С.Ганбаатар: “Рио Тинто” зээл зуучлагч болчихоод байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар
2013.10.03
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

С.Ганбаатар: “Рио Тинто” зээл зуучлагч болчихоод байна

УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн мон­гол ги­шүүд Лон­дон хотноо бол­сон “Оюу­тол­гой”   ХХК-ийн хувь ний­лүүлэгч­дийн ху­ралд орол­цоод ирлээ. Тэд “Оюу­толгой төслийн II үе ша­тыг эхлүүлэхийн тулд нэ­лээд асуудал цэгцэлсэн” гэдэг мэдээллийг өгсөн. Тэдний мэдээлэл дээр та ямар дүгнэлт хийж байна вэ?

-Дэлхий нийтийн жишигт али­ваа нэг өмчийн талаар хэлэлцээр хийсэн л бол өмчийн эзэнд тухайн хэлэлцээрийн үед ямар, ямар асуу­дал болсон талаар мэдээлэх ёстой байдаг юм. Энэ энгийн зарчмыг хэрэгжүүлж, “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд бидэнд хувь нийлүүлэгчдийн хурлын талаар хийсэн хэлэлцээрийн талаар Мон­голын ард түмэнд мэдээлэл өгсөнд нь би үнэхээр их талархаж байгаа. Гэхдээ тэд “Хувь нийлүүлэгчдийн хурлаар 30 асуудал хэлэлцэж, 15-ыг нь шийдлээ. Үлдсэн асуудлыг нь Улаанбаатарт шийдвэрлэхээр боллоо” гэдгээс өөр тодорхой зүйл мэдээлсэнгүй. Энэ юу гэсэн үг вэ. Өмчийн эздээр оньсого таалгаж байна гэсэн үг биз дээ. Ямар 30 асуудал хэлэлцсэнээс 15-ыг нь шийдвэрлэсэн юм. Үлдсэн асуудал гээд байгаад нь юу багтаж байгаа юм бэ.

Тэд юу нууцлаад байгаа юм бэ. Хувь нийлүүлэгчдийн хурлын үеэр болсон хэлэлцээрийн үеэр болсон асуудлыг нууцална гэсэн хуулийн заалт хаана байна. УИХ-ын гишүүдийн Оюутолгойтой холбоотойгоор асуусан асуулгад Засгийн газар өнөөдөр болтол хариу өгөөгүй хэвээр л байна. Оюутолгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүдийг Лондон руу явахаас нь өмнө УИХ-ын нэр бүхий 13 гишүүн Засгийн газарт “Рио Тинто” корпорацийн тулган шаардалтад Монголын Засгийн газар ямар хариу өгөх гэж байна вэ гэдэг асуулгыг тавьсан.

-Асуулгын тань хариуг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн монгол гишүүд мэдээлэл хийхдээ тойруу хэлбэрээр өгчихсөн юм биш үү. Тэд “Үүсээд байгаа асуудлыг нааштайгаар шийдэхээр болсон” гэсэн шүү дээ?

“Рио Тинто”-гынхны тулган шаардалтыг хүлээж авахгүй байх нь Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох гээд байгаа хэрэг биш шүү дээ.

-УИХ-ын нэр бүхий гишүүд “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн монгол гишүүдийг хувь ний­лүү­лэгчдийн хуралд явахаас нь өмнө “Та нар Лондонд дуудагдаж очоод “тэр хүмүүс”-т толгойгоо мэдүүлээд өрийн тулган шаардалтад “За” гэж хэлээд ирэв дээ” гэдгийг сануулсаар байсан. “Рио Тинто”-гынхны тулган шаардалтыг хүлээж авахгүй байх нь Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох гээд байгаа хэрэг биш шүү дээ. “Рио Тинто” корпорацийг монголыг орхиод гарчих вий гэж айж байгаа хүн юу гэж Оюутолгойн үйл ажиллагааг зогсоох зүйл ярьж байх вэ дээ.

-Үүнийгээ тодруулахгүй юу?

