МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Д.Оюунхорол нар мэдээлэл хийлээ.
2013.11.12
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Оюутан бүр тэтгэлэг авах ёстой гэв

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар МАН-ын бүлгийн дэд дарга С.Бямбацогт, Д.Оюунхорол нар мэдээлэл хийв.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоор ахлуулсан МАН-ын бүлгийн ажлын хэсэг УИХ дахь бусад намын бүлгүүдийн ажлын хэсгүүдтэй төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтыг танах, хэмнэх чиглэлээр зарчмын хувьд тохиролцоонд хүрээд байгаа аж. Харин МАН-ын бүлгийн хувьд хуульд заасан өрийн босгыг өсгөх шаардлагагүй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19.3- т заасан "... улсын нийт өрийн өнөөгийн цэвэр үнэ цэнээр илэрхийлсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2011 оны төсвийн жилд 50 хувиас, 2012 оны төсвийн жилд 60 хувиас, 2013 оны төсвийн жилд 50 хувиас, 2014 оны төсвийн жилээс эхлэн 40 хувиас тус тус хэтрүүлэхгүй байна" гэсэн заалт цаашид мөрдөгдөх ёстой гэж үзэж байгаа юм.

1990-2012 онд гадаад өрийн хэмжээ 2,4 тэрбум ам.доллар байсан бол 2012-2013 он буюу ганцхан жилийн дотор 2,4 тэрбум ам.доллараар нэмэгдсэн. Засгийн газар 2013-2014 онд Монгол Улсын өрийн хэмжээг 3.5 тэрбум ам.доллараар нэмэгдүүлнэ гэж тооцвол улсын үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй хэмээн тэд үзэж.

Цалин, тэтгэврийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхийн тулд төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зарим зардлыг танах ёстой.

Мөн МАН-ын бүлэг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн тухайд УИХ-аар анх хэлэлцэж баталсны дагуу оюутан бүр тэтгэлэг авах ёстой, хамрах хүрээ нь өөрчлөгдөх шаардлагагүй гэж үзэж байна.

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн дараах асуудал бол цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх тухай байлаа. Цалин, тэтгэврийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэхийн тулд төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтын зарим зардлыг танах ёстой.

Ингэснээр төсвийн урсгал зардлаас 170 тэрбум, хөрөнгө оруулалтаас 220 орчим тэрбум төгрөг хэмнэгдэх бөгөөд цалин, тэтгэврийг 30 хүртэл хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэх юм байна.

Ирэх оны төсвийг эрүүл, бодитой болгохын тулд ижил хүчин чадалтай ямар ч объектыг адил өртөгтэй байлгах, валютын ханшийг бодит байдалтай нь уялдуулах шаардлагатай гэж тэд үзжээ.

ШИНЭ МЭДЭЭ