УИХ-ын дэд дарга С.Баярцогт Ази-Номхон далайн парламентын чуулганд оролцож байна
Ази-Номхон далайн парламент(АНДП)-ын 21 дүгээр чуулган ОХУ-ын Владивосток хотын Русский арал дээрх Алс Дорнодын Холбооны Их Сургуулийн зочид буудлын цогцолборт энэ сарын 28-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлсэн.
Тус чуулганд УИХ-ын Дэд дарга С.Баярцогт тэргүүтэй УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол Ази-Номхон далайн орнуудын парламентын бүлгийн дарга Г.Батхүү нар оролцож байна. Чуулганыг ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко албан ёсоор нээж үг хэлсэн байна. Тэрбээр бүс нутгийн хамтын ажиллагаанд ач холбогдол өгч АНДП-ын чуулганы үүрэг жил ирэх тусам улам нэмэгдэж байгааг онцлон тэмдэглэжээ.
Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсэж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн, АНДПЧ-ны Хүндэт Ерөнхийлөгч Я.Накасонэ нар тус тус мэндчилгээ ирүүлсэн байна.
Монголын талаас оролцож буй УИХ-ын төлөөлөгчдийн тэргүүн, УИХ-ын Дэд дарга С.Баярцогт чуулганд “Бүс нутгийн улс төр, аюулгүй байдал ба хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр хэлсэн үгэндээ Ази тивийн эдийн засаг хурдацтай өсөж буй энэ үед тивийн хууль санаачлагчдыг нэг дор цуглуулан бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэсэн юм. Чуулганы нээлтийн үйл ажиллагааны дараа УИХ-ын Дэд дарга С.Баярцогт БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга У Бангуо-той уулзаж санал бодлоо солилцохын зэрэгцээ Монгол Улсад хийх албан ёсны айлчлалд нь амжилт хүслээ.
Парламентын Дэд дарга мөн ОХУ-ын Холбооны Хурлын Зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенкотой уулзаж чуулганыг өндөр түвшинд зохион байгуулж буйд нь баяр хүргээд УИХ-ын дарга З.Энхболдын захидлыг гардуулав. Түүнчлэн ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн Дэд дарга Вячеслав Анатольевич Штыровтой уулзаж хоёр улсын эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх шаардлага байгаад санал нэг байжээ. Чуулганы гурав дахь өдөр “Ази-Номхон далай ба Европ хамтын ажиллагааны шинэ талбар” сэдэвт парламентчдын дугуй ширээний уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд илтгэл тавих юм. Харин “Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын залуу парламентчид”-ын уулзалтад УИХ-ын Дэд дарга С.Баярцогт оролцоно