Ёс зүйн дэд хорооны дүрмийг шинэчлэнэ
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан боллоо.
Анхны хэлэлцүүлгээр нь батлана
Хуралдаанаар “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүд дэмжсэн юм. Энэ үеэр зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах тухай санал мөн дэмжигдлээ.
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ц.Даваасүрэн, М.Энхболд, Х.Болорчулуун, Р.Гончигдорж, С.Ганбаатар, Д.Батцогт нарын гишүүд санал бодол, байр сууриа илэрхийлэхийн хамт УИХ-ын гишүүн, тогтоолын төслийг санаачлагчдын нэг Б.Бат-Эрдэнэ хэлэлцүүлгийн үеэр зонхилох байр суурьтай оролцсон. Тэрээр энэхүү түр хороог байгуулах болсон шалтгаан хийгээд үйл ажиллагааных нь талаар гишүүдэд дэлгэрэнгүй тайлбар өгч байв.
Уул уурхайн асуудлыг цогцоор нь, цэгцтэй авч үзэх, түүнийг тойрсон олон олон асуудалд зөв хандах, хүний эрх хөндөгдсөн, мөн аюулгүй байдлын талаарх үйл ажиллагааны гэхчлэн уул уурхайтай холбоо бүхий хамгийн чухал асуудлуудыг тодорхой төлөвлөлттэйгээр хөндөж ярилцаад зогсохгүй, УИХ-ын анхааралд байх нь зүйтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн.
Ажлын хэсэг байгуулав
Төрийн байгуулалтын байнгын хороо ойрын үед анхаарал татаад байгаа хэд хэдэн хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ.
Тухайлбал, одоогоор УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуультай холбогдсон зургаан хуулийн төсөл байна гэдгийг Байнгын хорооны дарга хэлээд, эдгээрийн зарим нь хэлэлцэх эсэх, зарим нь анхны хэлэлцүүлгийн шатанд байгаа зэргээр хэлэлцүүлгийн шатлалын хувьд зөрүүтэй тул ямар гарц байгааг эхлээд ярилцъя гэсэн юм. Хуулиудын төслийн зарим нь хэд хэдэн зүйл, заалттай байхад зарим нь ганцхан заалтыг тусгасан байгааг ч тэрээр мөн хэлсэн. Ингээд хууль санаачлагч нь зөвшөөрсөн тохиолдолд эдгээр хуулийн төслүүдийг хамтатгаж, багцлан хэлэлцээд явах боломж буйг ч онцолсон юм.
Иймд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Гишүүн М.Зоригт нарын өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Гишүүн Н.Энхболд нарын өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Гишүүн С.Бямбацогт, Д.Ганхуяг нарын өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг энэ удаа түр орхиод, бусад хэлэлцэх эсэх асуудлуудыг өнөөдөр эхэлж хэлэлцэхээр тогтсон.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
Энэ үеэр С.Бямбацогт гишүүн хуулийн төслөө /анхны хэлэлцүүлэгт буй/ татаж авч байгаагаа хэлсэн юм. Түүнчлэн эдгээр нэр бүхий таван хуультай холбогдуулан Ажлын хэсэг байгуулахаар болсон бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ажиллахаар тогтов. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд: УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Сү.Батболд, Н.Батцэрэг, Х.Тэмүүжин, М.Энхболд нарыг оруулах тухай Байнгын хорооны дарга дуулгаж байв.
Ингээд байнгын хорооны хуралдаанаар, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг эхлээд хэлэлцлээ. Эдгээрийг УИХ-ын гишүүн А.Бакей, Ж.Батсуурь, Ч.Улаан, Г.Батхүү нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм байна.
Хууль санаачлагч хэлэхдээ, хууль тогтоох байгууллагын бүтцийн зохион байгуулалтыг сайжруулах үүднээс хуулийн төслийг санаачилсан гээд тухайлбал, Өргөдлийн байнгын хороо байгуулагдсан тул иргэдийн зүгээс ирүүлж байдаг өргөдөл, гомдлын асуудлыг тус байнгын хороо руу шилжүүлэх, УИХ-аар хэлэлцэж байгаа хуулийн төсөл болон бусад асуудлыг цаасан хэлбэрээр тараахыг өөрчлөн цахим хэлбэрт оруулах, хууль тогтоох үйл ажиллагаанд УИХ-ын Тамгын газраас туслах, үйлчлэх үйл ажиллагааны хүрээнд өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслийн хувьд хууль зүйн болоод салбарын бодлогын дарамтыг багасгах үүднээс УИХ-ын Тамгын газрын дүгнэлтийг давхар сонсдог болох, иймд Тамгын газрын дүрэмд өөрчлөлт оруулах зэргийг тодотгон ярьж байв.
