Эдийн засгийн байнгын хорооны /2013.11.19/ хуралдаан
2013.11.20
Уул уурхай, Ашигт малтмал

Түгээмэл тархацтай ашигт малтмалын зөвшөөрлийг орон нутаг олгоно

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн А.Тлейхан, С.Бямбацогт нар эдгээр хуулийн төслийг ажлын хэсгийн хуралдаанаар дахин нухацтай хэлэлцэх нь зүйтэй тул хэлэлцэхийг хойшлуулья гэсэн саналтай байв.

Харин Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан, Ирэх жил орон нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалтын томоохон ажлууд хийгдэнэ. Бүтээн байгуулалтын ажил хавар гуравдугаар сараас бараг эхэлнэ.

Ц.Баярсайхан: Барилгын үйлдвэрлэл эхлэхээс өмнө хуулиа батлан, цаг хугацаатай уралдан бүтээн байгуулалтаа эхлүүлэх хэрэгтэй.

Гэтэл дэд бүтцийг байгуулахад шаардлагатай элс хайрга болон бусад түгээмэл тархалттай ашигт малтмалын нөөц зарим газарт дууссан, зарим газарт илэрц байдаггүй. Тиймээс барилгын үйлдвэрлэл эхлэхээс өмнө хуулиа батлан, цаг хугацаатай уралдан бүтээн байгуулалтаа эхлүүлэх хэрэгтэй байна хэмээн тайлбарласан юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичиг батлагдах гэж байгаа энэ цаг үед энэхүү хуулийг баталвал бодлогын баримт бичигтэй зөрчилдөх биш үү гэж лавлаж байлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуягийн тайлбарласнаар, дээрх хуулийн төслийг баталснаар Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй зөрчилдөх, харшлах зүйл байхгүй юм байна.

Улмаар Ажлын хэсгээс оруулсан зарчмын зөрүүтэй 60 гаруй саналыг хураасан. Түгээмэл тархацтай ашигт малтмалд элс, хайрга, шавар, хүрмэн, боржин чулууг оруулж буй аж.

Зөвшөөрлийг тухайн орон нутаг өөрөө олгож, хяналтаа тавих юм байна. Мөн өмчилж, эзэмшиж буй газар нь түгээмэл тархацтай ашигт малтмал байгаа бол ашиг олох зорилгогүйгээр ахуйн хэрэгцээндээ хэрэглэх эрхийг иргэд, байгууллагад олгох саналыг гишүүд дэмжив.

ШИНЭ МЭДЭЭ