МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС ДАХЬ “ХҮНИЙ ЭРХ” БҮРЭН ХАНГАГДАВ
2025.06.26
Хууль, эрх зүй

ЭРҮҮГИЙН ПРОЦЕСС ДАХЬ “ХҮНИЙ ЭРХ” БҮРЭН ХАНГАГДАВ

Хүнийг гэрчээр дуудаж мэдүүлэг авчхаад сэжигтэн болгодог, цагдан хорих болсон үндэслэл, нотлох баримттайгаа танилцуулдаггүй, яллагдагчаар татсан тогтоолыг бүрэн эхээр нь үзүүлдэггүй, яллагдагч шүүгдэгч шүүхэд нотлох баримт гаргах бололцоогүй байдаг зэрэг олон асуудлууд өнгөрсөн жилүүдийн туршид хүний эрх зөрчигдөх нөхцөл болсоор ирсэн.

Энэ бүхэнтэй өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ өмнөөс нүүр тулж, мөрдөгч, прокурор, шүүхийнхэнтэй үл ойлголцож яах ч аргагүй мухардалд ордог байсан нь нууц биш! 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг УИХ-ын чуулган 20250 оны 6 дугаар сарын 26-ний өдөр өдөр УИХ-ын чуулганы нэгсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. 

Хуульд туссан онцлох зохицуулалтууд

-Хүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол түүнийг гэрчээр дуудах, эсхүл түүнээс гэрчийн мэдүүлэг авахгүй байх, гэрчийн мэдүүлэг авах үед түүнийг гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн бол гэрчийн мэдүүлэг авахыг даруй зогсоох;

-Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч сэжигтнийг баривчлах, таслан сэргийлэх арга хэмжээ авах болсон үндэслэлд хамаарах нотлох баримттай таслан сэргийлэх арга хэмжээний талаарх шүүхийн хэлэлцүүлгээс өмнө урьдчилан танилцах;

-Хүн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах хүрээнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан талаарх тогтоолын хувийг бүрэн эхээр нь мөрдөгчийн зүгээс яллагдагчид гардуулан өгөх;

-Төрийн нууцад хамаарах мэдээлэл агуулсан шүүх, прокурорын шийдвэрийг оролцогчид бүрэн танилцуулж, гардуулан өгөхдөө төрийн нууцад хамаарах хэсгийг уншигдах боломжгүй байдлаар нууцалж, гардуулан өгөхөөр хуульд тусгасан;

-Шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дууны, дуу-дүрсний бичлэгийг прокурор, өмгөөлөгч хуулбарлан авах эрхийг баталгаажуулсан;

-Мөрдөгч, прокурор яллагдагч, шүүгдэгчийг цагаатгах, хэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй бол яллагдагч, шүүгдэгч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд гаргах боломжийг нээсэн

-Шүүх, прокурор, мөрдөгч яллагдагч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангасан, эсхүл хангахаас татгалзсан бол энэ талаарх үндэслэлээ тухайн шийдвэртээ тодорхой тусгах асуудлыг хуульд тусгайлан тусгасан;

Хавтаст хэргийн материалтай танилцах хугацаа

  • Хамгийн багадаа ажлын 3 хоног; 
  • Үндсэн хугацааг 14 хоног; 
  • Шаардлагатай тохиолдолд 14 хүртэл хоногоор тухай бүр сунгана

ШИНЭ МЭДЭЭ