Албан тушаал булаацалдан, хэрүүл хийж явсан нөхөд манай намаас гарч байна
УИХ-ын гишүүн Ж. Эрдэнэбат
2012.12.25
Улстөр

Албан тушаал булаацалдан, хэрүүл хийж явсан нөхөд манай намаас гарч байна

УИХ-ын гишүүн Ж. Эрдэнэбаттай ярилцлаа.

-УИХ-ын гурван гишүүн тангаргаа өргөснийг намуудын тохиролцоо байсан гэх хүмүүс олонтаа байна. Таны хувьд уг асуудлыг юу гэж харж байв?

-Шинээр гурван гишүүн тангаргаа өргөлөө. Нэг нь Баянзүрх дүүргээс иргэдийн олонхийн санал авч сонгогдсон. Нөгөө нь намын гишүүн өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдсөний улмаас дараагийн гишүүн орж ирэх журмын дагуу тангаргаа өргөлөө. Харин гурав дахь гишүүний хувьд шүүхийн маргаантай асуудал яригдаж байсан. Үүнтэй холбоотойгоор өмнө нь манай намын зүгээс иргэдийн сонголтыг хүндэтгэж үзэх шаардлагыг эрх баригчдад удаа дараа тавьсан. Бүр "Буйдантай суулт" ч хийсэн. Гэтэл үүнийг энэ зууны шилдэг онигоо гэх хүмүүс ч гарч байлаа.
Манай намынхны хувьд эцсийн аргаа л хэрэглэсэн нь энэ байсан юм. Өвөрхангайн ард түмэн ч гэсэн эсэргүүцлээ илэрхийлсэн шүү дээ. Яагаад гэвэл бүх шатны шүүхийн шийдвэрүүд нь манай намын хувьд давж заалдах эрхгүйгээр гарч байсан юм. Гэхдээ энэ удаа бид нэг ч гэсэн хүнээ УИХ-ын гишүүн болох бололцоогоор хангая гэсэн үүднээс өөрийн болон нөгөө намын хүнийг тангараг өргүүлсэн. Яваандаа шүүхийн шийдвэр манай талд гарвал нэг гишүүн маань тангаргаа өргөх боломж бүрдэнэ дээ.

-Гэхдээ танай намын гишүүд сонгогчдод мөнгө, эд зүйл тараасан нь шүүхээр тогтоогдсон шүү дээ?

-Мөнгө, эд зүйл тараасан гэдэг бол худал мэдээлэл. Тэгээд бас насанд хүрээгүй хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гээд байгаа. Үүний улмаас Өвөрхангайн 6000 сонгогчийн саналыг үгүйсгэсэн. Гэтэл яг үнэн хэрэгтээ тэр хүүхэд манай намын байраар зүгээр л нэг ороод гарсан зургийг хараад гаргасан шийдвэр байсан. Хэн ч гэсэн үүнийг харсан ямар нэг нөлөөлөл шүүхэд орсон байна гэж харахаар байгаа биз дээ. Одоо тэр хүүхэд нэр төрөө сэргээлгэх асуудлаар шүүхэд хандаад явж байгаа гэсэн.

-Танай намын гишүүд Чингэс архи, чико пай печенийг цэнхэр уутанд хийж тараасан гээд бүр нарийн мэдээлэл байдаг юм билээ. Энэ худал гэж үү?

-Тараасан эсэх асуудал дээр нарийн зүйлийг ярих эрх бүхий хүн нь би биш л дээ.

-Арайхийж тангараг өргөсөн Д.Арвин АН-д орж, танай намын суудал нэгээр хорогдчихлоо.

-УИХ, Орон нутгийн сонгууль боллоо. МАН-ын хувьд цэвэршиж байна гэж би бодож байна. Би энэ намын залуучуудын байгууллагаас авахуулаад орон нутгийн бүхий л байгууллагад ажиллаж байлаа. Энэ хугацаанд харж байхад албан тушаал булаацалдаж, хэрүүл зарга хийж байсан залуусаас эхлээд сонгуульд сонгогчдын санал авах боломжгүй болсон нөхөд л манай намаас гарч байна. Тэдний аль намд орж байгаа нь сонин биш. Гэхдээ манай намаас гарч байна. Манай нам МАН хэмээх уугуул нэрээ сэргээж авсан учир бидний ашиглахгүй орхисон нэрийг нөгөө улс төрийн хүчин авлаа. Үүнтэй холбоотойгоор МАН-ын удирдлагуудын зүгээс гишүүдээ бойкотлох байдал саяын орон нутгийн сонгуулийн үеэр ч гарлаа шүү дээ. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ч гарсан.
Д.Арвин гишүүний тухайд нам, үзэл баримтлалдаа тууштай биш байсан хувь хуний л сонголт байлаа.

