УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2013.05.17

С.Бямбацогт: Бэлчээрийн мал аж ахуй, малчдаа түлхүү дэмжих хэрэгтэй

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Дээрх илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд салбарын сайд болон ажлын хэсгийнхэнд хандаж асуулт тавьж хариулт авав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: С.Баяр, Н.Энхбаяр нарын Засгийн газрын үед эхлүүлсэн Атрын гуравдугаар аян үр дүнгээ өгсөн. Тэр үед бид нийт гурилынхаа 30 хувийг өөрсдөө үйлдвэрлэж, 70 хувийг импортоор авдаг байсан.

Атрын гуравдугаар аяныг хэрэгжүүлж, үе үеийн их хурал, Засгийн газар дэмжиж явсаны үр дүнд Монгол Улс дотооддоо 100 хувь гурилаар хангаж байгаа. Цаашид төрийн бодлогоо ийм байдлаар залгамж чанартай явуулмаар байна.

Мөн өнгөрсөн их хурал, Засгийн газрын үед Монгол мал хөтөлбөр, төрөөс малчдын талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталсан.  Гэтэл энэ хууль салхи орохгүй дарагдчихсан байгаа. Малчдын орлогыг нэмэгдүүлэх олон бичиг баримт баталсан, батлах шаардлагатай. Хөдөө аж ахуйн биржийн хууль батлагдаад, хэрэгжээд явж байгаа.

Энэ хуулийн зорилго бол олон шат дамжлагаар малчдын гар дээр хамгийн бага үнэ байдаг. Ченжээр дамжаад үйлдвэрлэгчдэд өндөр үнэтэй нийлүүлэгддэг дундаас нь хэсэг хүмүүс ашиг олдог. Энэ олон шат дамжлагыг болих. Хуулийн хэрэгжилт үр дүн хэр байгааг тодрууллаа.

Төрийн албан хаагчдыг шаардаж үр дүн гаргаж, үр дүнг нь дүгнэхэд анхаарах хэрэгтэй.

Мөн УИХ Засгийн газрын оруулж ирж байгаа асуудлыг байнга  дэмждэг. Ялангуяа хөдөө аж ахуйн асуудлыг хоёр гар, хоёр хөлөө өргөөд дэмжиж байгаа. Харамсалтай нь хэрэгжилт нь тийм байна.

Төрөөс цалин авч, төрийн өмнөөс ард иргэддээ үйлчилгээ хүргэж, ард иргэдийнхээ төлөө ажиллах тангараг өргөсөн төрийн албан хаагчдыг шаардаж үр дүн гаргаж, үр дүнг нь дүгнэхэд анхаарах хэрэгтэй.

Түүнчлэн эрчимжсэн мал аж ахуй, сайн үйлдвэр угсааг дэмжихээс гадна уламжлалт бэлчээрийн мал аж ахуй, малчдаа дэмжихэд түлхүү бодлого явуулах хэрэгтэй гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