МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2025.06.26
Эдийн засаг, Худалдаа

Ж.Баясгалан: 2026 онд инфляц 7 хувь байна гэдэг хэтэрхий өөдрөг төсөөлөл биш үү. Жаахан бодитой тооцоололтой байхгүй юм уу?

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.06.26/ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баясгалан асуулт асуув.

Засгийн газраас өргөн барьсан төсөлд инфляц энэ оны эцэст өмнөх оны мөн үеэс өрхийн цахилгааны төлбөр, орон сууцын түрээсийн зардал болон хувцасны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэж үзсэн байгаа.Хэрэглээний үнийн түвшнийг төсөлд тусгаснаар 2025 онд 9,5%, 2026 онд 7%, 2027 онд 6,4% байхаар өөдрөгөөр төсөөлсөн байна. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс инфляцыг 2026 онд дунджаар 8,2% 2027 онд 7,2% 2028 онд 6,8% байхаар төсөөлөл гаргасан байгаа. Монгол Банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэл хийхдээ Монгол банкны төсөөллөөр бол инфляц энэ оны сүүлээр 2 оронтой тоо руу орж магадгүй. Мөн бизнес эрхлэгчид хоёр оронтой тоонд орчихсон гэдгийг хэлсэн. Инфляцад нөлөөлөх нөлөөллүүдээ хэрхэн тооцсон бэ? Жишээ нь нүүрсний үнэ буурахад гадаад валютын нөөцийн хэмжээнд нөлөөлөөд улмаар инфляцад бол нөлөөлнө. Тиймээс энэ эрсдэлийг яаж тооцсон. Валютын ханшны өөрчлөлтийг хэрхэн тооцсон бэ?

Хоёрдугаарт хүнсний барааны бүлгийн үнэ 9,2%-аар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 9,7%-аар, үйлчилгээний бүлгийн үнэ 16,4%-аар өссөн. 2025 оны 5 сарын 26-ны байдлаар гол нэрийн барааны үнэ өмнөх оны үеэс 1,3 өссөн. 2025 онд цахилгаан нэмэхэд л инфляц маш их хөдөлсөн. Гэтэл одоо 2026 оны 1 сарын 1-нээс эхлээд аж ахуй нэгж байгууллагуудын дулааны тарифыг нэмнэ. Халуун, хүйтэн ус, бохирын тарифыг нэмнэ гээд нийтэд зарлачихсан. Тэгэхлээр инфляцад тодорхой хэмжээгээр нөлөөлнө шүү дээ. Энд нөлөөлж байхад 7% гээд дахиад ороод ирдэг. Энэ жилийнх шиг 7,2% байж байгаад л 9,5% гэж өөрчилж байгаа шиг. Дараа жил дахиад л энийгээ өөрчлөх юм уу? Ер нь бодитой тал руугаа оруулж болохгүй юу? 2026 онд хамгийн наад зах нь л халуун, хүйтэн ус, дулааны үнэ нэмчихлээр бүх л үйлчилгээ нэмэгдэнэ. Бүх л юмны үнэ дахиад өснө. Инфляц 7% байна гэдэгт ерөөсөө итгэхгүй байна. 

Түүний асуултад, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