-МАН-д залуучууд хүч түрж орж ирж байна. Та цэвэршиж байгаа гэж байна. Нөгөө талаас Д.Арвин гишүүн намаас гарах өргөдөлдөө намынхаа удирдлагуудтай санал нэгдэхгүй байна гэсэн байсан. Тэгэхээр танай намын болохгүй бүтэхгүй асуудал нь намын хуучин нөхдүүдээс болдог гэж ойлгож болох уу?

-Манай намын хувьд ямар нэгэн байдлаар шат дараалсан албан тушаалуудад анхан шатнаас нь эхлэн ажиллуулж байж дараагийн томилгоог ярьдаг. Нам гэдэг бол өөрөө олон нийтийн байгууллага. Тиймээс хэн нэг хүний гаргаж байгаа зан авир, хүсэл сонирхолд нийцсэн шийдвэр гаргах албагүй. Олон нийтийн байгууллага учир олонхи нь л шийднэ. Олонхийн гаргасан шийдвэрийг бусад нь дагах ёстой байхгүй юу. Би яагаад цэвэршиж байна гэсэн бэ гэхээр хувийнхаа үзэл бодол, бодлогыг бусдад тулгах сонирхолтой, эсвэл хувийнхаа амбицийг ил гаргаж, түүгээрээ өөрийгөө болон бусдыг дарангуйлах бусдад тулган хүлээлгэх явдал нам, улс төрийн байгууллагад байх боломжгүй гэдэг утгаар нь хэлсэн юм.

-Таны хэлж буй бодлогоо тулган хүлээлгэх асуудал танай намд бий байх нь ээ?

-Миний хувьд яг ийм байдлаар явж байна гэж харж байгаа. Манайд намд ийм байдал байсаар ирсэн, цаашдаа ч гэсэн байна байх гэж бодож байна. Та бүхэн анзаарч байгаа байх, удирдлагын хувьд анхнаасаа энэ намын залуучуудын байгууллагаас дамжиж ирсэн, шат шатны удирдлагад гарч ирж байгаа хүмүүс байгаа. Бид ч гэсэн залуучуудын байгууллагын тэргүүлэгчдээс эхлээд аймгийн намын хорооны гишүүн, тэргүүлэгч, дарга гээд л явж байна. Түүнээс бус хэн нэг хүн гарч ирээд "Аль нэг бүлгийг толгойлж байсан учир ийм албан тушаалд очих ёстой" гэх юм бол улс төрийн хүчин байх шаардлагагүй.

-Д.Арвин гишүүний хувьд намынхандаа гоморхсондоо ийм алхам хийсэн хэмээж байгаа. Ер нь танай намынхан түүнд арай хатуурхсан юм шиг биш. Та юу гэж бодож байна?

-Нам дотор тийм асуудал огт байгаагүй шүү дээ. Манай намын хувьд Баянзүрхийг тэр чигт нь орхисон. Яагаад гэвэл ялагч нь тэртэй тэргүй манай намын гишүүн байсан. Гэвч нэгийг нь дэмжээд нөгөөг нь хаячихсан мэтээр хэвлэлээр худал мэдээлсэнд зарим хүмүүс тэр чигт нь ойлгоод байх шиг байна.
Нэр дэвшигчдийн хооронд жаахан зөрчил байсан байж магадгүй. Түүнээс бус намын удирдлагын хувьд ямар нэг байдлаар ялгавартай хандсан зүйл байхгүй.

-Өнгөрөгч хугацаанд "Чингэс" бонд олон улсын зах зээлд гарлаа. Үүнийг та хэр зөв зүйл болсон гэж бодож байна вэ?

-Мөнгө олж ирж юм хийх гээд байгааг буруутгах үндэс байхгүй. Гэхдээ яг юу хийх вэ, хэзээ энэ мөнгийг авах ёстой байсан бэ гэдэгт асуудал байгаа. Манай улс жилийн дөрвөн улиралтай. Өнөөдөр өвлийн улирал болж байна. Гадаа гараад л бүтээн байгуулалт хийх боломж алга. Гэтэл энэ мөнгө үнэтэй. Бонд гэдэг бол тодорхой хэмжээний хүү дагуулж байдаг. Тиймээс ийм үнэтэй мөнгийг өнөөдөр авсанд шүүмжлэлтэй хандаж байна. Тэгээд бас хийх ажил нь нарийн тооцоогүй.
Гэтэл өнөөдрийн байдлаар энэ мөнгөний хүү өнгөрөгч лхагва гаригт гэхэд 2.6 сая ам.доллар болсон байсан.

