АН
Монгол Улсын Их Хурлын Гишүүн Ж.Эрдэнэбат
2012.08.23
Улстөр

АН ''тогтвортой'' гэдэг үгээр халхавчлан сандал ширээтэйгээ зууралдаж байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Анхдугаар чуулган завсарлалаа. 30 хоногийн турш үргэлжилсэн анхдугаар чуулганы үр дүнг та хэрхэн дүгнэж байна?

-Ард түмнээс сонгогдсон УИХ-ын 71 гишүүн анхдугаар чуулганд тангараг өргөн суусан. Түүний 25 гишүүн МАН-ын гишүүн байлаа. Монголчууд эх нь булингартай бол адаг нь булингартай гэж ярьдаг. Тиймээс бидний хувьд анхдугаар чуулганыг хуулийн хүрээнд болоосой гэдэг үүднээс олонх болсон АН болон эвсэлд хамтарсан намуудад шаардлага хүргүүлж ажилласан. Үүнийг нь гадуур МАН сандал ширээтэйгээ зууралдлаа гэж ярьж байгаа. Гэвч бид ерөөсөө тэгээгүй гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох үйл ажиллагаан дээр харуулсан. Олонхи болсон талуудын зарим гишүүд хуралдаандаа ирж суугаагүй байхад МАН орж суун ирцийг нь бүрдүүлж, Ерөнхий сайдыг томилуулж өгсөн. Тэгэхээр энэ бол бид сандал ширээтэйгээ зууралдаагүйг харуулсан томоохон илэрхийлэл болохыг ард түмэнд харж болов уу гэж бодож байна. Анхдугаар чуулганы хувьд аль болох хуулийн дагуу явъя гэсэн шаардлагыг бид тавьж, олонхи болсон намууд хүч түрэн өөрсдийнхөө санаж бодсон зүйлийг цөөнхгүйгээр гүйцэлдүүлсэн чуулган боллоо хэмээн дүгнэмээр байна.

-Анхдугаар чуулганы хугацаанд Ардын намын бүлгийг албан ёсоор зарласангүй. УИХ-д МАН-ын бүлэг гэсэн бүтэц байгаа эсэх эргэлзээ тайлагдахгүйгээр хаалтаа хийчихлээ?

-УИХ-ын Дэгийн тухай хуульд УИХ-ын дарга томилогдсоноос хойш 24 цагийн дотор нам, эвслүүд бүлэг байгуулсан тухай шийдвэр, нэрийн жагсаалтаа мэдэгдэнэ гэсэн заалт бий. Энэ бол өнгөцхөн талаас харахад ард түмний сонголт юу ч биш, зөвхөн УИХ-ын дарга л бүлэг байгуулах эсэхийг шийдэх юм шиг сонин заалт. Гэтэл Үндсэн хуульд сонгуулийн үр дүнгээр бүлэг байгуулагдана гэж байдаг. Түүнээс биш УИХ-ын даргад өргөн барьсан эсэх талаар юу ч Үндсэн хуульд заагаагүй. Мөн хэрвээ бүлэг байгуулсан шийдвэрээ 24 цагийн дотор УИХ-ын даргад өргөн бариагүй бол бүлэггүй байна гэсэн заалт хуульд байхгүй. МАН УИХ-ын даргыг сонгосон үйл явц хууль бус болсон гэж үзсэн. Тиймээс бүлэг байгуулсан шийдвэрээ УИХ-ын даргад өргөн барихгүй, энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хандана гэсэн байдлаар УИХ-ын Тамгын газарт албан бичиг хүргүүлсэн. Энэ нь бид хуулиа мэдэхгүйдээ, эсвэл сандал ширээтэйгээ зууралдсандаа хийсэн үйлдэл биш. УИХ-ын даргыг сонгох процессыг хуулийн дагуу болгохын тулд хийсэн ажил. Гэтэл түүнийг түрий барьж, зөвхөн УИХ-ын дарга л бүлэг байгуулах эрхтэй юм шигээр ойлгон хандаж байгаад харамсаж байна.

-Үндсэн хуулийн цэцэд гаргасан гомдлыг ажлын 14 хоногт багтаан хэлэлцэх ёстой. Гэтэл тэр хугацаа хэдийнэ өнгөрсөн байна. Цэц дүгнэлтээ хэзээ гаргах юм бол?

