УИХ-ын ээлжит бус чуулганаар үргэлжүүлэн хэлэлцэж байгаа асуудал нь Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хууль болон холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухайн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлэг.
2012.09.07

С.Бямбацогт гишүүн Ховд аймгийн зарим сум, багийг ирэх жил холбоожуулах хэрэгтэй гэж шаардав

Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон, санхүүгийн жилийн явцад эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан батлагдсан төсөвт төлөвлөсөн орлого орох боломжгүй болсон зэргээс шалтгаалан төсөвт тодотгол хийж байгаа ч төсвийн алдагдал 4,9 хувьд хүрч байгааг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн онцоллоо.

Төсвийн алдагдлыг таван хувиас хэтрүүлэхгүйн тулд зам, барилгын зарим ажлыг ирэх жилийн төсөвт тусгахаар хойшлуулсан, төсөв танасан зэргээс үүдэн УИХ-ын зарим гишүүн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Улаан нараас асуулт асууж саналаа хэлж байсан.

Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Ховд аймгийн зарим сум, багийг холбоожуулахаар МУ-ын 2012 оны төсөвт 1,6 тэрбум төгрөг тусгасан байсныг хасч тодотгол хийсэн байна.  Сум, багыг холбоожуулах төсөвт хөрөнгийг хэвээр оруулж ирээч” гэв.

Сангийн сайд Ч.Улаан “Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд зарим сум, багийг холбоожуулахдаа “Жи-мобайл”-ын  сүлжээгээр холбоожуулна гээд тодорхой нэг компани, хэрэгжүүлэх технологийн нэрийг заасан нь тендерийн хуулийн агуулгатай нийцэхгүй байгаа.

Тендер зарлагдаж байж сонгон шалгаруулалтаар багийг холбоожуулах ажил хийгдэх учиртай.

Тиймээс тодотголоор Ховд аймгийн зарим сум, багийг холбоожуулах асуудал байнгын хорооны хурал дээр дэмжигдээгүй” гэсэн тайлбар хэлсэн юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл мөн санал хэлсэн.

Тэрбээр “ Жи-мобайл” гэдэг нэр саад болоод байгаа бол энэ үгийг хасая гэдэг дээр санал хураая гэсэн боловч гишүүдийн дэмжлэг авсангүй. Эцэст нь УИХ-ын дарга З.Энхболд С.Баямбацогт гишүүнд хандаж “Сангийн сайд Ч.Улаан  ирэх жилийн төсөвт Ховд аймгийн зарим сум, багийг холбоожуулах хөрөнгийг тусгая гэлээ.

Тиймээс гуравхан сар хүлээчих. Гэхдээ тэр үед “Жи-мобайл” гэсэн нэрийг хасч оруулж ирэх хэрэгтэй гэв.

ШИНЭ МЭДЭЭ