Өнөөдөр гурван сая ам.доллар болсон байлгүй, 2.6 сая ам.доллар гэдэг бол монголчууд бидний хувьд маш их мөнгө.

Миний хувьд Засаг дарга байхдаа 2.6 сая ам.доллараар бүтэн жилийн турш бүтээн байгуулалт хийж байлаа. Тиймээс цаг хугацааны хувьд цагаа олоогүй зээл болов уу гэж дүгнэж байгаа юм. Бид бондоо дэлхийн зах зээл дээр гаргасан байж болно. Гэхдээ мөнгөө хэзээ авах вэ гэдгээ нарийн тооцох ёстой байсан. Ингэж чадаагүй учир үүнээс гарах үр дүн нь эргээд ард түмний нуруун  дээр   ирэх   ачаа болно гэж эмээж байна.

-Тэгвэл таны бодлоор энэ мөнгийг хэзээ авах ёстой байсан гэж?

-Цаг уурын нөхцөл байдлын хувьд манай бүтээн байгуулалт дөрөвдүгээр сараас л эхэлдэг. Энэ тодорхой хугацаандаа л авах байсан. Гэтэл өнөөдөр урьдчилаад авчихсан учир хий дэмий баахан хүү төлөөд сууж байна.

-МАН сөрөг хүчин учир асуудал бүрт сөргөөр хандах ёстой гэсэн байр сууринаас хандаад байх шиг байна. Танд тэгж бодогдож байна уу?

-Энэ бол зүгээр л шүүмжлэгчийн байр сууринаас хандаж хэлж буй дүгнэлт болов уу. Бид сөрөг хүчнийхээ байр суурийг боломжтой бүх хэлбэрээр илэрхийлж байгаа. Тухайлбал, ураны асуудлыг Засгийн газраас оруулж ирэхэд бид сөрөг хүчнийхээ байр сууринаас шүүмжилж байгаад болиулсан. Түүнчлэн төсөв хэлэлцэх үеэр ч нэлээд шүүмжлэлтэй хандаж байсан. Түүнийхээ үр дүнд ч нааштай олон зүйлийг хийж чадсан. Гэхдээ бидний чадаагүй зүйл бий. Тухайлбал, Ерөнхий сайдын багцын 50 тэрбум гэх мэтийг бид болиулж чадаагүй л дээ.

-Танай нам уугуул нэрээ сэргээсний улмаас МАХН хэмээх нэрийг хэсэг хүмүүс авч, өнгөрсөн хугацаанд засаг барилцталаа амжилт оллоо. Үүнийг та дээр хэлсэн яриандаа дурдаж байсан?

-Миний хувьд нам эсвэл хувь хүний талаар үзэл бодлоо илэрхийлэх сонирхол алга. Би дээр хэлсэн МАН уугуул нэрээ сэргээсэн. Энэ намд ямар нэгэн байдлаар багтаж шингэхгүй байгаа хүмүүс л өөр намд орсон.

-Таны яриаг хувь гишүүний асуудал руу хандуулъя. Та гишүүн болохоосоо өмнө Сэлэнгэ аймгийн Засаг дарга байсан. Энэ хугацаанд таныг чамгүй амжилттай ажилласан гэдэг юм билээ. Та үүнийг юугаар батлах вэ?

-Сэлэнгийн иргэн, сэлэнгэчүүд гэхээр арай л өөр хүмүүс байх шиг санагддаг юм. Өөрийнхөө амьдралыг залгуулаад явах боломжоо олоод харчихсан, туүнийхээ хойноос хөдөлмөрлөж байгаа ард түмэн. Тэдэнд маш бага, өчүүхэн дэмжлэг байхад л болно. Тэр дэмжлэгийг үзүүлчихвэл сэлэнгэчүүд хэнээс, юунаас ч хараат бусаар амьдралаа аваад явчих чадвартай. Би өөрөө Сэлэнгийн уугуул, Мандал сумын иргэн. Манай мандалынхныг Монгол Улс зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө зах зээлд шилжсэн хүмүүс гэж ярьдаг. Ийм газарт өсч өндийсөн учир ажилсаг зан нь надад өвлөгдөө биз ээ. Хийсэн ажлын тухайд гэвэл аймгийн дарга байхдаа нэлээд зүйлийг амжуулж чадсан. Би аймгийн дарга болохынхоо өмнө санхүүгийн хэлтсийн даргаар найман жил ажилласан.
Миний хийсэн хамгийн том ажил гэвэл хүүгүй зээлийн сан байгуулж байлаа. Энэ нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстээ зээл олгодог сан юм л даа. Үүнийгорон нутгийн өмч болон УИХ-ын гишүүн асан О.Чулуунбат гишүүний тэрбумаасаа санхүүжүүлсэн. О.Чулуунбат гишүүн өөрөө банкны хүн учир намайг ийм зүйл хийнэ гэхээр маш сайхан дэмжсэн. Энэ сан маань гурван жил гаруйн хугацаанд үйл ажиллагаагаа явуулахдаа 860 байнгын ажлын байр бий болгосон байгаа юм. Энэ бол нэг томоохон үйлдвэрт ч байхгүй орон тоо юм.

