
Ж.Золжаргал: Эдийн засаг дахь төрийн оролцоог эрс бууруулах л хэрэгтэй!
Монгол Улсын түүхэнд анх удаа мэргэжлийн экспертүүдээс бүрдсэн 126 гишүүнтэй, таван намын төлөөлөл бүхий шинэ парламент бүрдсэнээр төлөөллийн зарчим илүү батажсан гэж болно. Тэдэнд УИХ-ын үйл ажиллагааг мэдрэхээс аваад нийгмийн шударга ёсны хүсэмжлэл дээд цэгтээ хүрсэн эгзэгтэй цаг үед хүний эрх, хуульт ёс, шударга байдлын зарчмыг хангасан хууль тогтоомжийг батлан гаргах хариуцлагатай үүрэг бий!
хаврын чуулганы хугацаанд таван хуулийн төсөл өргөн барив
Энэ хүрээндээ Ж.Золжаргал гишүүн УИХ-ын даргын захирамжаар 60 гаруй ажлын хэсэг гарснаас долоон ажлын хэсэгт орж ажиллав. Мөн хоёр байнгын хорооноос гарсан найман ажлын хэсэгт орж ажилласан байна. Төрийн үйлчилгээг хялбаршуулж хүнд ойртуулах, процессын дахин инженерчлэл, кибер аюулгүй байдал, Мэдээлэл, технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэрэгжүүлэх, ундны ус, ариун цэврийн байгууламжийн эрх зүйн орчныг сайжруулах, газрын тос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаатай холбоотой дүгнэлт боловсруулах, эрчим хүчний эрх зүйн орчныг сайжруулах, гадаадад байгаа монголчууд шуудангаар болон цахимаар сонгууль өгөх боломжийг хангах зэрэг ажлын хэсгүүдэд орж ажилласан байна. Түүнчлэн хаврын чуулганы хугацаанд таван хуулийн төслийг гишүүдтэй хамтран УИХ-д өргөн барьжээ.
төсөв тодотгож байгаа нь бодит үнэнтэйгээ нүүр тулж байгаагийн илрэл
Түүнчлэн Монгол Улсын 2025 оны төсвийн тодотгол орж ирсэн. Энэ асуудал дээр Ж.Золжаргал гишүүн зарчмын хувьд, "Төсөв тодотгох нь угтаа тийм ч гайхаад байх зүйл биш. Энэ бол зүй ёсны асуудал. Яагаад гэвэл хүлээж байсан орлого нь байхгүй болчихсон. Нүүрсний үнэ олон улсын зах зээлийн эрсдэлтэй байдлаас болоод унах эрсдэлтэй, унана гэж би ч ярьсан бусад гишүүд ч хэлсэн. Татварын орлого ч хиймэл байна шүү гэдгийг чуулганы индрээс шүүмжилж байсан. Энэ утгаараа өнгөрсөн жил төсвийн ажлын хэсэгт орж ажилласан байдаг. Тэгэхээр төсөв тодотгож байгаа нь бодит үнэнтэйгээ нүүр тулж байгаагийн л илрэл. Нүүрсний үнийг анх 149 ам.доллар гэж байсан. Дараа нь 105 болсон. Улмаар 80, 70 гэх мэт цаашаа явахаар байгаа. Ер нь цаашид төсвийг танах биш тэлж байж эдийн засаг өснө гэж ярьдаг. Гэхдээ бид нэг зүйлийг маш сайн ойлгочих хэрэгтэй. Монгол Улсын төсөв ДНБ-нд эзлэх хэмжээ хангалттай өндөр. Монголын нийт эдийн засагт төрийн оролцоо 80 хувийг давчихсан. Тэгэхээр цаашдаа эдийн засгаа тэлэхийн тулд яах ёстой вэ гэдэг нь тодорхой харагдаж байгаа биз. Энэ утгаараа төсвөө тэлж байж эдийн засгаа тэлнэ гээд явах юм бол төрийн оролцоо 80 биш бүр 100 хувь руу дөхнө. Энэ тохиолдолд энэ улсын нийгэм, эдийн засгийн байдал бүхлээрээ өөрчлөгдөх чиглэл рүүгээ явна гэсэн үг. Чөлөөт эдийн засаг байхгүй бол чөлөөт нийгэм ч хумигдана. Том зургаараа Монголын ардчилал өөрөө маш хүнд байдалд орно гэсэн үг. Тиймээс сонгож авсан замаа үргэлжлүүлээд явуулъя л гэж байгаа бол бид эдийн засаг дахь төрийн оролцоог эрс бууруулах л хэрэгтэй юм. Ингээд эдийн засгийг тэлэхдээ төсвөөр бус бизнесийг дэмжих, хувийн хэвшилдээ илүү том боломж олгох, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчнуудыг сайжруулах шаардлагатай" гэсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ



