Шинэчлэлийн баатрууд зөв амьдралын төлөө тэмцэгчид байлаа
Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчлэлийн баатраар тодруулж нэгэн үдшийг өнгөрүүллээ.
2012.12.24
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Шинэчлэлийн баатрууд зөв амьдралын төлөө тэмцэгчид байлаа

 Нийгэмд түгээсэн сайн үйлс нь бусдын хайр талархлыг хүлээсэн олон иргэд бий. Тэд монгол орноо хөгжүүлэн дэвжээх шинэчлэлийн баатрууд билээ.

Ийм баатруудын төлөөлөл болсон дөрвөн зочиндоо Ерөнхий сайд талархал илэрхийлээд Монгол эх орондоо сайхан амьдрахын төлөө хамтарч ажиллана, дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Засгийн газар иргэдийнхээ санал бодлыг сонсох, хүлээж авах 11 11 төвийг нээгээд  хоёр сар болж байна.

Ийм төв нээсний ач холбогдол их байна. Нүүрсний үнэ өсөж байна, шуудайны хэмжээ улам жижгэрч байна гэхчлэн түлээ нүүрстэй холбоотой санал иргэдээс олон ирсэн.  Улаанбаатар хотод 6 кг хүрэхгүй жижиг тор нүүрс 1500, зарим газарт 2000 төгрөг. Харин Портер нүүрс 200  гаруй мянган төгрөгийн үнэтэй байсан. Иймд нүүрсний үнийг, ялангуяа, иргэдэд очиж байгаа жижиглэнгийн үнийг хоёр дахин хямдруулах ажлыг зохион байгуулахад М.Тулга оройлон ажилласан. Ажлынх нь үр дүнд 200 мянган төгрөгийн үнэ хүрч, “хаданд гарч” байсан нүүрсний үнэ 80 мянга болж, иргэд 40 кг-аар савласан нүүрсийг 3200 төгрөгөөр авч байгаа юм.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг 2012 оны 12 дугаар сарын 20-ны үдэш эгэл жирийн дөрвөн эрхмийг хүндэтгэн урьж, “Элит” ресторанд оройн зоог барилаа.

Энэ ажил цагаа олсон, ач тусаа өгч байгаа гэдгийг шинэчлэлийн баатар Г.Загдаа, Г.Амарсайхан нар хэллээ. Тэд гэр бүлийн хүмүүс бөгөөд “Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагыг удирддаг.  Гэр оронгүй, орц хонгилоор тэнүүчлэн амьдардаг, хорих газраас суллагдсан ч очих газаргүй, ах дүү хамаатан садангүй, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дэргэдээ авч, зөв амьдарч, ажиллахад нь тусалдаг байна. Хашаандаа таван гэртэй, нийт 32 хүн ажиллаж амьдардаг энэ өнөр бүлийнхэн хүмүүсийг халамжлахыг урьтал болгохгүй ажил хөдөлмөрт сургаж, муу зуршилгүй амьдралын дадал хэвшилтэй болгохын төлөө сэтгэл зүтгэлээ зориулж, зөв амьдралыг үлгэрлэдэг байна. Тэд тавилгын үйлдвэр эрхэлдэг, төвийнхөө хүмүүсийг үйлдвэртээ ажиллуулж, 400-700 мянган төгрөгийн цалин олгодог байна. Хөдөлмөрлөж олсон цалингаараа тус төвийн гишүүд хоол хүнсээ базааж бусдын адил амьдрах дадал авдаг. Ингэж тэднийд ажиллаж, амьдарч сураад амьдралд хөлөө олсон 150 гаруй хүн байгаа ажээ.

Гэрийн эзэн Г.Загдаа Засгийн газрын иргэдээ сонсох 11 11 төвд энэ сарын 11-ний өдөр хандаж Ерөнхий сайдтай уулзах хүсэлт тавьсан бөгөөд түүний хүсэлт ийм богино хугацаанд биеллээ олж, Засгийн газрын тэргүүнтэй оройн зоог барьж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд үе үеийн хотын дарга нартай уулзах хүсэлт гаргаж байсан ч хүлээж авч байгаагүй гэж ярилаа. Төр засгийн нүд нээгдэж, чих онгойсны илэрхийлэл нь энэ уулзалт болж байна гэж тэрбээр мөн хэлж байсан юм.  

Ерөнхий сайдтай оройн зоогт уригдсан бас нэгэн эрхэм нь TV8 телевизийн сэтгүүлч Н.Болортуяа байлаа. Тэрбээр хойт эцэгтээ зодуулж байсан хүүг зодуураас аварч, цагдаад хандсан бүсгүй юм. Гэр бүлийн далд хүчирхийллийг илчилсэн Н.Болортуяад олон хүн талархаж байгаа. Хүмүүс  нэгэндээ хайхрамжгүй, хүйтэн хандах болсон энэ цаг үед түүний энэ үйлдэл зөв дуудлага болсон гэж олон хүн талархаж байгаа юм.

Амьдралд хөл алдсан нэгнийг хөлөө олоход нь тусалдаг, бяцхан хүүг зодуураас салгасан, олон мянган айл өрхийг хямд нүүрсээр хангаж чадсан гавьяатай энэ эрхмүүдийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг шинэчлэлийн баатраар тодруулж, зоогийн ширээний ард халуун дотно яриа өрнүүлэн нэгэн үдшийг өнгөрүүллээ. Энэ тухай нэвтрүүлэг ирэх долоо хоногийн пүрэв гаригт МҮОНТ-ээр цацагдана.