С.Бямбацогт: Сөрөг хүчин сонгуульд ийм амжилттай оролцсон түүх байхгүй
Монгол Улсын Их Хурлын Гишүүн С.Бямбацогт.
2012.12.04
Улстөр

С.Бямбацогт: Сөрөг хүчин сонгуульд ийм амжилттай оролцсон түүх байхгүй

УИХ-аар энэ долоо хоногт Засгийн газраас арьс, ширний үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор 200 тэрбум төгрөгийн бонд гаргах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих зорилгыг нь сайшааж буй ч өмнөх бондын хэрэгжилт, үр дүнг нягтлах ёстой, Ажлын хэсэг байгуулах нь зөв гэж үзсэн байна. Мөн Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын болон дэгийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэхэд бэлэн гэжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дэд ахлагч С.Бямбацогт, гишүүн Д.Оюунхорол нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

С.Бямбацогт гишүүн “Өмнөх УИХ ноос үйлдвэрлэгчид, малчдыг дэмжих зорилгоор 300 тэрбум төгрөгийн бонд гаргасан. Үүнээс 275 тэрбум төгрөг ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд очсон. Үүний үр дүн гарсан уу гэдгийг нягтлах хэрэгтэй. Засгийн газраас хамгийн сүүлд таван тэрбум төгрөгийн бонд гаргасан. Нефть бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгахын тулд Монголбанкнаас хүүгүй, 180 сая долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Одоо 200 тэрбум төгрөгийн бонд гаргах гэж байна. Энэ байдлаар төсөвт ёроолгүй сав мэт хандаж бас болохгүй. Ирээдүйдээ өр үлдээнэ. Тиймээс Ажлын хэсэг байгуулж, энэ асуудалд хяналт тавьж, зөв, үр ашигтай зүйлд зарцуулах ёстой гэж үзлээ” гэлээ. Тэднээс зарим зүйл тодрууллаа.

-Орон нутгийн сонгуулийн үр дүнг дүгнэж хэлэлцсэн үү?

С.Бямбацогт: -Орон нутгийн сонгуулиар МАН есөн аймаг, дөрвөн дүүрэгт ялж маш амжилттай оролцлоо. Сүүлийн 22 жилийн хугацаанд сөрөг хүчин ийм өндөр амжилтыг орон нутгийн сонгуульд гаргасан түүх байхгүй. Эрх баригч нам ийм амжилтгүй оролцсон удаагүй. 10 аймагт АН ялж, хоёр аймагт тэнцсэн. Нийслэлийн дөрөв дөрвөн дүүрэгт хоёр нам ялж, Налайх дүүрэгт санал тэнцсэн. АН-ын удирдлагууд “Хавтгайд нь ялж байна” гэж мэдэгдсэн.

Баян-Өлгий аймаг 570 хүчингүй санал гарсан гэсэн, ХанУул дүүрэгт 270 хүн санал өгсөн атал 130 гэх мэтээр тоо гарсныг зассан.

Бид хавтгайд нь хариуцлагыг үлдээлээ. Ялсан аймаг, сумандаа ард иргэдийн саналыг авч Засаг даргыг сонгохоо мэдэгдсэн. Энэ ёсоор сум, аймгийн Засаг даргыг ИТХ нь шийдээд Дорнод, Хөвсгөл аймгийн Засаг даргын нэрийг Ерөнхий сайдад өргөн барьсан. Гэвч Ерөнхий сайд өөрийн намын Засаг дарга нарын нэрийг батламжилчихаад манайхныг азнаж байна. Асуудалд тэгш хандаач гэсэн хүсэлтээ бид тавих болно. Санал хураах машин буруу ажилласан, дүн нууц байх ёстой атал ил болсон гэх мэт асуудал гарсан.

Энэ мэтээр машинд эргэлзэх тохиолдол их гарсан. Үүнийг шийдэх ёстой.

-МАН зарим гишүүний тангаргаа өргөх, тэр тусмаа Өвөрхангайн хоёрын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх асуудлыг хэлэлцэхэд оролцох уу?

-Хууль дээдлэх зарчим баримтална. Ер нь цаашид сонгуулийн үр дүнг хэн нэг шүүгч, улстөрч захиалгаар өөрчлөөд байх юм бол ардчиллын үнэ цэнэ байхгүй болно. Сонгууль хийх хэрэггүй болно. Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн хуулийг ч гэсэн эргэж харах хэрэгтэй.

С.Бямбацогт: -Олонх 46 суудалтай, тэд ирцээ бүрдүүлээд л явна. Бид чуулганыг гацаагаагүй. Эрх барьж, айл гэрийг толгойлж буй бол өөрсдөө ажлаа сайн хийх ёстой, тэгж чадаагүйн буруугаа хүүхдэдээ үүрүүлэх гээд байж болохгүй. Яаж удирдах нь тэдний ур чадвар, зохион байгуулалтын асуудал.

ШИНЭ МЭДЭЭ