-Цэцийн гишүүд амраад явчихсан гэдэг тайлбар хэлдэг. Хүн амрах ёстой л доо. Гэхдээ улс орны энэ чухал асуудал хэлэлцэж байгаа үед Цэцийн гишүүд цуглаад хуралдчихад болохгүй зүйлгүй. Хэрвээ Үндсэн хуулийн цэцээс олонхийн гаргасан шийдвэр зөв байна гэсэн дүгнэлтийг гаргавал бид бүлгийнхээ асуудлыг өргөн бариад явчихна. Үндсэн хуулийн цэцэд хандаж байна гэдэг тодорхой хэмжээний хүлээлт үүсгэх ёстой. Тийм учраас аливаа гомдлын хариуг 14 хоногийн дотор өгөх ёстой гээд заачихаад байна. Аливаа асуудал Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл тэр үйл ажиллагааг зогсоодог биз дээ. Бид тийм л байдлаар асуудалд хандсан. Гэтэл олонх болсон намууд маань шууд эсрэгээр тайлбарлаад явчихаж байгаа нь харамсалтай байна.

-Нэгэнт анхдугаар чуулганы хугацаанд Ардын намын бүлгийг албан ёсоор зарлаж, баталгаажуулаагүй учир тодорхой хуулийн төсөл санаачлан бүлгээ байгуулах боломж бий гэж УИХ-ын дарга хэлсэн. Та бүхэн энэ талаар хуулийн төсөл санаачлан, өргөн барих уу?

-Манай бүлэг хуулийн төсөл санаачлахгүй. Яагаад гэвэл бид хууль зөрчөөгүй.

-Гэвч танай намын бүлгийн байр суурь ямар байгаагаас үл хамаараад шийдвэрүүдийг нөгөө тал гаргаад байна шүү дээ?

-Ер нь сонгууль гэдэг нэг удаа болоод дуусахгүй. Ард түмэн харж л байгаа. МАН 46 суудалтай байхдаа эв эе, улс орныхоо хөгжлийг бодон Ардчилсан намтай эвсэж байсан. Гэтэл өнөөдөр 31 гишүүнтэй Ардчилсан нам яаж аашилж байгааг ард түмэн харж байгаа байх.

-Ардын намын бүлгийг албан ёсоор баталгаажуулаагүй учраас гишүүд нь УИХ-ын бүтцийн байгууллага болох Байнгын болон Дэд хороодод орж чадахгүй байна. Харин та хувь гишүүнийхээ хувиар албан тоот илгээн, Төсвийн байнгын хороо болон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд орлоо. Ингэснээрээ та Ардын намыг бүлэггүй болсон гэдгийг зөвшөөрсөн хэрэг биш үү?

-Миний хувьд ийм үйлдэл хийх болсон нь бүлгийн шийдвэр. Хуулиараа Төсвийн зарлагын хяналтын дэд хороог сөрөг хүчин нь ахлах ёстой. Тиймээс манай намын бүлгээс уг албанд миний нэрийг дэвшүүлсэн. Би МАН-ын бүлгийн шийдвэрийг үндэслэн Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд орох хүсэлтээ байна гэдэг албан бичгээ УИХ-ын даргад өргөн барьсан.

-Гэхдээ хувь гишүүнийхээ үүднээс үү?

-Тийм.

-Шинэ Засгийн газар байгуулагдан сайд нараа томилчихлоо. Энэ удаагийн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар та ямар бодолтой байна?

-Ер нь аливаа зүйлийн толгой хэтэрхий данхайх тусмаа унахдаа амархан байдаг. Уг нь хөлөө томруулж, сайн суурьтай байх юм бол илүү бат бөх байх ёстой.

-Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг агентлагийн тоог цөөрүүлж, яамдыг нэмэхдээ данхар бүтцийг арилгаж байна хэмээн тайлбарласан. Үнэхээр агентлаг гэдэг яамнаасаа том, данхар бүтэц байсан хэрэг үү?