-Хэрэв “Рио Тинто”-гынхний тул­ган шаардалтыг манай Засгийн га­зар хүлээж аваад “За” гээд хэл­чихвэл “Рио Тинто” биднийг өрөнд унагачихаад хаяад явах зөв­шөөрлөө халаасаллаа гэж үзэж болох юм. “Рио Тинто”-гийнхий зү­гээс Оюу­толгой ордоос манай улсын эзэмшиж байгаа 34 хувийг бүх­лээр нь зээлийн барьцаанд тавихыг хү­лээн зөвшөөрүүлэхийг л шаардаж байгаа юм. Тэдний шаардлагыг зөвшөөрсөн тохиолдолд бид биет ба биет бус хөрөнгө буюу Оюутолгойн уурхайг бүхлээр нь зээлийн барь­цаанд тавих боломжийг тэдэнд нээж өгнө гэсэн үг.

“Рио Тинто”-гийнхий зү­гээс Оюу­толгой ордоос манай улсын эзэмшиж байгаа 34 хувийг бүх­лээр нь зээлийн барьцаанд тавихыг хү­лээн зөвшөөрүүлэхийг л шаардаж байгаа юм.

Үүний дараа Оюутолгойн уурхай “Рио Тинто”-гийнхний хүсэж байгаа шиг ашигтай ажиллахгүй байх тохиолдолд тэд зээлийн барьцааг бусдад зарах эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, тэд зээлээ хэн нэгэнд дураараар өгөх эрх нь нээгдэнэ. Энэ нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж байгаа тохиолдол шүү дээ. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын талын эзэмшиж байгаа хувьд ямар нэгэн байдлаар өөрчлөлт орохгүй гэж заасан байгаа гэдгийг хүмүүс мэдэж байгаа шүү дээ.

-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн монгол гишүүдийн хэлж байгаагаас үзэхэд “Рио Тинто”-гийнхний шаардлагыг Монголын Засгийн газар хүлээгээд авчихсан юм шиг өнгө аяс мэдрэгдэж байсан?

-Монголын ард түмэн өөрийн­хөө өмчийн “манаач”-ийн харцыг харж, аливаа асуудлыг таамаглаж байгаа нь үнэхээр өрөвдөлтэй байдалд байгаагийн илрэл. УИХ-ын гишүүд ч ялгаагүй. Энэ талаар ямар нэгэн тодорхой мэдээлэлгүй л байна шүү дээ. Тиймээс асуудлыг хариуцсан хүмүүс албан ёсоор бидний асуулгад үнэн бодит хариулт өгөх ёстой. Ил тод бай л даа. “Рио Тинто”-гийнхний тулган шаардалтыг зөвшөөрөхгүй л бол болохгүй байна” гэдгээ бидэнд ярь л даа. Асуудлыг нуугаад байх нь тийм ч оновчтой алхам биш шүү дээ. Их яруу найрагч Д.Нацагдорж “Алсын бодолгүй хүнээс ойрын зовлон салдаггүй” гэж хэлсэн байдаг. Бид яг л ийм байдалд орчихоод байна.

Алсын бодолгүйгээр “Хог” буюу Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас болж монголчууд ойрын зовлонгоос салахаа болих нь байна гэдгийг би олон хэлсэн. Гэтэл өнөөдөр нөгөө “ХОГ” буюу Хөрөнгө оруулалтын гэрээнийхээ заалтыг зөрчих дээрээ тулчихлаа. Тиймээс өнөөдөр ядахдаа гэрээгээ мөрдөөч ээ гэж гуйж байгаа юм.

“Рио Тинто”-гийнхон 24.3 тэрбум ам.долларын өрийн барьцаанд Монгол Улсыг 16 банкинд тавих гэж байна шүү дээ. Миний тооцоолсноор энэ өрнийхөө 5.7 тэрбум ам.долларыг аваад Монголоос гарах магадлал өндөр байна.

“Рио Тинто”-гийнхон өнөөдөр хөрөнгө оруулагч биш зээл зуучлагч болчихоод байгаа юм биш үү. Өмнө нь “Тамсаг соко” гэдэг Канадын компани хөрөнгө оруулагч нэрээр манай улсад орж ирчихээд эзэмшиж байсан ордоо “Петро чайна Дачин тамсаг”-т шилжүүлчихээд дундаас нь мөнгөө аваад гарч байсантай ижилхэн үйл явц өрнөх гээд байна. Үүнийг шийдэх асуудлыг муу ч бай, сайн ч бай Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан гэж би боддог. Хэрэв ийм асуудал байхгүй гэж үзэж байгаа бол Засгийн газрын зүгээс “С.Ганбаатар гэдэг хүн ард түмний сэтгэлийг үймүүлж худлаа зүйл ярьж байна” гэж зарлахгүй байгаа юм.

