
Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ
УИХ-ын чуулганы /2025.07.08/-ны өдрийн хуралдаанаар Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт хуулийн төслийг танилцууллаа.
Монгол Улс 1990 оноос зах зээлийн эдийн засагт шилжсэнтэй холбогдуулан 1996 онд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг анх баталсан бөгөөд уг хууль нь өдгөө нөхцөл байдалтай нийцэхгүй, нийгмийн харилцааны өөрчлөлт, хөгжлөөс хоцорсон тул эрх зүйн шинэчлэл, бодлогын баримт бичигт дэвшүүлсэн зорилтын хүрээнд нийтийн өмч, түүний дотор төрийн болон орон нутгийн өмчийн харилцааны зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх, хууль хоорондын давхардал, хийдлийг арилгах, төрийн болон орон нутгийн өмчийн ангилал, хэлбэрийг зохистой тогтоож, өмчийн удирдлага, бүртгэл, ашиглалт, хамгаалалт, хяналтын үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн нэрийг Иргэний хуульд заасан өмчийн төрөлд нийцүүлэн өргөжүүлж, нийтийн өмчийн суурь харилцааг зохицуулах хүрээнд “Нийтийн өмчийн хууль” гэж өөрчилж, нийтийн өмчийг удирдах зарчим, өмчийн зориулалт, ангилал болон өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх нийтлэг харилцааг зохицуулах эрх зүйн үндсийг бүрдүүлнэ. Ингэхдээ төрийн болон орон нутгийн өмчийн харилцааг тус хуулиар, харин олон нийтийн болон шашны өмчийн харилцааг уг хуульд нийцүүлэн тухайлсан хуулиар зохицуулахаар тусгасан болохыг С.Бямбацогт сайд танилцуулсан юм. Энэ хүрээнд хуулийн зорилтыг “нийтийн өмч, түүний ангилал, өмчийн удирдлага, нийтийн өмчид хөрөнгө олж авах, эзэмших, ашиглах, захиран зарцуулах, бүртгэл, тооллого, тайлагнал, хяналт, ил тод байдлыг хангахтай холбоотой нийтлэг харилцааг зохицуулах”-аар өргөжүүлэн тодорхойлсон байна.Хуулийн төсөл нь 9 бүлэг, 81 зүйлтэй хэмээгээд тэрбээр зарчмын өөрчлөлтүүдийн талаар Байнгын хорооны хуралдаанд дэлгэрэнгүй танилцуулав. Нийтийн өмч, түүний дотор төрийн болон орон нутгийн өмчийн удирдлага, зохицуулалт, хяналтын нэгдмэл байдлыг хангах зорилгоор хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлэхийн зэрэгцээ хуулийн үйлчлэлд хамаарахгүй боловч тухайлсан хуулиар нарийвчлан зохицуулах харилцааг бусад хууль тогтоомж болон эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан тодорхойлсон байна. Хуулийн нэр томьёог Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хуульд нийцүүлэн шинэчилж, төрийн болон орон нутгийн өмчийн харилцаанд баримтлах зарчимд өмчийн удирдлага нэгдмэл байх, өмчийн удирдлагыг хуулиар тогтоосон хязгаарлалтын хүрээнд хэрэгжүүлэх, тооцоо, судалгаанд үндэслэсэн, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн байх зэрэг тусгай зарчмыг шинээр тусгажээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн ангиллыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн шинэчилж, төрийн өмчийн өмчлөгч нь Улсын Их Хурал, орон нутгийн өмчийн өмчлөгч нь аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал байх зарчмыг хэвээр хадгалж, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч этгээдүүдийн эрх хэмжээний давхцал, ойлгомжгүй байдлыг арилгаж, харилцан уялдаатай байхаар тусгасан байна. Мөн Төрийн өмчийн хороо, Орон нутгийн өмчийн газрын хяналтын чиг үүргийг тодруулан хуульчилсан, түүнчлэн, Төрийн өмчийн хорооны бүрэлдэхүүнд хөрөнгийн удирдлага, хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэшсэн иргэнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилж ажиллуулах боломжийг бүрдүүлжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн өмчлөгч, өмчийн удирдлагыг хэрэгжүүлэгч, өмчийн эзэмшигч этгээдийн эрх зүйн байдлыг хөрөнгийн эрхийн байдалтай нь уялдуулан оновчилж тогтоосон байна. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн өмчийн удирдлага болон хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, гүйцэтгэх удирдлагыг томилох зэрэг асуудлыг төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай бие даасан хуулиар зохицуулахаар тусгасан хэмээн Монгол Улсын сайд С.Бямбацогт танилцуулсан юм.