-Яам гэдэг өөрөө бодлого тодорхойлогч байгууллага. Харин агентлаг нь хэрэгжүүлэгч. Бодлого тодорхойлогч нь гүйцэтгэгчээ хянах ёстой. Өөрөөр хэлбэл өөрийнхөө гаргасан бодлогыг гүйцэтгэгчийнхээ хийж байгаа үйл ажиллагаан дээр тулгуурлаж хяналт тавих ёстой байхгүй юу. Гэтэл өнөөдөр гүйцэтгэгч байгууллага нь алга болоод ажлыг нь бодлого тодорхойлогч байгууллага нь давхар хийхээр тэнд ямар хяналт байх нь тодорхой. Хоёрдугаарт тухайн салбарын сайд гүйцэтгэгч, бодлогоо цуг хийгээд байгаа учраас хувь эсвэл бүлэг хүнд таарсан шийдвэрийг гаргана. Дээрээс нь Засгийн газрын бүх гишүүд нь УИХ-ын гишүүдээс бүрдчихлээ. Мөн УИХ-ын гишүүд нь гүйцэтгэгч агентлагуудаа татан буулгачихлаа. Ингэхээр төрийн үйл ажиллагаанд тавих хяналт хаанаас яаж гарах нь тодорхойгүй байна.

-Энэ удаагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд дандаа УИХ-ын гишүүд багтаж байгаа нь тогтвортой байдлаа хангасан алхам хэмээн тайлбарлаж байгаа?

-Засгийн газар өөрөө зөв үйл ажиллагаа явуулж байж л тогтвортой байна. Түүнээс биш УИХ-ын гишүүн нь сайд болсноороо тэр Засгийн газар тогтвортой байна гэж байхгүй. Хэрвээ Засгийн газар алдаатай үйл ажиллагаа явуулбал огцорч л таарна. Тиймээс ард түмний төлөө зөв үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Үүнийг л тогтвортой тогтворгүйгээр нь ярина уу гэхээс УИХ-ын гишүүн нь сайд болсноороо тогтвортой байна гэдэг утгагүй байх. Харин үүнийг нөгөө өнцгөөс нь ярих юм бол тогтвортой гэдэг үгээр жинхэнэ сандал ширээтэйгээ Ардчилсан намынхан зууралдаж байгаа биз дээ. Харин дээрх тайлбар бол худлаа уран цэцэн үг ярьж, ард түмний толгойг эргүүлж байгаа л хэрэг. Гэхдээ ард түмэн тэнэг биш учраас ойлгож байгаа.

-Ээлжит бус чуулганаар хэлэлцэх хамгийн чухал асуудал нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль. Та орон нутагт олон жил ажилласан хүний хувьд уг хуулийг ямар байдлаар гараасай гэж бодож байна?

-Орон нутаг гэдэг бол УИХ биш юм. Бүр тэс ондоо ойлголт. Орон нутгийн сонгуульд зөвхөн тэнд байгаа хүн л оролцдог. Жишээ нь орон нутагт нэг хүндрэл гардаг.

Багийн Засаг дарга сонгуулиар гарч ирдэг. Гэтэл тэр тэр нөхөр цөөн хүн амтай баг дотроо олон ах дүүтэй бол насаараа Засаг дарга хийнэ.

Энэ зөрчлийг арилгахын тулд орон нутгийн тойргийг томсгож ерөөсөө болохгүй. Жижиг тойрог дээрээ байх ёстой гээд байгаагийн учир нь тухайн сумын төлөөлөл нэг гэр бүлийн, эсвэл нэг бизнесийн фракцын бүлэглэл биш байж тухайн орон нутгийн тодорхой асуудлуудыг хэлэлцэх ёстой. Харин тойргийг нэг болгочих юм бол магадгүй тэр сумд үйл ажиллагаа явуулдаг томоохон компанийн удирдах ажилтнууд бүгд иргэдийн хуралд орох магадлалтай. Яагаад гэвэл “биднийг сонгочих юм бол чи ажилтай” гээд хэлчихвэл тухайн компанид ажилладаг хүмүүс саналаа өгч л таарна. Тиймээс орон нутгийн сонгуулийг УИХ-тай адилтган үзэж болохгүй.

-Одоогийн нөхцөлд сумын Засаг даргыг аймгийн Засаг дарга шууд томилж байна. Гэтэл сумын Засаг даргыг иргэд нь өөрсдөө сонгодог байхаар Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж буй. Таны бодлоор энэ нь хэр зөв шийдэл вэ?