-“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн монгол гишүүд мэдээлэл хийхдээ гурван ажлын хэсэг бай­гуулахаар болсон талаар мэ­дээлсэн. Тухайлбал, тэр ажлын хэсэг дунд нь гүний уурхай бай­гуулах ажлын ТЭЗҮ-ийг шинэч­лэн хэлэлцэх ажлын хэсэг багтаж байгаа гэсэн. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ийм ажлын хэсэг байгуулаг­дахаар болсон гэдгийг сон­соод үнэхээр цочирдсон. Хөрөн­гө оруу­лалтын гэрээг байгуу­лах­даа ТЭЗҮ-ийг УИХ-аар баталгаа­жуул­сан. Тиймээс хэдийнэ баталчихсан ТЭЗҮ-ийг өөрчлөх гэж ярьж байгаа бол маш аюултай асуудал үүсэхийн шинж тэмдэг гэж бодож байна. Сайнаар өөрчилнө гэдэгт би итгэж чадахгүй л байна. “Рио Тинто”-гийнхнийг би тоонд тийм ч муу хүмүүс гэж бодохгүй байгаа шүү. Ямар аргачлал, үндэслэлээр ТЭЗҮ-ийг хэн өөрчлөх гээд байна вэ гэдгийг бид анхааралдаа авах ёстой. Хэрэв “Биеэ үнэлэгч” эрдэмтдийг цуглуулаад тооцоо хийх гэж байгаа бол энэ үнэхээр асуудал үүсгэнэ. Тиймээс энэ асуудлыг эргэж харах нь зүйтэй гэж бодож байна.

-Оюутолгойн ордоос хууль бусаар эзэмшиж байсан гэгдэх “Энтрий гоулд” ХХК-ийн хувийг “Оюутолгой” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхээр болсон байна билээ. Энэ талаар та юу хэлэх вэ?

-“Энтрий гоулд”-ын асуудлыг нэг тийш нь шийдсэн нь сайшаалтай юм. Гэхдээ иргэний нийгмийн төлөөллийн байгууллагууд, эх оронч эрдэмтэн мэргэд маань маш олон хоног суулт хийж байж маш олон асуудлыг шийдүүлсний нэг нь энэ “Энтрий гоулд”-ын хувийг “Оюутолгой” ХХК-ийн нэр дээр шилжүүлэх тухай асуудал байсан. Харин тэдний шийдүүлсэн энэ асуудлыг хэрэгжүүлэхгүй маш удсаны эцэст сая нэг юм хэрэгжүүлэхээр боллоо. Энэ бол уул уурхайн салбарын эрдэмтэн, ахмадуудын маань буян шүү дээ. Асуудлуудыг эхнээс нь шийдэж байгаа нь сайшаалтай ч бидний асуусан асуултуудад хариулт өгөхгүй байгаад нь гайхсан хэвээр байгаа гэдгийг Ерөнхий сайдад хандаж хэлмээр байна. Бидний баялгийг зээлийн барьцаанд тавих гэж байгаа юу. Хэрэв тийм бол ямар нөхцөлтэйгөөр вэ гэдэг асуултад минь хариулж өгөөч. Эцэст нь Австралийн нэгэн улстөрчийн хэлсэн “Бид өвөг дээдсээсээ уул уурхайн баялгийг өвөлж авсан юм биш. Харин бид ирээдүйгээсээ уул уурхайн баялгийг зээлдэж авч ашиглаж байгаа хүмүүс юм” гэдэг үгийг улстөрчдөдөө сануулмаар байна.

