Үндэсний хорооны даргын орон тоог хасаж, үйл ажиллагааг нь зарим яамдад шилжүүлэхээр тусгалаа
2025.06.26
Улстөр

Үндэсний хорооны даргын орон тоог хасаж, үйл ажиллагааг нь зарим яамдад шилжүүлэхээр тусгалаа

Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслүүдийг УИХ-ын чуулганы 2025.06.25-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА.

Дээрх хуулийн төсөлд:

  • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо,
  • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо,
  • "20 минутын хот" Үндэсний хорооны даргын орон тоог хасаж, үйл ажиллагааг нь зарим яамдад шилжүүлэхээр болсон юм.

Тодруулбал, Боомтын сэргэлтийн Үндэсний хороог Сангийн сайдад, Хяналт, Үнэлгээний Үндэсний хороог Тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайдад, "20 минутын хот" Үндэсний хороог Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайдад тус тус шилжүүлэхээр тусгасан.

Тэгвэл хуулийн төслийн УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэж, эцэслэн батлах санал хураалт явуулахад, гишүүдийн олонх нь дэмжсэнээр дээрх хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.

Хуулийн төслийг хэлэлцэх явцад илэрхийлсэн гишүүдийн байр сууриас тоймлон хүргэвэл:

ТӨК-удыг 50% бууруулах бүрэн боломжтой

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн

Ерөнхий сайд та анх томилогдоод амлалт өгч байсан. ТӨК-удыг 50%-аар бууруулна гээд. ТТӨК-иуд болон орон нийтийн өмчит компаниуд нийлээд 450 орчим байгаа юм. Таны шууд удирдлага доор төрийн өмчит бодлого зохицуулалтын газар дээр 99 компани байгаа. Энэ 99 компанид 58 мянган хүн одоогоор ажиллаж байна. Нийтийн үйлчилгээний албан хаагчид биш зүгээр зах зээл дээр ажиллаж болох байсан 58 мянган хүн төрийн өмчийн компанид ажиллаж байна гэдэг нь манай ажиллах хүчний хомсдол үүсгэж байгаа хамгийн том шалтгаануудын нэг. 99 компани дотор 6 төрлийн салбар дээр компаниуд үйл ажиллагаа явуулж байгаа. Зах зээлээр нь хуваагаад үзвэл, 17 ТӨК зүй, ёсны, монопол зах зээл дээр ажиллаж байна, 55 ТӨК хагас өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж байна. 27 ТӨК бүрэн өрсөлдөөнт зах зээл дээр ажиллаж байгаа.

Нийт 99 ТӨК-ийн 83 нь алдагдалтай буюу хасах баланстай гарсан байна. Эндээс харахаар хамгийн амархнаар шийдэх боломжтой буюу 27 ТӨК чөлөөт зах зээл дээр өрсөлдөөд явах боломж бүрэн харагдаж байгаа юм. Хагас өрсөлдөөнт зах зээл дээр байгаа 55 компанийнх нь хувьд энэ бизнесийнийхний хувийн хэвшлийн боломжийг нь хязгаарладаг бодлогууд, дээрээс нь ТӨК-уд дээр олгодог давуу талуудыг нь хасаад өгөх юм бол хагас өрсөлдөөнд зах зээлүүд чөлөөлөгдөөд өгч болно. Төрийн өмчийн менежментийн шинэчлэлийг өмчийн бүтцийн өөрчлөлттэйгөөр нь бүтэн хийх боломжтой. Судалгаанууд нь бүрэн хийгдээд гараад ирчихсэн байгаа. Би Ар Би-гийн санхүүжилт дээр маш сайн зөвлөгөөнүүд гарсан. байна. Энэ дүгнэлтүүд дээр үндэслээд ТӨК-удыг 50% бууруулах бүрэн боломжтой байгаа юм.

ЗГ-ын бүрэлдэхүүнийг өөрчлөх бүрт хэлэлцүүлэг хийгдэхгүйгээр төсөв тавьдаг "том цонх" нээгдэхээр харагдаж байна!

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин

Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5 дугаар заалтаар дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл батлагдсанаас хойш 3 сараас доошгүй хугацаанд тухайн жилийн төсвийн төсөлд төсвийн тодотголын төсөл өргөн мэдүүлэх, батлахыг хориглохоор заасан байгаа. 7.6-д нь энэ заалтад хамруулахгүй 2 зүйлийг тусгасан нь гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөл байдлын үр дагаврыг арилгах гэсэн дээр нэмж Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбоотойгоор төсөв, төсвийн тодотгол батлахад энэ 7.5 дугаар заалт хамаарахгүй байхаар хуулийн төсөл өргөн мэдүүлсэн байна.

