
2025.07.01
Эрчим хүч
П.Батчимэг: Эрчим хүчний салбарын бүх төрлийн ажил үйлчилгээг сайд нь сонгон шалгаруулалт хийж шийднэ гэсэн агуулгатай хуулийг дэмжихгүй
Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн /2025.06.30/ хуралдаанаар “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг нийт 5 асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Цэнгүүнээс Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг хэлэлцэхийг хойшлуулах горимын санал гаргасныг УИХ-ын гишүүн П.Батчимэг дэмжлээ.
Тэрбээр "Тус хуулийн төсөлд “Эрчим хүчний төсөл” гэсэн нэрийн доор эрчим хүчний зураг төсөл боловсруулах, барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх бүх төрлийн ажил, үйлчилгээг Эрчим хүчний сайд өөрөө шууд сонгон шалгаруулах эрх олгосон зохицуулалт байгаа нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуультай зөрчилдсөн байх тул хойшлуулах саналыг дэмжиж саналаа өглөө" гэв.
ШИНЭ МЭДЭЭ


