
Д.Бум-Очир: Баяр наадмаар хүн зон баярлах бүү хэл олон жил уралдсан адуу хүртэл өөрийгөө сойж уралддаг
“Наадам ямар хэрэгтэй юм бэ?”, “Нийгэм, олон нийтийн дунд ямар үүрэг гүйцэтгэж байдаг вэ?” гэдэг асуултын хариултыг бид аль болох олон өнцгөөс хардаг, сэтгэдэг, мэддэг байх хэрэгтэй. Ингэснээр Монголчууд бидний наадмыг харах өнцөг тэлж, үнэлэх үнэлэмж нэмэгдэх учиртай. Бид наадмыг түүх соёлын чухал өв болох талаас нь ихээхэн ярьж, бичдэг боловч нийгэм, нийтэд үзүүлдэг нөлөө, гүйцэтгэдэг үүргийн талыг харьцангуй бага хөндсөн байдаг тул энэ талаар хэдэн зүйлийг дурдах нь зүйтэй санагдлаа.
1. Наадам бусад баяр ёслолоос ямар ялгаатай, онцлогтой вэ? Наадам бол үндэсний баяр (national holiday). Бүх баяр “үндэсний” байдаггүй, зарим нь олон улсынх ч байдаг. Аливаа ард түмэн үндэстэн болохын хувьдаа, мөн үндэстэн улс болохын хувьдаа түүнийгээ тунхагладаг, тэмдэглэдэг үндэсний баяртай байдаг нь үндэстэн улсын нэгэн чухал шинж чанар юм. Хамгийн чухал нь үндэсний баяр тухайн үндэстэн, ард түмнийг зөвхөн түүх соёлын хувьд төдийгүй нийгмийн оролцоо, сэтгэл зүй, оюун санааны хувьд нэгтгэж нэгэн ард түмэн болгож, нэгэн ард түмэн байлгаж байх үүрэг гүйцэтгэж байдаг.
2. Тэгвэл Монгол наадам ард түмнийг түүх соёлоос гадна юугаар, яаж, хэрхэн нэгтгэж нэгэн ард түмэн болж байдаг вэ? Цаг хугацаа, орон зай, оюун санааны хувьд гэхчлэн олон талаар нэгтгэж байдаг. Хамгийн энгийн жишээгээр бол наадам болж байгаа бүхий л газар баяр наадмын уур амьсгал бий болж, хүмүүсийг наадан цэнгэх, бахдан баярлах сэтгэл зүйн төлөвт оруулж энэ нь баяр наадмын өдрүүдэд үргэлжилдэг. Хүн нь бүү хэл олон жил наадамд уралдсан адуу хүртэл өөрийгөө сойж уралдаж байх жишээтэй. Ийнхүү бүх нийтийг хамарсан энэхүү сэтгэл зүйн хамтын төлөв нь энэ төлөвт байгаа бүх хүнийг сэтгэл хөдлөл, ой дурсамж, оюун санааны хувьд нэгтгэж байдаг. Энэ хамтын сэтгэл зүйн төлөвт огт орохгүй байгаа хүн гэдэг бол энэ төлөвт орж үзээгүй, орж үзсэн ой дурсамжгүй, эсвэл оролгүй удсан, энэ мэдрэмжээс холдсон, мартсан хүн юм уу манай ардын хэлдгээр “монголоо алдсан” хүн эсвэл бүр гадаад хүн байж болох юм.
3. Монгол наадам байхгүй байвал юу болох вэ? Наадам байхгүй байвал наадам дээр суурилан бий болдог нөгөө дээр дурдсан хамтын сэтгэл зүй, ой дурсамж, оюун санаа үгүй болно. Өөрөөр хэлбэл, Монголчууд биднийг нэгтгэдэг үнэт зүйл буюу үндэсний нэгдмэл үнэт зүйлс нэгэн чухал зүйлээр хорогдоно, оюун санааны сөрөн тэсвэрлэх үндэсний чадвар суларна. Ийнхүү нэг нэгээр хорогдож, бага багаар сулраад байвал ард түмэн, улс үндэстэн салан бутрах эрсдэл нэмэгдсээр байх болно.
Д.Бум-Очир
ШИНЭ МЭДЭЭ