Төрийн болон орон нутгийн өмчид хөрөнгө олж авах, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийг бусдад ашиглуулах, шилжүүлэх асуудлыг үр ашигтай, нээлттэй, ил тод байдлаар хэрэгжүүлэх журам, аргыг нарийвчлан тусгажээ. Энэ хүрээнд төрийн болон орон нутгийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, нийтийн эрх ашгийг хангах зорилгоор өмчийг ашиглуулах, шилжүүлэх үндэслэл, зорилго, гэрээний нөхцөл, талуудын хүлээх эрх, үүргийг тодорхой хуульчилж, өмчийг бусдын өмчлөлд шилжүүлсний дараа хэрэгжүүлэх хяналтын зохицуулалтыг төсөлд шинээр тусгасан гэв.
Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэлийн нэгдмэл тогтолцоо, түүний бүрдэл хэсгийг тодорхойлж, хөрөнгө бүртгэх, тоолох, үнэлэх үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ. Төрийн нийтийн өмчийн нэгдсэн бүртгэл, тооллого, төрийн болон орон нутгийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн дагнасан бүртгэлийг хийх, хөрөнгийн өөрчлөлт, хөдөлгөөн, хөрөнгө эзэмшигчийн мэдээллийг нээлттэй байлгах хууль зүйн үндэслэлийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалтын хяналт шалгалт, сахилга, хариуцлагын үр нөлөөтэй тогтолцоог бүрдүүлж, өмчлөгч болон төрийн хяналтыг хэрэгжүүлэх журмыг нарийвчлан зохицуулж, Улсын Их Хурал, Засгийн газар, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга болон Төрийн өмчийн хороо, орон нутгийн өмчийн газраас хяналт хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндэслэл, журмыг тодорхойлсон аж.
Төрийн болон орон нутгийн өмчийг удирдах үйл ажиллагааны ил тод байдал болон олон нийтийн хяналтыг нэмэгдүүлэх зорилгоор өмчийн бүртгэл, тайлагналттай холбоотой журмыг шинэчилж, өмчийн бүртгэл, хөдөлгөөн, өмчийн ашиглалтын менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэл, хяналт шалгалтын талаарх мэдээллийг тусгасан төлөв байдлын тайланг гаргаж, Улсын Их Хурал, иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах, тайланг олон нийтэд нээлттэй байршуулах талаар нарийвчлан тусгасан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн бүртгэл, тооллого, үнэлгээ, өмчийн хөдөлгөөн, тайлан, хяналт шалгалттай холбоотой мэдээллийг төвлөрүүлсэн цахим систем, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, эрхлэн хөтлөх, хөгжүүлэх, мэдээллийг баталгаажуулах болон хадгалалт, хамгаалалтыг хэрэгжүүлэх журмыг хуульчлах шаардлагатай хэмээн үзэж, төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар төрийн болон орон нутгийн өмчийн төрөл, хөрөнгийн ангилал, өмчлөх эрх болон өмчийн удирдлага хэрэгжүүлэх субьектийн чиг үүрэг, үйл ажиллагааны үндэслэл, журам тодорхой болж, төрийн болон орон нутгийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, үр ашиг, үнэлгээг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ хэмээн Монгол Улсын сайд С.Бямбацогт танилцууллаа. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн харилцаатай холбоотой хууль хоорондын хийдэл, зөрчил арилж, төрийн нийтийн өмчид хамаарах газар, байгалийн баялаг болон бусад өмчийн хөрөнгийн удирдлагын нэгдмэл тогтолцоо хангагдаж, Монгол Улсын Үндсэн хуулиар тодорхойлсон байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчим бодитой хэрэгжих суурь нөхцөл бүрдэнэ хэмээн тооцсон байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг байнгын хорооны санал дүгнэлтийг танилцууллаа.
ШИНЭ МЭДЭЭ





