МОНГОЛ, ХЯТАДЫН ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ АГУУЛГААР БАЯЖУУЛАН ХАМТРАН АЖИЛЛАНА
2025.07.03
Улстөр

МОНГОЛ, ХЯТАДЫН ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХАРИЛЦААГ ШИНЭ АГУУЛГААР БАЯЖУУЛАН ХАМТРАН АЖИЛЛАНА

Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. /2025.07.03/

Талууд энэ удаагийн уулзалтаар,

  • Манай хоёр улсын хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдийг цаашид тогтвортой урагшлуулж, бодит ахиц гаргах,
  • Уул уурхай, зам тээвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа,
  • Нүүрсний экспортын биет хэмжээг нэмэгдүүлэх зэрэг өргөн сэдвээр санал солилцлоо.

Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт,

Манай хоёр улсын худалдааны эргэлт 2024 онд түүхэн дээд амжилт тогтоож, 19.05 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нь хоёр улсын төрийн тэргүүн нарын тохиролцсон хоёр талын худалдааг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт тун удахгүй биеллээ олно гэдгийг харуулж байна.

Энэхүү зорилтод хүрэхийн тулд хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, тэр дундаа нүүрс экспортыг нэмэгдүүлж, биет хэмжээг 100 сая тоннд хүргэхийг монголын тал зорьж байна гээд, хятадын талаас дэмжиж ажиллана гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ.

Түүнчлэн хоёр талын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд боомтын харилцан холболт чухал үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд талуудын хүчин чармайлтаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын холболтын ажлыг амжилттай тохиролцож, бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Цаашид Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудын төмөр замын холболтын яриа хэлэлцээг идэвхжүүлэх, Ханги-Мандал боомтыг төмөр замаар холбох асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд талууд цаашид Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулж, хамтран ажиллахаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