-Эдийн засаг хүндрээд байгаа энэ үед бие даагч гишүүд ямар нэгэн байдлаар өөрсдийн байр суурийг илэрхийлэхгүй байгаа. Энэ нь бие даагч гишүүдийг “Ардчилсан намынханд худалдагдчихсан. Бие даах чадвараа алдсан” гэдэг шүүмжлэл дагуулах болсон. Дээрх шүүмжлэлийг та хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Ийм шүүмжлэл гарч байгаад хязгааргүй их баярлаж байна. Бие даагч гишүүд үгүйлэгдэж, шүүмжлүүлж байх нь нэр төрийн хэрэг. Бид чадлынхаа хэрээр л асуудлын талаар ярьж байна. Эдийн засгийн нөхцөл байдал болон эрх баригчдын талаар байр сууриа илэрхийлж байгаа. Гэхдээ хуулийн төслүүдийг хэлэлцэх үү, үгүй юу гэдэг асуудлыг хэлэлцэж, хуулийн төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулж байгаа энэ цаг үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэт их ярих нь ёс зүйн хувьд зохисгүй гэдгийг бие даагчид мэдэж байгаа гэдгийг олон нийт ойлгох хэрэгтэй болов уу. Ажлын хэсгийн хуралдаан дээр бид яриад яриад дийлэхгүй тохиолдолд ард түмэндээ хандана. Тэр үед ард түмэн маань бидэнд ээлтэй хандаасай гэж хүсэж байна.

-“Манай улсын авсан урт ху­гацааны зээлүүдийн эргэн тө­лөлтийн хугацаа ойртож бай­гаагаас болоод эдийн засаг хүнд­рэх төлөв ажиглагдаж бай­на” гэдэг тайлбарыг эдийн за­сагчид өгч байна. Гэтэл сөрөг хүчин “эдийн засаг хямарчихлаа” гэж байгаа. Харин эрх баригчид “Эдийн засаг хямраагүй” гэсэн хариултыг өгч байна. Та эдийн засагч хүний хувьд ямар хариулт өгөх вэ?

-“Эдийн засаг хүндэрнэ гэдэг нь таны хөрш ажилгүй болохыг хэлнэ. Эдийн засаг хямарна гэдэг нь та ажилгүй болохыг хэлнэ” гэж нэгэн алдарт эрдэмтэн хэлсэн байдаг. Үүн шиг сөрөг хүчин болон эрх баригчид эдийн засгийг өөр өөр өнцгөөс харж тайлбарлаж байгаа болов уу. Гэхдээ Монголын эдийн засаг маш хүнд байгаа гэдгийг бид хэлэх ёстой. Үүнийг нуух хэрэггүй. Ямарсайндаа нэг хүн надаас “Ерөнхий сайд эдийн засаг хямраагүй гэж хэлээд байна шүү дээ” гэж асууж байсан юм. Ерөнхий сайдын эдийн засаг мэдээж хямрахгүй шүү дээ. Ард иргэдийн эдийн засаг хямраад байгаа нь үнэн. “Чингис” бондын мөнгийг зам тавих, цэцэг тарихад зарцуулахын оронд боловсруулах үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийе гэж мөн ч их гуйсан даа. 

Ямарсайндаа нэг хүн надаас “Ерөнхий сайд эдийн засаг хямраагүй гэж хэлээд байна шүү дээ” гэж асууж байсан юм. Ерөнхий сайдын эдийн засаг мэдээж хямрахгүй шүү дээ. Ард иргэдийн эдийн засаг хямраад байгаа нь үнэн.

хэрэв бид ингэж чадсан бол эдийн засгийн хүндрэлээс зайлсхийж чадах байсан юм. Нөгөөтэйгүүр, хөрш орнуудтайгаа найз байгаач ээ. Дэлхийн эдийн засгийн, худалдааны ямар гэрээнд бид хамрагдаж, ямар давуу байдлыг эдэлж байгаа юм бэ. Үүнийг тодорхойлж давуу талаа ашиглах хэрэгтэй байгаа юм. Усан онгоцон дээр байгаа авдар, савыг “Ийшээ зөөнө, тэрэнд өгнө, энэнд өгнө” гэж ярихын оронд усан онгоц зөв чиглэлд явж байна уу, үгүй юу гэдгийг ярихгүй байгаа юм бэ. Дотоодын үйлдвэрлэгч нарт гадаад зах зээл нээж өгөхийн төлөө Монголын Засгийн газар хуруугаа ч хөдөлгөхгүй байна шүү дээ. Ингэхээр эдийн засаг хүндрэхгүй гээд яах вэ.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