-Иргэд нь сумын Засаг даргаа сонгодог болсон тохиолдолд хариуцлагын асуудлыг хэн ярих вэ гэдэг нь хүндрэлтэй болчихож байгаа юм. УИХ-ын гишүүний хувьд дөрвөн жилийн дараа хариуцлагын асуудал ярьж болдог. Тэгвэл сумын Засаг дарга гэдэг УИХ-ын гишүүн биш. Харин тэр сум орон нутагт ажиллаж амьдарч байгаа, Монголын төр захиргааны байгууллагын доод шатны удирдагч. Сумын Засаг дарга хэр хариуцлагатай ажиллана, улс орны хувь заяа бараг тэндээс шалтгаална. Тиймээс сумын Засаг даргыг ард түмнээс сонгосноор тэр хүний хариуцлагын асуудлыг дөрвөн жилийн дараа л ярьдаг байх юм уу, эсвэл наана нь ард иргэд нь эсвэл аймгийн Засаг дарга нь хариуцлага тооцдог байх уу. Энэ бүгдийг нь шийдэж өгөхгүйгээр шууд л сумын Засаг даргыг ард, иргэд нь сонгоно гэчих юм бол тэр хүн жинхэнэ дураараа дургих асуудал үүснэ гэж бодож байна. Би дөрвөн жил аймгийн Засаг даргаар ажилласан. Манай Сэлэнгэ аймаг 17 сумтай. Тэр дунд ажилтай ч хүн байлаа, ажил хийдэггүй сумын Засаг дарга ч байсан. Хэрвээ сөрөг нам байх юм бол надад аль нэгэн сумын Засаг даргатайгаа хариуцлага тооцох эрх байдаггүй байсан. Архи уугаад алга болчихдог, ард түмэн нь гомдол тоочоод байдаг. Харин би тухайн сумын Засаг даргыг нэг, хоёр сарын цалингаар нь торгож арга хэмжээ авах ч эрх мэдэл одоогийн нөхцөлд байхгүй. Ийм байж дахиад сумын Засаг даргыг ард түмнээс сонгоно гэдэг хүнд. Хүн уран цэцэн үгээр ард түмнийг хуураад сонгогдож болно. Сонгогдсоныхоо дараа ажлаа хийдэг бол хамаа алга. Харин хийж чадахгүй бол яах вэ. Юмыг дандаа хоёр талаас нь харж байх хэрэгтэй.

-Орон нутгийн сонгуулийн саналыг автоматаар тоолох тухай яригдах байх. Үүнд таны байр суурь ямар байна?

-Анхдугаар чуулганы хаалт дээр УИХ-ын дарга сонгуулийн санал тоолох үйл ажиллагааг автоматжуулснаар шударга сайхан сонгууль боллоо гэж хэлсэн. Үнэхээр сонгууль шударга болсон юм бол тоолохоос яагаад айгаад байгаа юм бэ. Тоолвол хууль зөрчинө гэж хэлдэг л дээ. Өнөөдөр зарим гишүүн нь УИХ-ын даргыг зөвшөөрөл өгөөгүй байхад, микрофонгүйгээр орилж хашгиран хууль зөрчөөд л байна шүү дээ. Дэгийн тухай хуульд чуулганы хуралдаан дээр УИХ-ын дарга үг хэлэх зөвшөөрөл өгөөгүй байхад тухайн хүн асуулт тавьж, саналаа хэлэх эрхгүй байдаг. Гэтэл манай намын гишүүд үг хэлж байхад Ардчилсан намынхан яаж орилж, хашгирч байдаг билээ. Хэрвээ хууль ярих юм бол бүх зүйл нь хуулийнхаа дагуу л байх ёстой.
Харин өөрсдөө хуулиа хэрэгжүүлж чадахгүй байж, бусдаас түүнийгээ нэхэх хэрэггүй.

-Тэгэхээр та Орон нутгийн сонгуулийн саналыг автоматаар тоолохын эсрэг байна уу?

-Эсрэг байна. Автомат машины талаарх ард иргэдийн эргэлзээг тайлаад өгчих хэрэгтэй. МАН болон бусад улс төрийн хүчнүүдийн зүгээс тавьсан саналын дагуу ганц, хоёрхон тойрог дээр гараар дахин тоолчих л доо. Харин тоолоод ямар ч эргэлзээгүй нь нотлогдох юм бол орон нутгийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийг автоматаар тоолж болно. Өнөөдөр автомат машинаар саналыг тоолсноор сонгууль будлиантай болсон гэдгийг гадаадын бусад оронд хүлээн зөвшөөрч, ашиглахаас татгалзаад байна. Ганцхан Монгол л ашиглаж байгаа.

ШИНЭ МЭДЭЭ