МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

З.Мэндсайхан: Эрүүл, тайван амьдрахын тулд мэдэх эрхээ хангахаар тэмцэж буй иргэдээ гадна, дотны гар хөл хэмээн зарлаад сууж болохгүй!
2025.07.08
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

З.Мэндсайхан: Эрүүл, тайван амьдрахын тулд мэдэх эрхээ хангахаар тэмцэж буй иргэдээ гадна, дотны гар хөл хэмээн зарлаад сууж болохгүй!

Ховд аймгийн Мянгад сум болон зэргэлдээ аймаг, сумын иргэдийн дийлэнх нь "Халзан бүрэгтэй" төслийн үйл ажиллагааг эсэргүүцэж, тэмцэхээр сум орон нутгийн хэмжээндээ хяналтын сонсгол зохион байгуулаад 1 жилийн нүүрийг үзэж байна. 

Энэ хугацаанд иргэд болон хувийн хэвшил хоорондын маргаан газар авч, улс орны хэмжээний асуудал үүсээд буй. 

Учир нь олборлолт хийж эхэлбэл цацрагт идэвхт бодис идэвхжин Монголын цэвэр усны ай сав Их нууруудын хотгор орчмын байгаль, экологид сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй гэж нутгийн иргэд эсэргүүцэж, хурцадмал байдал үүсээд багагүй хугацаа өнгөрч байгаа боловч дээрх компаниуд бүс нутгийн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэл, түүнийг бууруулах талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь тодорхойгүй хэвээр байна.

“Халзан бүрэгтэй” ордын нөөцийг 1983 оноос судалсан бөгөөд 2004 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгосон байна. 

Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн нээлттэй мэдээллээс харахад тус ордын Бор толгой нэртэй 106.66 га талбайд MV-019329 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Монголиан лантаноиде корпораци" ХХК-д, Ар хүрэн нэртэй 91.39 га талбайд MV-012335 дугаартай, Халзан бүрэгтэй нэртэй 175.24 га талбайд МV-006911 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг "Монголиа нэшнл рийр ийрт корп" ХХК-д тус тус олгожээ.

Тус орд Лантан (La), Церий (Се). Иттри (У), Диспрози (Dy), Неодим (Nd) зэрэг газрын ховор элемент агуулсан 5.0 сая тонн хүдрийн нөөцтэй гэсэн мэдээлэл бий.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан "Төр олгосон тусгай зөвшөөрлүүдээ хэрхэн хамгаалах бодлого барьдгийн тодорхой болгох нь зүйтэй. Төр лиценз олгосон бол түүнийгээ хамгаалдаг байх ёстой"-г онцоллоо.

Мөн түүнчлэн "Халзан бүрэгтэйн асуудалд ард түмэн маш эмзэг хандаж байна. Энэ асуудал иргэдийн болон хувийн хэвшил хоорондын зөрчил болж харагдаж байна.

Хоёр жилийн өмнө байх ёстой цацраг идэвхийн хэмжээ 8 дахин илүү байгаа нь хүн, амьтны эрүүл ахуйд сөрөг нөлөөтэй гэдгийг төр өөрөө очиж судлаад дүгнэсэн байдаг. Энэ нь амьдралд нөлөөлөх эсэхийг мэдэхийн тулд иргэд тэмцээд буй асуудал шүү дээ. Тиймээс сайд нь очиж энэ асуудалд тайлбар хийх ёстой. Сайдад асуулга тавьсан ч хариу ирүүлээгүй.

Иргэдийн мэдэх эрхээ эдлэхийн төлөө хийсэн үйлдлийг гадна дотны бүлэглэл байна гээд хэвлэлээр нүдээж сууж байх юм. Ийм бүлэглэл байгаа бол хууль зүйн сайд тогтоох хэрэгтэй. Эрүүл, тайван амьдралынхаа төлөө мэдэх эрхээ хангахын төлөөх иргэдийн тэмцлийг гадна дотны гар хөл хэмээн зарлаад сууж болохгүй" гэв

Өнөөдөр /2025.07.08/ Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Эдийн засгийн байнгын хороод хамтран хуралдаж, “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах ерөнхий хяналтын сонсголын 2025 оны есдүгээр сарын 10-нд зохион байгуулахаар товлолоо.

ШИНЭ МЭДЭЭ