-Та намын залуучуудын байгууллагын гишүүн байсан гэсэн. Ер нь хэзээнээс улс төрд орсон юм бэ?

-Хүүхэд байхдаа л Монголын хувьсгалт залуучуудын байгууллагын гишүүн байлаа. 1991 онд аравдугаар ангиа төгссн. Бага ангидаа пионер байж байгаад ес, аравдугаар ангидаа оронгуут эвлэлийн гишуүн болсон. Түүнээс хойш зах зээлд шилжиж нийгэм ч өөрчлөгдөж байлаа. Би их сургуулиа 1996 онд эдийн засагч мэргэжлээр төгсөөд төрд ажилласан. Ингээд л 2000 онд МАН-ын залуучуудын байгууллагад орсон. Түүнээс хойш улс төрөөс үндсэндээ гарсангүй. Манай аав энэ намын гишүүн байлаа. Тиймээс нэг талдаа залуучуудын байгууллага нөгөө талаас эцэг, эхийн зөвлөгөө надад нөлөөлсөн байх аа.

-Энэ удаагийн сонгуульд Сэлэнгэ аймаг хоёр мандаттай байлаа. Өмнөх сонгуулиудад танай аймгаас одоогийн хотын дарга Э.Бат-Үүл сонгогддог байсан. Гэтэл энэ удаа тэр УИХ-д нэр дэвшсэнгүй. Тэгэхээр энэ нь танд нэлээд боломж олгосон гэвэл та үүнтэй санал нийлэх үү?

-Ард түмний сонголтыг бие биедээ боломж болгож өгнө гэдэг асуудал байхгүй л дээ. Иргэд сонголтоо л хийсэн. Миний хувьд Э.Бат-Үүл даргыг хүндэлж явдаг. Яагаад гэвэл ний нуугүй хэлэхэд бид хоёр анх муудалцаж танилцаж байлаа. Аймгийн дарга болсны дараа л даа. Гэхдээ дараа нь бид хоёр хуурай ах дүүс болсон. Бид аливаа асуудлыг ярьж ойлголцохдоо амархан болсон. Сүүлдээ хоёулаа бие биедээ "Битгий улстөрж" гэдэг болсон шүү.

-Таныг Засаг дарга байх хугацаандаа газрыг хууль бусаар танил талдаа олгосон гэх бараан намтар дагаж явдаг юм билээ?

-Би санхүү хэлтсийн даргаар ажиллаж байхдаа Сэлэнгэ аймгийн хэмжээний бүх тендерийн хороог хариуцдаг байсан. Тухайн үед миний ажилтай холбоотой нэг ч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн гомдол гаргаж байгаагүй, Яагаад гэвэл би бүгдийг хуулийн дагуу хийдэг байсан юм. 3.8 жил Засаг дарга хийхдээ үлгэр жишээ дарга байж чадсан. Гэтэл сонгуулийн өмнөөс эхлээд Эрдэнэбат шиг муухай хүн байхгүй гэсэн мэдээлэл цацагдах болсон л доо. Түүний нэг нь газрын наймааны асуудал. Би хэзээ ч алт, модтой холбоотой асуудалд оролцож үзээгүй. Яагаад гэвэл алт, мод хоёр нь амьд зүйлс. Тэднийг устгавал гай барцад нь тухайн хүнд, туүний үр хүүхдэд заавал ирдэг гэдэг. Энэ бодол миний толгойноос салдаггүй учир алт, модоор би хэзээ ч оролдоогүй. Цаашид ч оролдохгүй. Намайг Засаг дарга хийж байх хугацаанд 100 гаруй тусгай зөвшөөрөл хүссэн өргөцөл ирж байсан юм билээ, Би 12 дээр нь л гарын үсэг зурсан. Энэ 12-ын ихэнх нь барилгын чиглэлээр үйп ажиллагаа явуулах компани, байгууллага байсан. Шохойн чулуу, элс хайрга, тоосгоны шороо гэх мэт. Нутгийнхаа шороог алтнаас болж онгичуулахыг хэзээ ч хүсэхгүй.







ШИНЭ МЭДЭЭ