Тухайлбал, Сайд нарын эрхлэх асуудал өөрчлөгдөхөд, Засгийн газрын агентлаг, хороо байгуулах гэх мэт асуудлыг ярилцах үед олон нийтийн хэлэлцүүлэг хийхгүйгээр төсвийн тодотгол хийж зардлыг нэмэгдүүлэх юмуу бууруулах боломж нээгдэж байгаа. Энэ заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгч Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хууль батлагдсантай холбоотойгоор гэсэн ерөнхий заалтыг Засгийн газар шинээр байгуулагдсантай холбоотойгоор гэж өөрчлөх саналтай байна.

Хоёрдугаарт, Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн 1.1 дүгээр хэсэгт Хууль тогтоомжийн гэснийг Хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, шийдвэрийн гэж өөрчлөхөөр тусгасан байна. Хуулийн төслийн үзэл баримтлал дээр нь харахаар Шадар сайдын буюу Эдийн засаг, хөгжлийн сайдын асуудал, хөгжлийн бодлого төлөвлөлтийн баримт бичиг, ЗГ-ын үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, Хэрэг эрхлэх газрын даргын асуудалд хууль тогтоомж, ЗГ-ын шийдвэрийн биелэлтэд хяналт тавих асуудал гэж тусгажээ. Гэтэл ЗГ-ын тухай хуулийн 33.1.12-т ЗГХЭГ нь хууль тогтоомж, ЗГ-ын шийдвэрийн биелэлтэд тавих хяналт шалгалтыг зохион байгуулна гэсэн заалтыг 2024 оны 7-р сарын 10-нд энэ заалтыг хүчингүй болгосон. Тэгэхээр энэ нь цаашид аль субьектэд хамруулж хяналт тавих вэ?

Төрийн аливаа шийдвэр гэнэтийн баймааргүй байна

УИХ-ын гишүүн Ц.Идэрбат

Төрийн аливаа шийдвэр гэнэтийн баймааргүй байна. Гэнэтийн шийдвэрүүд ард иргэдэд ямар их хүндрэл учруулдгийн тод жишээ нь тэтгэврийн зээлийн асуудал. Ямартай ч нэг жил нь хоёр жил боллоо. 470-ыг авч үлддэг нь 50/50 хувь боллоо. Гэсэн ч ахмадууд шаардлага тавьсаар байна. Цомхотголын асуудал яригдаад байгаа. Цомхотгол гэнэт хийгдэнэ гэдэг нь үүний цаана хүн байгаа. Орон нутагт албан бичиг очоогүй ч байгууллагуудаас нь мессэж очоод байгаа юм билээ. Манай байгууллагаас тэдэн хүн хас, нэрсийг нь явуул гээд. Ямар азгүй нь тэр нэрсийн дунд орж амьдрал ахуй нь хэцүү байдалд орох вэ? Цомхотголыг эхнээс нь ингэж хиймээргүй байна. Аймаг, сумдын Тамгын газар, сургууль, цэцэрлэг бүгд хатуу орон тоотой. Толгой мэдэж хүн нэмсэн дарга нэг ч үгүй. Харин хаана замбараагүй байдал үүсдэг вэ гэвэл яамдынхаа ажилчдын тоог мэдэхээ больтлоо томорчихсон, агентлагууд нь томорчихсон эдгээр газруудаасаа эхлээсэй гэж бодож байна. Орон нутагт хатуу тоо тавиад л, 9 хүн хасаарай, нэрийг нь явуул гээд яаруулаад байна гэж байна. Иймэрхүү гэнэтийн цомхотгол битгий байгаасай. Төрийн албан хаагчдын 36 сарын тэтгэмжийн асуудал төсвийн хэмнэлтэд битгий ороосой гэж хүсэж байна. Үүнийг чинь авах гэж сүүлийн 10 жил гүрийгээд ажиллаж байгаа төрийн албан хаагч нар олон байдаг юм шүү. Аливаа юмыг засах гэж байгаа бол хэзээнээс эхэлж, хэрхэн яаж уян хатан явахыг тодорхой болгож байхгүй бол нэг л өдөр тас буугаад хорьчхож болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