Энэ талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй тул УИХ-ын гишүүн А.Бакей, Ж.Батсуурь, Ч.Улаан, Г.Батхүү нарын өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийг хэлэлцье хэмээн дэмжлээ.
Техникийн боломж, хугацааг чухалчилж байв
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг мөн хэлэлцсэн. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Батзандан, Д.Сарангэрэл, Г.Уянга,
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан
Л.Энх-Амгалан нар өргөн мэдүүлсэн юм байна. Үе үеийн парламентад гарч байгаа гишүүдийн хариуцлагагүй байдлыг зогсоох, ирцийг хурууны хээгээр бүртгэн бүрдүүлэх, санал хураалтыг хурууны хээгээр мөн өгөх тухай энэ хуулийн төсөлд тусгагдсан аж.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа хэлж байсан. Тэд өмнөх бэлтгэл ажил болон дараа нь гарах үр дүнг хэр зэрэг тооцож үзсэн тухай сонирхож, техник, технологийн хувьд хаврын чуулганаас өмнө шийдэх боломж ямархуу байгааг УИХ-ын Тамгын газраас лавлаж байсан юм. УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, хэрвээ хуулийн төсөл батлагдвал техникийн асуудлыг бүрэн шийдэх бололцоо цаг хугацааны болоод бусад шалгуурт тэнцэх эсэхийг тодруулж байлаа. УИХ-ын гишүүний санал өгөх эрхийг бүрэн хангасан байх хэрэгтэй, техникийн хувьд гацалтгүй байх нь чухал зэргээр гишүүд байр сууриа илэрхийлж байсан ч зөвхөн ёс зүйн талаас нь шийдчих боломж байхад заавал ингэж хууль гаргаж, өөрсдийгөө албадуулах хэрэг байна уу гэсэн бодолтой гишүүн ч байсан. Эцэст нь уг хуулийн төслийг хэлэлцье гэсэн саналаар гишүүд дэмжсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж санаачилсан хуулийнхаа талаар танилцуулга хийв. Тэрээр УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэхэд гишүүн өөрийн байр сууринаас хандаж санал хураалтад оролцох дэгийг тусгасан боловч санал хураах цаг, өдөр нь тодорхой бус байдаг тул гишүүд иргэд, сонгогч, зочид, төлөөлөгчтэй уулзах зэрэг цаг хугацааг товлоход хүндрэл учирдаг талаар ярив. Түүнчлэн иргэд хууль тогтоох үйл явцыг телевизээр шууд үзэх бололцоотой болсон боловч тухайн хууль, тогтоол батлагдах процесс нь нэг өдөрт багтахгүй хоёр долоо хоног, хэдэн сарын дараа батлагдах тохиолдол байдаг тухай мөн хэлж байлаа. Тиймээс чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан аж.
УИХ-ын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, олон нийтийн санаа бодолд үндэслэгдсэн эрх зүйн орчинтой болгох үүднээс ээлжит болон ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн бүх асуудлын санал хураалтыг ажлын нэг өдөр буюу Баасан гаригт, тогтмол цагт /11.00/ явуулах хуулийн төслийг боловсруулсан гэж хэллээ.
Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулж гишүүд байр сууриа илэрхийлэхийн хамт дэмжихээр саналаа хураалгасан бөгөөд Ажлын хэсэг дээр сайтар ярилцах нь зөв гэсэн юм.
Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг эргэж ярилцана
Төрийн байгуулалтын байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал нь Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх тухай байв. УИХ-ын гишүүн Су.Батболд нарын өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг хэлэлцүүлгийн үеэр гишүүд мөн дэмжлээ.
Дараа нь Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай байнгын хороо хэлэлцсэн ч, намын бүлгүүд дахин ярилцаад, эргэж асуудлыг оруулж ирэхээр болов.