамтарсан засгийн газар тэс өөр хөтөлбөр боловсруулсан юм. 2012 оны үр дүнгээр байгуулагдсан засгийн газар 2008-2012 оны хооронд хэрэгжүүлж байсан зүйлсээс юуг ч оруулалгүй бүх юмыг шинээр эхэлсэн юм. Шинэ засгийн газар хүний хөгжил болон бусад нийгмийн халамжийн бүх бодлогыг зогсоогоод зөвхөн эдийн засгийн өсөлтөд чиглэсэн бодлогыг барьж эхэллээ. Ийнхүү сар бүр өгдөг 21 000 төгрөг, оюутны 70 000, иргэн бүхэнд олгох хувьцаа зэрэг нь орхигдов.

Нийлүүлэлтийг нэмэгдүүлэх гэж “үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлсэн ч үр дүнгээ өгөөгүй. Иймэрхүү байдлаар шинээр сонгогдсон засгийн газар өмнө хийж байсныг үгүйсгэж, намын байр сууринаас бодлогын ялгаа гаргадаг учраас улс орны хөгжил, хүмүүсийн амьдралд их хор хүргэдэг. Бид хангалттай зовж, хийсэн алдааныхаа горыг амслаа.

Ийм учраас бид үндэсний хөгжлийн цогц бодлогыг гаргахаар шийдсэн юм.

- Та нарын баталсан бодлогын бичиг баримтыг дараагийн Засгийн газар өөрчлөхгүй гэсэн баталгаа байна уу? Ер нь тогтвортой байдаг бодлогыг хэрхэн бий болгох вэ?

Бодлогоо тогтвортой байлгахын тулд улс төрийн намууд ойлголцож чаддаг байх ёстой.  Манай парламентад олонх цөөнхөө сонсдоггүй, цөөнх байсан олонх нь өмнөх олонхын бодлогыг үгүйсгэж шал өөр чиглэлийг барьдаг. Ийм байж болохгүй. Бид намын эрх ашгийн үүднээс бус, улс орны хэтийн хөгжлийн байр сууринаас асуудалд хандах хэрэгтэй. Монголын төрд залгамжит чанар алга.

ШИНЭ МЭДЭЭ